Намрын навчсаас би зүйргүй олон өнгө түүдэг. Хөл доор хөглөрөх зүс бүрийн өнгөтэй навчис яг өдийд хотын гудамжийг гэрэлтүүлж байгаа. Зам дагуу ургасан моддын дор, сургуулийн хашаан дотор, олны цуглах дуртай цэцэрлэгт хүрээлэнд гээд хаа сайгүй. Шар, шаргал, улаан, улбар, цагаан, цайвар гээд олон өнгийн навчис нийлэхээрээ ямар өвөрмөц өнгө будаг үүсгэдэг гэж санана. Намрын энэ агшинд би дуртай. Гудамжаар алхах бүр сайхан. Өнгө өнгөөр харц булаах тэр навчсын гэрэлд бодол хөглөгддөг болохоор, урьд эртийн гэгээн мэдрэмж сэргэдэг учраас учиргүй догдолдог.
Ирэх хавар таатай үнэр сэнгэнүүлэн дахиад нахиалах учраас тэр навчсын дээр зөрөг гартал алхдаг. Гудамжинд хөглөрөх навчис удахгүй цасанд дарагдана. Тэгээд ирэх хавар цайвар ногоон өнгийн жижигхээн нахиа болж дэлгэрнэ. Хүний амьдрал ч ялгаагүй. Яг навчис шиг ирж буцдаг. Буцах нэгэн байхад дуу хадаан мэндлэх нялхас өчнөөн. Ийм учраас амьдралд хүн бүр дурладаг, амьдралыг хөгшин хөвөөгүй хайрладаг. Хүний амьдрал шиг ирээд л, буцаад л, ирээд л байдаг учраас намрын өнгө өнгийн навчис ийм мэдрэмж төрүүлдэг.
Ц.БААСАНСҮРЭН