Жил бүрийн долдугаар сард Нагояа хотод болдог Долоон сарын башёо корона цар тахлын улмаас энэ жил Токио хотын Сумогийн төв ордонд эхлэлээ. Энэ сарын башёод Зүүний манлайг жаран ес дэх их аварга Хакүхо М.Даваажаргал барууны манлайг далан нэг дахь аварга Какүрюү М.Ананд нараар манлайлуулсан хорин хоёр монгол сумоч, дэвжээ тэргүүлдэг болон хоёр туслах Ояаката нийлээд нийт хорин зургаан монгол хүн Мэргэжлийн сумогийн холбоонд харьяалагдаж байна. Үүнээс 230 гаруй жилийн түүхтэй “Томозуна” дэвжээг манай анхны сумоч, Сэкивакэ Кёкүтэнхоо Н.Цэвэгням арван нэг дэх үе залгамжлагч болон тэргүүлдэг бол энэ оны гуравдугаар сард зодог тайлсан Өмнөд Монголын өөртөө засах орны Улаанхад хотын Баруун Бээрэн хошууны уугуул бөгөөд Макүүчи дээд зиндаанд амжилттай барилдаж байсан Соококүрай буюу Нөчигөд овгийн Энхтүвшин дөрөвдүгээр сараас “Арашио” дэвжээний Ояаката болсон билээ. “Арашио” дэвжээ нь Токио хотын төв дүүрэг Нихонбашид байдаг учир гадаад, дотоод жуулчдын үзэж харах газрын нэг нь болсоор. Бөхчүүд бэлтгэл хийж буй нь гаднаас цонхоор нь харагддаг учир аялагчид олон нийтийн сүлжээгээр зураг хөргөө цацаж, дэлхийд хамгийн их танигдсан сумогийн дэвжээ болсон юм. Жаран найм дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржтой нэг дэвжээнд барилдаж байсан Сумоч Сэкивакэ Асасэкирюү Б.Дашням буюу Нишикижима Ояаката өөрийн барилдаж байсан Такасога дэвжээндээ багшилж буй билээ. Мөн дээд зиндаанд барилдаж байсан Шёотэнро Д.Нямсүрэн буюу Китажин Ояаката болон Хүжишима дэвжээнд ажиллаж байна.
Ингээд энэ хавар зодог тайлсан элэг нэгт ахан дүүс болох Өмнөд Монголын бөх Н.Энхтүвшин буюу Арашио Ояакататай хөөрөлдсөн юм.
-Сумогоор барилдах болсон түүхээ дурсахад?
-Одоогоос хоёр, гуравхан жилийн өмнө Японы чөлөөт бөхийн болон Мэргэжлийн тулааны спортын тамирчин Ямамото Кит өвчний улмаар цэл залуугаараа тэнгэрт хальсан юм. Талийгаачийн хойд эх болох хятад хүүхэн нөхөр Ямамотод (Ямамото Китын төрсөн аав) Монголын мах цусны тасархай болох Өмнөд Монгол үндэсний уламжлалт бөхтэй гэж ярьж л дээ. Ямамото гуай манай багш хоёр нэлээн дотны найзууд болохоор нэг удаа оройн зоог хамт барих үед багшид Ямамото гуай эхнэрээсээ дуулсан учраас Өмнөд Монгол үндэсний бөхийн талаар хөөрч тэр үед ганцхан шавьтайгаар шинээр “Арашио” дэвжээг нээгээд хоёрхон жил болж байсан багш сумод Өмнөд Монгол хүн байхгүй тул шавь элсүүлье гэж шийдээд 2003оны дөрөвдүгээр сард Хөх хотод өөрийн биеэр бөх болчих хүн хайж ирсэн юм. Надаас өмнө сумод барилдаж буй Халх нутгийн сумочдын амжилт намайг сумод барилдахад тодорхой нөлөө үзүүлсэн. 2002 оны 11 дүгээр сар, 2003 оны анхны башёд Асашёорюү Д.Дагвадорж ах дараалан түрүүлж монгол хүн анх удаа сумогийн аваргаар тодорч, сумогийн түүхэнд цоо шинэ хуудас сөхөгдсөн халх сумочдын амжилт нь монгол хүүхэд дэвжээндээ барилдуулах Ояакатагийн сэтгэлийг өдөөсөн гэж би боддог.
-Тэгээд хэрхэн сонгож, шалгаруулж авав?
