Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Өндөр байшин барих шийдвэр гаргасан бүх хүмүүст эрүүгийн хариуцлага тооцъё

Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын байр

Нийслэлийн дүүргийн Засаг дарга нар хийгээд бусад олон дарга эрх мэдэлтнүүд арав давсан давхартай, шилэн барилгадаа тухлах моод дэлгэрээд удаж байна. Бараг л хэн нь өндөр барилга барих вэ гэдэг марафон болоод байгаа юм шиг харагдах болов.

Гэтэл дүүргийнх нь хич­нээн зуун иргэн хэвтээд эмч­лүүлчих ­эмнэлэггүй байна. Ийм тооны өвчтөн багтчих хэмжээний зайтай өрөө тасалгаандаа эдгээр эрх мэдэлтнүүд төөрөх нь холгүй холхин байхад дүүр­гийнх нь нэгдсэн эмнэлгүүд өвчтөн, өвдөж буй хүүхдүүдээ хэвтүүлэх өрөөгүйдээ хонгилд хөнжил дэлгээд хэвтүүлэн эмчлүүлж байгаа дүр зургийг та бүхэн харж байна. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэл. Эмнэлгийн үүдээр ороход л хөл гишгэх зайгүй давчуухан талбайд гадуур хувцсаа нөмөрсөн “Хөтөч” гэсэн хаягтай сувилагч сууна. Энд их хүйтнээс гадна шавар шавхай болсон бохир орчин “ноёлно”. Ирсэн өвчтөнүүд түүнээс хаана очих, ямар эмчид үзүүлэхээ нэгд нэгэнгүй заалгаж аваад дээших давхруудад гарах ажээ. Харин дээд давхартаа том хүн, хүүхэд багачуудгүй чихцэлдэж байна лээ. Биднийг очих үед үдийн 13 цаг болж байсан бөгөөд биднийг ирэхээс өмнө тасгийн хонгилд багтахгүй хүүхдүүд хаалганы гаднах цахилгаан шатны үүдэнд хэвтэж байсан тухай тэнд хэвтэн эмчлүүлж буй ээжүүд хэлж байсан юм.

Биднийг тасаг руу ороход 80 хүүхэд хэвтүүлэх ёстой хоёр тасагт 150 гаруй хүүхдийг хэвтүүлчихсэн эмчилгээ хийж байна. Хатгаа нь хүндэрч, амьсгалж ч чадахгүй байгаа 0-4 насны бяцхан үрсийг харж өрөвдөхдөө эмч, сувилагч нар нь өөр тасгуудаас ор гуйж авчирч байгаа дүр зураг нүднээ тусах нь энүүхэнд. Төд удалгүй тасгийн ор дууссан, одоо газар хэвтүүлэхээс өөр арга байхгүй гэсэн яриа хөвөрнө. Тэгснээ тасгийн эрхлэгчийн утас хангинаж “Сэхээнээс гурван хүүхэд энгийн тасагт шилжүүлэх боллоо. Ор бэлд” гэх. Эмч “За” гээд утсаа салгаснаа “Одоо яах вэ” хэмээн сувилагч руугаа харахад нөгөөх нь “Шалыг нь арчаад гудас дэвсье. Өөр яах билээ” гэх. Ийм л дүр төрх дүүргийн эмнэлгүүдэд байна.

Харин ч үдээс хойш болж ганц, нэг хүүхэд эмнэлгээс гарч, “дотор” ор суларсан тул тэднийг тасгийн хонгил руу шилжүүлсэн байх юм. Хонгилоос хонгилд шилжсэн тэдгээр хүүхдүүд дулаан хонгилд шилжсэнээрээ л давуу талтай болж байгаа тухай тасгийн сувилагч хэлж байна лээ. Өөрөөр хэлбэл, өмнөх өдөр эсвэл арай түрүүнд ирсэн нэг нь өрөөнд орж, дараа ирсэн нь тасгийн хонгилд, дөнгөж ирсэн нь тасгийн гадаах шалан дээр гэрээсээ гудас авчраад хэвтэж байна.

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл

Аргаа барсан эмч, сувилагч нар нь өөрсдийн өрөөгөө суллаж өгөөд сар гаруй хугацаа өнгөрчээ. Одоо тус тасагт сул байгаа ганцхан өрөө нь тарианы өрөө л байна лээ.

Өмнөх жилүүдийг бодвол өнөө жил томуугийн халдвар маш их тархаж байгаа бөгөөд аль ч эмнэлгийн хүүхдийн тасаг өөрийн хүчин чадлаасаа хоёр, гурав дахин олон хүүхэд хүлээн авч эмчилж байгаа тухай тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Х.Чинзориг хэлж байв.

