Орон даяар гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио өнөөдөр 16.00 цагт дуугарна. Энэ үеэр иргэдийг гамшгийн үеийн бэлэн байдлын дадлага сургуульд идэвхтэй оролцохыг ОБЕГ-аас уриалав.
ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог гурван удаа дамжуулах бөгөөд иргэд нэгдсэн зохион байгуулалтад орж дадлага сургуульд оролцох юм.
Энэхүү сургууль нь газар хөдлөх, болон томоохон хэмжээний аюулын үзэгдэл, осол тохиолдоход гэр бүлээрээ хамтран боловсруулж гаргасан төлөвлөгөөгөө турших, өрх гэрийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх ач холбогдолтой юм.
Гамшгийн дохио дуугарах үед иргэн та дараах дүрмийг баримтлан дадлага сургуульд оролцоно:
Эхний дохио дуугарахад, иргэн та “суу, нуугд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж аль болох шил, цонхноос хол, бат бөх ширээн доогуур орж бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангаж түр хүлээнэ. Хэрэв та гудамжинд явж байвал, гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламж зэргээс холдож биеэ хамгаалан сууж түр хүлээх юм. Харин тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч, тээврийн хэрэгслийг унтраана.
Дараагийн дохио дуугарахад, анги хамт олноороо байгаа бол толгойгоо халхлан, яарч сандралгүй нэгийн цуваанд орж баруун гар талаа барьж, “гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмээ баримталж, байгаа газраасаа гарч, аюулгүй талбайд цугларна. Гарахдаа цахилгаан шат ашиглахгүй байхыг анхаарна уу.
Сүүлийн дохио дуугарахад, та өөрийн харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж, гэр бүлийн гишүүд, анги хамт олны мэдээллийг үнэн зөв тодорхой өгөх үүрэгтэй.
Монгол Улс тэр тусмаа Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог учраас иргэд өөрийгөө болон гэр бүл, ойр дотны хүмүүсээ авран хамгаалах, бусдад туслах мэдлэг чадварыг эзэмшсэн байх нь чухал юм.
Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон шийдвэрлэсэн. Харин Засгийн газрын 2011 оны 339 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-д зааснаар жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагийн 16 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль хийж, бэлэн байдлыг ханган ажиллана гэж заасан байдаг аж.