Categories
мэдээ цаг-үе

Өндөр халуурч, гүйлгэдэг ханиад хүүхдүүдийн дунд түгээмэл байна

Жил бүрийн өдийд ханиад томууны дэгдэлт газар авдаг. Тэр дундаа хүүхдүүдийн өвчлөл эрс нэмэгдэж, дүүргийн эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгддэг. Харин энэ жилийн хувьд бага насны хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчлөл хэр байгааг сурвалжлахаар Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийг зорилоо.

Нэгдүгээр давхар дахь хүүхдийн тасгийн яаралтай тусламжийн хэсэг буюу хүлээн авах өрөөгөөр орлоо. Биднийг очих үед Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн С.Дорж өөрийн хүү болох хоёр настай Д.Амин-Эрдэнийг эмчид үзүүлж байсан юм. “Хүү тань ямар зовиуртай байна вэ” хэмээн эмч асуухад тэрбээр “Бүтэн сар гаруйн өмнөөс ханиалгаж эхэлсэн. Өрхийн эмчийн бичиж өгсөн эмийг хэрэглээд хэдхэн хоног гайгүй болчихно. Тэгснээ маргааш нөгөөдрөөс нь ахиад л ханиалгана.

Цэцэрлэгт нь ханиадтай хүүхэд олон болохоор арга ч үгүй биз. Ханиалгаж эхлэх бүрт нь эмчийн бичиж өгсөн эмийг тунгаар нь өгөөд эдгээчихдэг байсан чинь сүүлдээ эмэндээ дарагдахаа больсон. Өчигдрөөс (уржигдар) эхлэн өндөр халуурч, бөөлжиж бас гүйлгэж эхлэхээр нь эмнэлэгт үзүүлэхээр ирлээ. Өөрт нь зовиуртай байгаа бололтой, уйлагнаад болохгүй юм” гэв. Хүүгийн биеийн халуун, зүрхний цохилтыг хэмжин, биед илэрч буй зовиур зэргийг асуусны эцэст яаралтай эмнэлэгт хэвтүүлэхээр болов. Тэр даруй хүүхдийн тасгийн сувилагч Ц.Сумъяа хүлээн авах өрөөний гадна сууж байсан С.Доржийн ээж Г.Сийлэгмаа гуайд “Д.Амин-Эрдэнийн эмээ мөн үү. Та хувцсаа соль. Ач хүү тань эмнэлэгт хэвтэхээр болсон. Та сахих юм байна, тийм үү” гэвэл Г.Сийлэгмаа “Тийм ээ, одоохон хувцсаа сольчихъё” гээд хувцас солих өрөө рүү оров. Д.Амин-Эрдэнийн дүү, дөрөвхөн сартай Д.Ариун-Эрдэнэ уржигдархан бас эмнэлэгт хэвтжээ. С.Дорж “Дүү нь нэг хоногийн өмнө эмнэлэгт хэвтсэн. Бас л идсэн зүйлээрээ бөөлжиж, ханиалгаад байсан. Хоолой нь өвдөөд, сүүлдээ бүр хөхөө хөхөж чадахгүй болсон. Ах дүү хоёрын нэг нь ханиадтай бол нөгөөдөө амархан халдчих юм. Ямар ханиад хүрчихсэн юм чинь дүү рүүгээ битгий ойртоод бай гэлтэй биш. Нэг харахад л дүүгээ үнсээд зогсож байгаа болохоор дүүдээ ханиад халдаачихсан байх аа” гээд санаа алдав.

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн дөрөв, тавдугаар давхарт хүүхдийн тасаг нь байрладаг аж. Биднийг дээш гартал Г.Отгонболор өөрийн нэг настай охиноо аваад эмнэлгээс гарах бэлтгэлээ хийж байлаа. Энэ сарын 12-ноос хэвтэн эмчлүүлж, бүрэн эдгэрсэн учраас ийн эмнэлгээсээ гарч буй аж. Охиных нь хоолой улайж, амьсгалахад ихэд зовиуртай болсон учраас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Г.Отгонболор “Энэ сарын эхээр охины минь хоолой өвдөөд, амьсгалахад цээж нь шуугих болсон. Ингээд 5-нд хэсгийн эмнэлэгтээ үзүүлж, эм бичүүлж авсан. Бараг арваад хоног эмчийн зааврын дагуу эм уулгасан даа. Бие нь дээрдэж байсан ч нэг шөнө унтаж байхдаа хучлагаа тийрч яраад даарснаас хойш бие нь эргээд муудсан. Бүр амьсгалахдаа хүртэл их зовиурлан уйлагнахаас гадна гүйлгэж, шингэн алдаж эхэлсэн. Ингээд тэр өдрөө буюу 12-нд эмнэлэгт хэвтсэн. Ашгүй эмч нар яаралтай, сайн эмчилгээ хийсний хүчинд долоо хоног эмнэлэгт хэвтээд, өнөөдөр (өчигдөр) эмнэлгээс гарч байна” гэсээр охиноо тэврээд цахилгаан шатанд суутал зөрөөд тор дүүрэн чихэр жимс барьсан залуу гарч ирлээ. Түүний ой зургаан сартай охин ханиад хүрээд эмнэлэгт хэвтсэн бөгөөд эхнэр нь сахиж байгаа юм байна. “Цайны цагаараа хүрээд ирлээ. Гараад ир” гээд утсаа салгачихав. “Охин чинь ханиад хүрээд эмнэлэгт хэвтчихсэн юм уу” гэвэл Р.Оюунбаатар “Харин тийм ээ. 10-аад хоногийн өмнөөс амьсгаадаад, цээж нь хэржигнэж эхэлсэн. Тэгэхээр нь өнгөрсөн хагас бүтэн сайнд содатай усаар утаад, бичиж өгсөн эмийг нь хэрэглэсэн ч тус болоогүй учраас өнгөрсөн даваа гаригт хэвтсэн. Ашгүй оочер дараалал гэлтгүй шууд хэвтүүлсэн шүү. Одоо анх ирснээ бодвол бие нь хамаагүй дээрдэж байгаа” хэмээн биднийг ярилцах зуур түүний эхнэр охиноо тэврээд гарч ирэв.

