1988 онд Дэлхийн эрүүл мэндийн ассемблейн 32 дугаар чуулганаас тамхины хэрэглээ болон тамхины утаанаас үүдсэн хор хөнөөл, байгаль орчин, эдийн засагт үзүүлэх хор хөнөөл, гамшгаас хойч үеийнхнийг хамгаалах зорилгоор тавдугаар сарын 31-ны өдрийг “Тамхины эсрэг Дэлхийн өдөр” болгон зарласан бөгөөд жил бүр тодорхой уриатай тэмдэглэдэг.
Дэлхийн тамхины эсрэг өдрийг энэ жил Тамхинаас гарахаар шийд! уриан дор тэмдэглэн тамхины эрүүл мэнд, эдийн засаг, нийгэмд үзүүлэх эрсдэлийг тооцож, Тамхигүй дэлхий болохыг уриалж байна.
Тамхины хэрэглээ дэлхий даяар цар тахлын хэмжээнд хүрч жил бүр тамхидалтын улмаас 8 сая гаруй хүн амь насаа алдаж байгаа бөгөөд эдгээрийн 1.2 сая нь дам тамхидалтын шалтгаантай байна. Эдгээр тохиолдлын ихэнхийг хөгжиж буй улс орны хөдөлмөрийн насны /30-69 нас/ хүн ам эзэлж байна.
Монгол Улсын хүн амын 24.2 хувь /эрэгтэй 43.7 хувь, эмэгтэй5 хувь) тамхи татаж байгаа бөгөөд тэдгээрийн 96.8 хувь нь тамхийг өдөр бүр тогтмол татаж байна. Мөн 10 хүн тутмын 3 нь /32.8 хувь нь гэртээ, 4 хүн тутмын 1 нь 22.6 хувь/ нь ажлын байрандаа дам тамхидалтад өртөж байна.
Манай улсад төдийгүй дэлхий даяар нас баралтын тэргүүлэх шалтгаан болоод байгаа зүрх судасны өвчин, хорт хавдар, амьсгалын замын архаг өвчин, чихрийн шижин зэрэг сэргийлж болох халдварт бус өвчнүүдийн хамгийн том шалтгаан нь тамхидалт юм.
Та өөрийн болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалж тамхиа хаях шийдвэрийг гаргаарай.