-Ояаката эрэл хайгуулаа алс хөдөө нутаг, хошуудаас эхэлж барилдчихаар хүүхэд хайж, харж, нэлээд яваад буцахынхаа өмнө манай Их сургуулийн жүдо, сонгомол чөлөөтийн тамирчдыг сонжоод, хамгийн эцэст чөлөөтийн бидний бэлтгэлийг үзэхээр ирсэн юм. Япон багшийн нүд шууд бид дундаас хоёр бөх дээр тусч та хоёр сумогоор барилдвал ядах юмгүй цолтой бөх болно гэж хэлчихээд гараад явчихсаныг би сүүлд дуулсан юм. Тэр хоёр хоёулаа бие бялдрын хувьд биднээс хол, сайхан хөгжсөн залуус байв. Би ч бодож санасан юмгүй багшийн нүдний буланд ч өртсөнгүй тэр өдөр бэлтгэлээ хийгээд нэлээн дараа Батмөнх дасгалжуулагч өрөөндөө дуудаж байна гээд очтол Гончиг багш бас чөлөөтийн шигшээгийн тамирчин нэг хошуу голын Алтан-Очир ах гурав сууж байна. Өнөөдөр япон багшийн оноосон хоёрын нэг нь хорин тавтай нас хөгшдөөд байна. Нөгөөх нь эхнэр, хүүхэдтэй явах боломжгүй. Ардаа татлаа түлхээ байхгүй нас залуу чи тохирч байна яв! гэв. Ахмад хүмүүсийн үг тэр тусмаа багш дасгалжуулагчдад шууд үгүй гэж зүрхэлж хэлж чаддаггүй би Японы сумо бөхийг мэдэхгүй хааяа сонины мэдээ олж хардаг. Ганц нэг удаа телевизээр харснаас өөр цааш мэдэхгүй гэж үнэнээ өчлөө. Бүх Хятадын Чөлөөт бөхийн долоон удаагийн аварга Гончиг багш чиний нас залуу, бие чинь улам томорч, бяр тэнхээ тэгширнэ. Өнгөрсөн хаврын барилдаанд Халх хөвгүүн Асашёорюү Дагвадорж шинэ аваргаар тодорч барилдлаа. Би Асашёорюүгийн ах нарыг сайн танина. Сумъяабазар ах нь Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин. Бид харилцан ирж, очиж бэлтгэл дасгал хийдэг байсан. Асашёорюүг багаас нь мэднэ. Нуруу, биеэр чамаас ялгарах юмгүй. Чи сайн бод гэлээ.Алтан-Очир ах бодох юмгүй ах дүү халх хөвгүүд байна. Одоо бидний Өмнөд Монголын бөх барилдах л дутуу байна яв гээд тулгав. Чөлөөт бөхөөр барилдаад гурван жилийн дотор нэлээн хэдэн уралдаан тэмцээнээс шагнал авсан. Бүх Хятадын өсвөр насны тэмцээнд дөрөвдүгээр байранд орсон болохоор байр хоол үнэгүй, хагас жилд нэг удаа бэлтгэлийн болон бусад хувцсаар үнэ төлбөргүй хангадаг. Сар бүр цалинтай. Энэ янзаараа гайгүй амжилттай барилдвал хэтийн ажил мэргэжилд ч санаа зоволтгүй. Танихгүй харь оронд мэдэхгүй сумо дэмий гэсэн бодол сэтгэлд хорогдоод за гэж ч хэлэлгүй дуугүй зогсоод л байлаа. Батмөнх дасгалжуулагч -Тэгвэл нэг жилийн хугацаатай яваад үз. Болохгүй бол буцаж ирээд Их сургуульдаа үргэлжлүүлээд сур. Одоо хэлмэрчтэй цуг япон багшийн буудалд очиж уулз. Сайн бодож болгоо гэлээ. Япон багш намайг чи хөлөө тэлж, газар суугаад өвчүү цээж, толгойгоо газар хүргэж чадах уу гэж асуув. Бие их хөшүүн, хатуу болохоор арай чүү хэлснээр нь үйлдлээ. Маргааш өглөө нь багш биеийн тамирын өрөөн дэх дээврээс унжаатай олсыг зааж авир гэлээ. Байнга хийдэг дасгал болохоор хоёр ч удаа авирчихлаа. Нөгөө япон багш сайн гэсэн янзтай толгойгоо дохиж байна. Нэрийн бичгээ өгөөд Японд хүлээж байя гээд буцсан юм.
-Багаасаа л бөх барилдаж байсан юм уу. Ер нь эцэг эхийн тал бөхийн удамтай юу?
-Багаасаа үндэсний бөхөд дурлаж, барилдаж эхэлсэн. Баяр наадмын барилдаанд тухайн насандаа түрүүлж, үзүүрлэх эсвэл шөвгийн дөрөвт үлддэг байлаа. Аавын таван үеийн өмнөх удамд нутаг хошуундаа цуутай мундаг бөхчүүд байсан. Таван үеийн хойно дахин бөхийн удам эргэж төрдөг юм гэсэн миний хүү сайн бөх болно гэж аав минь хэлдэг байв. Би их урамшиж итгэнэ ээ.
-Японд ирээд хэцүү, бэрхшээл их л байсан байх даа?
-Бүгчим халуун, хэл нэвтрэлцэхгүй бараг гурван сар хүнтэй яриагүй үе ч бий. Их идэх л бэрх байлаа. Тал аяга будаа идэж бардаггүй би сумочдын идэж буйг хараад л цадаж дотор эвгүйрхдэг байсан. Арван есөн настайдаа анх Токиод ирээд удалгүй долдугаар сарын барилдаан гээд Нагояа явсан. Уур усанд сууж байгаа юм шиг бүгчим халуун хэцүү шүү.Нагояад очсон даруй багш монгол хүн маханд дуртай гэж бодсон уу солонгос маягийн мах шардаг хоолны газар нэг орой хамт хооллов. Тэнд санаандгүй Сумогийн аварга Акебонотой таарсан юм. Ийм л том биетэй бөхчүүдтэй барилдаж таарах нь дээ гэж бодож билээ. 2003 оны есдүгээр сарын Токио башёд анх удаа барилдаж, 11 дүгээр сарын Кюүшюү башёод Жёоногүчи тойрогтоо түрүүллээ. Учраа бөхчүүд надаас тарган бүдүүн ч бяр мэхээр би ялгарах юм алга гэсэн бодол төрлөө. 2004 оны анхны Токио башё эхлэхийн өмнө бэлтгэлийн үед баруун гараа эвгүй болгочихоод өвдөж байна гэж хэлж мэдэхгүй байсаар хоёр хоногийн дараа хавдаад хөөчихөв. Барилдаан ч эхэллээ. Өвдөөд барилдах арга алга. Шөнө ч унтаж чадахгүй гурав хонолоо. Дохио, зангаагаар багшдаа баахан тайлбарлав. Баруун гарын чөмөг хугарчихаад тэр башё өнжиж билээ. Тэгээд хаврын Осака башёд дутуу бороолсон хугархай шахуу гартай барилдаад Жёнидан тойрогтоо түрүүллээ.
-Долоон жил барилдаж Жюүрёо зиндаанд дэвшсэн нь арай л удаан чансаа ахисан юм шиг санагдах юм?
-Манай халх монголчууд 3-4 жил барилдаад л хүүе гэхийн завдалгүй Жюүрёод гардаг. Энэ долоон жилд хүндлэх, хүндлүүлэх ёс, зан заншил, хүлээх тэвчих, амьдрал ахуйн үйл, төлөв зэрэг олон зүйлийг сурч мэдэрсэн. Удаан суудалтай болсноо зөвтгөж хэлж байгаа юм биш гэдгийг ухаарч болгооно биз дээ. Дороо хурдан Жюүрёд гарсан бол өнөөдрийн Энхтүвшин байхгүй ч байсан болов уу.
-Долоон жил их хугацаа гэж хэллээ. Ямар нэгэн учир шалтгаан байсан уу?
-Хамгийн гол нь жин ахидаггүй. Бэртэл гэмтэл бол бүгд ялгаагүй шүү дээ. Их, бага хэмжээгээр эрсдэл үүрнэ. Нэг хэсэг хоол хоолойгоор давахгүй удлаа. Бие хүндрээд, хийморь доройтсон юм шиг. Аргаа бараад Ояакатад байдлаа айлдав. Их гярхай, миний дүр төрхийг мэдэрсэн бололтой таван цул эрхтнээ шинжлүүл гэв. Арван хоёр нугалаа гэдэс битүү шархтай, цоорсон байсан. Эм тан ууж, өвчин илааширч, бие сэргээд хоёр жил гаруй тасралтгүй тавин хувиа биелүүлж, Макү-үчи дээд зиндааны 13 дугаарт чансаа ахиж, суудалтай сумоч болсон.
-Яг энэ үед давааны найраа, наймааны хэрэг дэгдэж, өөрөө бүтэн хоёр жил барилдаагүй. Сумогийн холбоог шүүхэд мэдүүлж заргалдсан шүү дээ?