Ер нь дүүргүүдийн эмнэлгийн хүүхдийн тасаг ачаалал багатай байгааг эмч нар хэлж байсан юм.

Өмнөх онуудын мөн үетэй харьцуулахад энэ жил хүүхдийн өвчлөл, тэр дундаа ханиад томуугийн тархалт харьцангуй бага байгаа гэдгийг Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн ахлах сувилагч Д.Мандахгэрэл хэлсэн юм. Тэрбээр “Манай эмнэлгийн хүүхдийн тасаг 80 ортойгоос өнөөдөр хэд хэдэн сул ор байгаа нь өмнөх жилүүдтэй харьцуулахад ачаалал арай бага гэсэн үг. Гэхдээ ачаалал нэмэгдвэл илүү ор байхгүй гээд зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай өвчтэй хүүхдээ эцэг эхэд нь тэврүүлээд буцаалтай биш эмнэлэгтээ хэвтүүлдэг. Өнгөрсөн жилийн өвөл хүүхдийн тасагт 80-аас олон хүүхэд хэвтэн эмчлүүлэх шаардлага гарсан учраас хоёрдугаар давхар дахь мэдрэлийн тасгаа суллаж, өвчтөн хүүхдүүдийг хэвтүүлэн эмчилсэн. Ингэснээр нийт 150 ортой болгож, эмнэлгийн хүртээмжээ нэмэгдүүлсэн. Энэ жил ч гэсэн шаардлагатай бол ийм зохицуулалт хийнэ” гэв. Мөн тэрээр “Сүүлийн үед ханиад хүрээд, богино хугацаанд амьсгал нь боогдон, бачуурч, өндөр халуурсан зовиуртай олон хүүхэд хэвтэн эмчлүүлэх болсон. Үүнээс гадна гэдэс нь хямарч, гүйлгэх шинж тэмдэг илрэх болсон. Ийм шинж тэмдэг илэрвэл эцэг эхчүүд нэн даруй өрхийн эмнэлэгтээ хандах ёстой. Ажлын бус цагаар бол дүүргийнхээ хүүхдийн түргэн тусламжийг дуудах хэрэгтэй. Түүнээс биш дур мэдэн янз бүрийн антибиотик эм өгч болохгүй. Эцэг эхчүүд хүүхдэдээ ямар эм тариаг нас, жинд нь хэрхэн тохируулж хэрэглэхээ мэддэггүй шүү дээ. Нөгөө талдаа эмийн санч ч гэсэн ханиалгаад байгаа юм аа гэнгүүт “Үүнийг уу” гээд эм бичээд өгчихдөг нь маш буруу. Бага насны хүүхдэд эм зарж байгаа тохиолдолд зайлшгүй эмчийн бичиж өгсөн жорын дагуу олгох шаардлагатай байна. Ер нь бага насны хүүхдийн эмчилгээний үр дүн дан ганц эмч, сувилагчаас хамаардаггүй. Давхар асран хамгаалагч, эцэг эхчүүдийн нөлөө чухал үүрэгтэй. Наад зах нь ханиад нь хүндрээд хатгаа тусчихсан хүүхдийг эмнэлгээс гарахдаа дулаан хувцаслалгүй авч гараад, гэртээ амин дэмээр баялаг хоол өгөөгүй зэргээс болоод дахин өвчлөх магадлал өндөр болдог жишээтэй. Хамгийн гол нь эцэг эхчүүд дархлаажуулалтын вакциныг тухай бүрт нь хийлгэвэл бага насны хүүхэд элдэв өвчнөөр өвдөх эрсдэлийг эрс бууруулдаг” гэв.

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгээс гарч Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийг зорилоо. “Энэ намар гэдэсний халдвартай хавсарсан ханиадаар бага насны хүүхдүүд өвчлөх тохиолдол их байсан бол өнгөрсөн долоо хоногийн сүүлээр цас орсноор энэ төрлийн буюу суулгалттай хавсарсан ханиад намжиж, эргээд хүүхдийн ангень буюу хоолой барьсан ханиад, хатгаа идэвхжих хандлага ажиглагдаж байна” гэх мэдээллийг эмч нар нь өгсөн. Түүнчлэн ачаалал ч хэвийн байгаа талаар давхар дуулгасан юм. Тус эмнэлгийн хүүхдийн тасаг 120 гаруй ортой бөгөөд нэлээд олон ор сул байлаа. Үнэхээр ч зарим тасгаар ороход дөрвөн ортой өрөөнд гурван хүүхэд, хоёр хүүхэд хэвтсэн байгаа харагдав. “Урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авсан учраас бага насны хүүхдийн өвчлөл харьцангуй бага байна. Ер нь эцэг эхчүүд дархлаажуулалтын вакциныг цаг алдалгүй хийлгэвэл өвчин тусах магадлал эрс багасдаг” гэсэн юм.

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *