Мөсөн уулан дээр хэвтэн дугхийж буй цагаан баавгайн дүр зураг олны сэтгэлийг татсанаар Зэрлэг ан амьтдын 2023 оны шилдэг зурагчны шагналыг эзэндээ авчирчээ.
Британийн гэрэл зураг сонирхогч Нима Сарихани Норвегийн Свальбард арлын ойролцоо камерын дурандаа буулгасан “Ice Bed” нэртэй зургаараа тус шагналыг хүртсэн байна.
“Уур амьсгалын өөрчлөлт бидэнд тулгамдаж буй хамгийн том сорилт болоод байгаа энэ үед энэхүү зураг маань хүн төрөлхтний бий болгосон эмх замбараагүй байдлыг засаж залруулах цаг байсаар байгаа гэдгийг харуулна гэж найдаж байна” хэмээн тэрбээр ярилаа.
“People’s Choice Award” наадмыг зохион байгуулагчдын мэдээлснээр, энэ удаагийн тэмцээнд ирүүлсэн бүтээлүүдэд 75 мянга гаруй хүн санал өгсөн нь наадмын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.
Шилдгээр шалгарсан “Ice Bed” зургийн хувьд эцсийн шатанд тунан үлдсэн 25 зургаас хамгийн олон санал авчээ. Зэрлэг ан амьтдын оны шилдэг зурагчны шагналыг Лондон хотын Үндэсний түүхийн музейгээс олгодог билээ.
Ялагчийн бүтээлээс гадна дөрвөн зураг олны таашаалд ихэд нийцсэн бөгөөд эдгээр таван зургийг Үндэсний түүхийн музейд ирэх зургаадугаар сарын 30 хүртэл дэлгэн үзүүлэх ажээ.