-2011 оны нэгдүгээр сарын барилдаан дууссаны дараа Сумогийн холбооны удирдлага дуудаад -Чи давааны наймаанд оролцсон бөхчүүдийн нэг учир үнэнээ зөвшөөрвөл халагдах цалин хөлсийг чинь бүтэн төлнө. Өргөдлөө өгөөд хэн хэнтэй даваа наймаалцсанаа хэл! гэв. Би худлаа барилдаж, наймаа, найраа хийгээгүй учир гайхаад ор үндэсгүй ташаа төөрөгдөл гэлээ. Удирдах зөвлөлийн зарим гишүүн тэнгэрт хадтал загнах ч тохиолдол гарав. Найраа, наймаанд нэр нь холбогдсон бөхчүүдийн утсыг шалгана гэхэд нь би гар утаснаасаа эхлээд шалгуул гэсэн бүх зүйлийг ёсоор нь шалгууллаа.
Нэр холбогдсон нөхөд маань сумогоос хөндийрч, болиод би ганцаараа үлдлээ.Сумогийн холбоо намайг барилдуулахгүй гэсэн хариу өгөв. Би чамд итгэж байна, дэмжинэ. Үнэний төлөө эцсээ хүртэл яв. Надад бүү санаа зов гэж Ояагата минь хэлэхэд би уйлж билээ. Ингээд Сумогийн холбоотой заргалдаж, хоёр жилийн дараа шүүхийн шийдвэр гарч, дахин барилдах болсон.
-Энэ хугацаанд барилдаж байсан бол Комүсүби түүнээс дээш цолтой болох боломжоо алдлаа гэж харамсдаг уу?
-Харамсдаггүй, харин ч эсрэгээрээ тэр хоёр жилд сумод барилдсанаас илүү их зүйлийг мэдэж, таньсан.
-Сумогийн холбоо асар том байгууллага учир шүүхэд заргалдахад хэцүү байсан байх даа?
-Миний өмгөөлөгч сайн хүн байсан л даа.
-Тэгээд хоёр жилийг яаж өнгөрөөв?
-Сумогийн холбоог шүүхэд албан ёсоор мэдүүлсэн өдрөө дэвжээнээсээ явж байж билээ. Ояаката дэвжээ дээрээ бай гэсэн ч дүү бөхчүүдийн бэлтгэл, миний төлөө шаналж буй Ояакатаг хараад сэтгэл өмөрч, би үнэнийг олоод сэтгэл хиргүй ариун болоод буцаад ирнэ. Тэр цаг үеийг иртэл маваши өмсгөл зүүж, дэвжээнд бэлтгэл дасгал хийхгүйгээр шийдээд нүүсэн дээ.
Олон удаа Шөнө унталгүй ганцаараа цөхөрч уйлсан тохиолдол бий л дээ. Хүний нулимс дуусдаггүй гэдэг үнэн юм билээ. Ганц нэг удаа заргаа буцаагаад төрж, өссөн нутагтаа харьж, уудам хөдөө талдаа малаа хариулж, морин дэл дээр давхиж амьдардагч юм билүү гэж бодох өдөр ч байсан.
-Заргаа үргэлжлүүлэхэд юу хамгийн их зоригжуулж байсан бэ?
-Таних танихгүй сайхан сэтгэлтэй олон хүн намайг дэмжиж, бие сэтгэлийн хязгааргүй их тэнхээ хайрласан. Би заргаа татаад буцвал эдгээр хүмүүсийн сэтгэл руу хүйтэн ус цацсантай адил. Бас өөрөө үйлдээгүй үйлийн төлөө үхэн үхтэлээ сэтгэл цэлмэхгүй найрааны бөх гэж ил далд үүрд яригдах учир заргаа буцаахгүй байсан. Хүний мөс чанар ядарсан, ганцаардсан үед танигддагийг мэдрүүлсэн. Сайн барилдаж байхад өдөр шөнөгүй дэмжиж идэж, ууж, наадаж явсан зарим хүн нүүр буруулаад зугтсан ч бий. Мэндийн зөрүүтэй байсан зарим нэгэн нь зовсон сандарсан цагт санаа гаргаад ирдэг хүн ч байдаг юм билээ. Утсаар дарамтлах, дайрах гудамж талбайд таарсан ганц нэг хүнд муулуулж, хараалган зүхүүлэх үе ч тохиолдсон. Энэ бүхэн миний сонгосон зам тавилан шүү дээ. Яг жилийн дараа шүүхэд миний тал ялсныг албан ёсоор мэдээлсэн ч ойр дотны хүмүүсээс өөр хүнд хэлээгүй. Дахиж барилдах уу энэ чигээрээ зодог тайлаад дараагийн ажил амьдралаа хөөх үү гэж өөрөөсөө асууж олон сар бодсоны эцэст намайг сэтгэлээсээ дэмжиж, тус хүргэсэн олны ачийг хариулж барахгүй тул дахин дэвжээн дээр гарч, тэднийг баярлуулж, талархсан сэтгэлээ илэрхийлэхээс өөрийг би хийж чадахгүй болохоор барилдахаар шийдсэн юм.
