Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Өнөөдөр эхийн ачийг хариулах өдөр

Өнөөдөр БУРХАН БАГШ ЭХИЙН АЧИЙГ ХАРИУЛСАН ИХ ДҮЙЧЭН ӨДӨР ажээ.

Энэ өдөр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн Гандан дуганд өглөө 09.00-17.00 цаг хүртэл Бурхан багшийн чого хурна.
Цогчин буюу Очирдарийн дуганд 11.00-19.00 цагийн хооронд Дэмчигийн чого давхар хурах юм байна.
Энэхүү их дүйчэн өдрөөр эцэг, эхийнхээ ачийг санан санан, ижий аавыгаа Гандан хийдэд авчирч, ном буян хураалгаж, баярлуулаарай. Мөн өөрсдөө ижий аавынхаа ачийг хариулахын тухайд хурал номд даган баясаж, эргэл мөргөл хийж, ээж аавдаа туслаж, бусдын тусыг бүтээж, буян номд хичээн шамдаарай хэмээн “Жавзандамба хутагт төвийнхөн” зөвлөж байна.

Бурхан багш 33-н тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар 33-н тэнгэрийн орноо залран очиж, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын өглөгөөр ээжийгээ орчлонгоос гэтэлгэж, нирвааны хутагт хүргэн, ээжийнхээ ачийг хариулаад, намрын адаг сарын 22-ны өдөр 33-н тэнгэрийн орноос эргэж Замба тивд залран ирсэн түүхтэй. Тэр цагаас хойш намрын адаг сарын 22-ны өдрийг “Эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр” хэмээн Бурханы шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэж, энэ өдөр эцэг эхийн ачийг санаж, буян номд шамддаг уламжлал тогтжээ.
Энэ хорвоод эцэг, эх шиг ачтан үгүй. Ижий аавынхаа ачийг хариулах хамгийн дээд арга бол ээж аавынхаа ачийг санаж, ариун буяныг үйлдэж, хилэнцэт нүглийг тэвчих юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *