Монгол Улсад амьдардаг казахуудын үндэсий баяр болох Наурызын баяр өнөөдөр тохиож байна. Наурыз гэдэг Перси гаралтай vг бөгөөд нау-шинэ, рыз-өдөр буюу шинэ өдөр гэсэн утгатай юм. Энэ утгаараа Цагаан сартай ижил төстэй гэж ойлгож болно.
Казах хэлэнд “Наурыз” гэдэг үг олон түмний баяр цэнгэл, байгаль дэлхий өвлийн нойроос сэрж, өдөр шөнө тэнцдэг өдөр хэмээх утга агуулдаг. Тус баярыг Дундад Азийн Казах, Киргиз, Туркмен, Тажик, Афганистан, Иран, мөн Кавказын лалын шашинтай орнууд тэмдэглэн өнгөрүүлдэг. Наурызын баярын өдөр айл болгон хоол унд элбэг дэлбэг бэлтгэж, бие биедээ зочилж, идэж ууж, дуулж хуурддаг.
Бие биедээ “Улыс он болсын, ак мол болсын” гэж ерөөн мэндэлнэ. Мөн хүүхэд залуус нь үндэсний тоглоом тоглож, эрчүүд нь “Көкпар” буюу тулам булаалдана. Энэ баярыг нарны баяр, хаврын баяр гэх мэтээр улс оронд янз бүрээр нэрлэнэ. Наурыз нь тухайн улс үндэстний ёс заншилд өөрийн гэсэн байр суурь эзэлдэг баяр юм. Эрчүүд хоёр гараа барилцан бие биедээ цээжээрээ хүрэн золгодог Казах түмний дундах домог яриагаар гуравдугаар сарын 21-ний өдөр бурхан бууж ирж цэмцийсэн цэвэрхэн айлд орж ирвэл тэр жилдээ өвчин зовлонгүй, гай гамшиггүй сайн сайхан байдаг” гэсэн ойлголтоор Наурызыг угтан гэр орон, эд хогшил, орчин тойрноо цэвэрлэдэг.
“Буян хишиг, эв нэгдэл жилийн эхээс эхтэй” гэж vзээд бүтэн жилийн турш идээ цагаа элбэг дэлбэг, хур бороо ихтэй байхыг ерөөж, шөнө бvх сав суулгаа сүү тараг, ингэний хоормог, уураг зэрэг цагаан идээ, буудай арвай, шар будаа, эрдэнэ шиш зэрэг будааны төрөл болон булгийн тунгалаг усаар дүүргэж тавьдаг. Энэ өдөр цас бороо орвол тэнгэрийн хишиг орлоо хэмээн бэлгэдэж ирж буй жил сайхан жил болно гэж баярлана. Наурызын өдөр орсон цас гойд цагаан өнгөтэй, хөвөн мэт зөөлөн байдаг учраас “цалин цагаан цас” хэмээн нэрлэдэг. Тиймээс казах хэлэнд зан ааш сайтай сайхан эхнэрийг “Наурызын цалин цагаан цас шиг” хэмээн зvйрлэдэг.
Наурызыг тэмдэглэх ёс
Гуравдугаар сарын 22-ны өдрийн өглөө мандах нарыг харж, түүнийг хүлээн авахаас Наурыз эхэлдэг. Дараа нь, ахан дүүс, төрөл төрөгсөдтэйгөө золгодог. Эрчүүд хоёр гараа барилцан бие биедээ цээжээрээ хүрэн золгодог бол эмэгтэйчүүд хоорондоо тэврэлдэн золгоно. Эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо зөвхөн гар барилцан золгох аль эсвэл хоёр гараараа мэндчилэн, цээжээрээ хүүрч золгодог нь “амь насны минь түшиг-цээж минь, амьдралыг тэтгэгч хоёр гар минь эрүүл энх байг” гэсний бэлгэдэл юм.
Айл болгон сүү цагаан идээ, будаа, мах зэрэг долоон төрлийн амттанаар ширээгээ засдаг. Долоон төрлийн зүйлээр амталсан “мах, давс, ус, аарц, будаа, буудай, сонгино” наурыз-көже буюу Наурызын шөлөөр зочдоо дайлах ёстой. Уламжлал ёсоор хүн бvр айл болгонд зочилж, Наурызын шөлийг цадатлаа уух ёстой. Энэ нь жилийн турш цатгалан байг гэсэн бэлгэдэл ажээ.
Нэг үгээр хэлбэл, Цагаан сараар айл болгоноос бууз иддэг бол Наурызаар айл болгоноос шөл ууна гэсэн vг юм. Мэдээж мах болон бусад хоол байсан ч шөл заавал ууна. Наурызын өдөр гэр орноосоо хол, замд яваа хүн болон зочлон орж ирж чадаагүй өндөр настан буурлуудад өөрсдийн хувийг заавал үлдээнэ. Архи дарс хэрэглэх ёсгүй. Тэр тусмаа ахмад настнуудын дэргэд архи үнэртүүлэхийг хатуу хориглодог. Мөн мөнгө төгрөгөөр золгох, бэлэг сэлт өгөх, авах ёс байхгүй. Үүгээрээ Цагаан сарын баяраас ихээхэн ялгаатай гэж хэлж болно.
Орой болж, нар жаргах үед нийтийн дунд хоёр найрагч гарч, муу, сайн, дулаан хүйтэн, өвөл зуны тэмцлийг дүрслэн үзүүлсэн харилцаа тэмцээ буюу “Айтыс” эхэлдэг. Харанхуй болмогц энд тэнд түүдэг асаан тойрон бүжиглэн дуулж хуурдацгаадаг. Үүнийг “Алатау” буюу галд шүүртэх галаар ариусгах ёслол гэж нэрлэнэ. Залуучууд шөнөжин ардын уламжлалт тоглоом тоглон наадна. Үүр цайх үед бүгд ойролцоо орших аль нэг дэнж ууланд гарч ургах нараа угтан авна. Урган гарах улаан нарыг баяр баясгалантай тосч, буян хишгээ хайрла хэмээн сүү цагаан идээнийхээ дээжийг өргөн гэр гэртээ харьцгаадаг.
Наурызын баяр ёс төр ихтэй. Ширээн дээр эсвэл газарт дэлгэсэн том алчуурыг дастархаан гэнэ. Түүн дээр долоон төрлийн идээ будааг багтаж ядтал нь өрнө. Гол байрыг баварсаг буюу боорцог эзлэнэ. Цайгаа ууж, дастархаантай идээ будааг идсэний дараа том цартай мах байрыг нь эзэлнэ.
Мах идэхийн өмнө хүмүүс гараа бүлээн усаар угаана. Дараа нь, хүн бүр хоёр алгаа дэлгэж хамгийн ахмад нь эрүүл энх байж, сайхан хоол зооглож байхын ерөөл тавьж тэнгэр бурхандаа талархал илэрхийлнэ. Гэрийн эзэн махыг жижиглэн хэрчинэ. Хонь, үхрийн мах, казыг хамтад нь чанана. Махаа идэж дууссаны дараа шөлөнд чанасан көже гэх аарцтай будааг аягалан хvн бүрт барина. Дараа нь сайхан үгс хэлэлцэж, хүссэн хэмжээгээрээ идэж, ууж хөөрөлдөн домбороо хөглөн дуулж хуурдан хөгжимдөнө. Гэрийн эзэн, эзэгтэй нар зав зай өгөхгүй ид, уу гэж шахна. Ер нь, бүх л казах айл ийм байдаг. Тэд зочныг яриа хөөрөөтэй, ууж, идэхдээ нэрэлхэхгүй байвал талархдаг юм байна