-Сэтгэлд тань хоногшсон олон барилдаан байдаг байх даа?
-Зургадугаар сарын 28-ны өдөр надад их онцгой санагддаг юм. Биеийн тамирын дээд сургуулийн боксоос чөлөөт бөхийн анги руу шилжсэн бас Японд анх удаа ирсэн өдөр юм. Энэ өдрийг би төрсөн өдрөөсөө ч илүү мартдаггүй онцгой өдөр билээ. 2017 оны анхны башёд Озэки Кисэносато түрүүлж, би үзүүрлэж байсан нь сэтгэлд илүү хоногшиж үлдсэн. Тэр үед нутаг нэгтэн Ичиножёо А. Ичинноров, Чёошёо-ума Г.Мөнхсайхан хоёрт өвдөг шороодсон байдаг.
-Монгол бөхчүүдтэйгээ ойр дотно байдаг биз дээ?
-Тэгэлгүй яахав. Японд ирснээс хоёр сарын дараа шиг санагдаж байна. Нэг галын дэвжээнүүдийн хамтарсан бэлтгэл болоход “Мичинукү” дэвжээний монгол бөх Хакүба Өнөржаргалтай анх таарч, надад хэлмэрч хийж өгч, ингэж, тэгж барилд гээд зөвлөгөө өгдөг байсан. Токиод болдог жил бүрийн монголчуудын “Хаврын баяр”-т очдог. Хакухо аврагыг дагаж Улаанбаатарт амрахаар очиж байлаа. Ер нь цаашид ч монгол залуу үе халааг бэлтгэхэд хүчин зүтгэнэ.
-“Арашио” дэвжээг залгамжлах хүсэл ер нь аль эртнээс байсан уу?
-Ерөөсөө байгаагүй. Сумогийн холбооны удирдлагатай шүүхээр заргалдсан хүн үлдье гэж бодохгүй шүү дээ. Надтай нийлээд хоёрхон бөхтэй цагаас өдий зэрэгтэй болгоход ямар их хүч хөдөлмөр орсныг би нүдээрээ харж, биеэрээ мэдэрч ирсний хувьд сайн мэдэж байлаа. Дэвжээ удирдаж авч явна гэдэг нүсэр ажил. Өөрийгөө зовоож, өрөөлийн итгэлийг хөсөрдүүлнэ гэж бодоод явлаа. Эргээд барилдаж эхэлсэн 2013 оны долдугаар сарын башёны өмнөхөн Ояаката би хэдэн жилийн дараа чөлөөндөө сууна. Энэ дэвжээг өвлөн, үргэлжлүүлж авч яваарай гэлээ. Би шууд л итгэл хүлээлгэсэнд гялайлаа. Надад өвлөх хүсэл алга. Уучилж өршөөнө үү гэж хариулсан.
Ояаката төрсөн хүүгээсээ ялгаагүй намайг анхааран халамжилж, надаас болж Сумогийн холбооноос сануулга авч, хариуцлага тооцогдсон ч “Чиний гайгаар ингэлээ тэглээ” гэж ганц ч үг унагаагаагүй харин ч өмөөрч хамгаалж ирсэн болохоор энэ хүний ажил үйлсийг үргэлжлүүлэх үүрэгтэйгээ ухаарахгүй, хэт амиа бодож байгаа юм уу даа гэж шаналж явах болсон юм. Ингээд 2017оны 11 дүгээр сарын Кюшюү башёд Жюүрё зиндаад түрүүлсэн оройн хүлээн авалт дээр Ояаката надад дэвжээгээ өвлүүлэх санаагаа дахин хэлэхэд нь би шууд зөвшөөрсөн.
-Ояаката багшийн хувьд ирээдүйн зорилгоо тодорхойлоход?
-Шавь нартаа заахын зэрэгцээ Ояакатагийн хувьд суралцах юм их байна. Их итгэл найдвар хайрласан багшийнхаа үйл хэргийг чадлынхаа хэрээр гүйцэтгэхийг чармайна. Халх монгол аваргуудын ирээдүйн халаа болгож, Өмнөд Монголоосоо сайн сумо бөх сургах юмсан гэсэн холын мөрөөдөл бий.
Ярилцсан Японы “Сумо” сэтгүүлийн сурвалжлагч В.ДАВАА