Тус эмнэлгийн хувьд өнгөрсөн жилээс эхлэн хүүхдийн тасагтай болсон бөгөөд өнөө жилээс эхлэн дүүргийнхээ 19 хорооны 17 мянган хүүхдүүдийг хүлээн авч эмчлэх болжээ. Энэ нь өмнөх жилийнхийг бодвол хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд нөгөө талаас энэ намар, өвөл томуугийн тархалт онцгой их байгаа нь байдлыг улам хүндрүүлж байгаа юм байна.

Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын байр

Ийнхүү өвдөж буй хүүхдүүдийг хонгилд хэвтүүлж байгаа нь барилгын хүрэлцээ хангамж муугийнх. Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг гэхэд ердөө хоёрхон тасгийн 20 хүрэхгүй өрөөнд өвчтөнүүдээ хэвтүүлдэг. Эмнэлгийн удирдлагын хувьд шинэ эмнэлэг барих тухай 2007, 2008 оноос эхлэн ярьсан. Одоогийн байгаа байр нь ч эмнэлгийн бус бөгөөд социалист нийгмийн үед Цалин хөлсний хороо байрлахаар бариулж байсан юм билээ. Өдгөө тус барилгын дэргэд хуучин Өр барагдуулах алба байрлаж байгаад одоогоор эмнэлгийн өргөтгөлийн зориулалтаар ашиглаж байгаа байр бий. Үүний оронд 15 давхар бүхий орчин үеийн нэгдсэн эмнэлэг бариулахаар эмнэлгийн удирдлага жил бүр л хөөцөлддөг ч ажил хэрэг болж байгаа зүйл үгүй. Уг нь бол зураг төсөл нь аль хэдийнэ гарчихсан юм билээ. Харамсалтай нь барилга барих 35 орчим тэрбум төгрөг “байхгүй”. Үүнийг ч иргэд ойлгожээ. Учир нь тэд “Жил бүрийн төсөвт оруулахаар саналаа өгдөг ч асуудлыг шийдэх үүрэгтэй эрхэм дарга нар энгийн иргэдийнхээ өвчин зовлонг огт ойлгодоггүй. Учир нь дүүргийн нэгдсэн эмнэлэг бол хоёрдугаар шатлалынх. Тэгэхээр дарга нар хэрхэн үүгээр ирэх билээ. Тиймдээ ч тус эмнэлэгт байдал ямар байгааг мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй суугаа биз” хэмээн ярих нэгэнтэй ч таарч байлаа.

СЭТГЭЛ БАЙВАЛ ХИЙЖ БОЛДГИЙН ЖИШЭЭ ЭНЭ БАЙНА

Хэвтүүлэх өрөөгүйдээ хонгилд гудас дэвсээд өвчтөнүүдээ хэвтүүлж байгаа эмнэлэг байхад тун саяхан есөн давхар, орчин үеийн стандартын шаардлага хангасан нэгдсэн эмнэлэгтэй болсон дүүрэг ч байх юм. Энэ бол Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг. Тус эмнэлэг өнгөрөгч сарын 16-ны өдөр шинэ байрандаа оржээ. Үүдээр нь ороход л улсын томоохон эмнэлгүүдээс ч илүү тохижилттой, амар амгалан, цэвэр цэмцгэр, найрсаг харилцаа угтана. Энэ бол тухайн дүүргийн болоод эмнэлгийн удирдлага сэтгэл гаргаж чадвал хийж болдгийн тод жишээ юм. Ерөөс Баянгол дүүргийн Засаг дарга, Иргэдийн хурлын тэргүүлэгчид нь өөрсдөө тухтай байранд оръё гэхээсээ илүүтэйгээр өвчиндөө шаналж буй хүмүүст тусалъя гэсэн үнэлж барамгүй сайхан сэтгэл өвөрлөжээ. Тэдний дээр мөн тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн дэмжлэг бий гэсэн. Дахин хэлэхэд энэ бол сайн сайхан үйлийг амаар биш биеэр хийж болдгийн илэрхийлэл. Гэтэл бусад дүүргийн иргэд яг л баянголчууд шиг өөрсдийн төлөөллөө УИХ, Засгийн газарт явуулсан. Гэтэл тэднээс эргэж харсан нь үгүй. Бүр эсрэгээрээ тэд дүүргийн Засаг даргын Тамгын газрын олон арван давхар шилэн барилгыг барихад дэмжлэг үзүүлсэн гэх нь ч сонстох шиг.

Баянгол дүүргийн эмнэлгийг барихад долоон тэрбум 768 сая төгрөг зарцуулжээ. Тус эмнэлэг нь сүүлийн 25 жилд нийслэлд эмнэлгийн зориулалтаар баригдсан ганцхан цогцолбор гэсэн тодотголтой тухай тус эмнэлгийн дарга Ө.Батжаргал хэлнэ лээ. Түүний хэлснээр эмнэлэг өөрийн гэсэн есөн давхар байртай болсноор өмнө нь ажиллаж байсан тасгууд дээрээ яаралтай түргэн тусламж, эрчимт эмчилгээний тасгийг бие даасан тасгийн хэмжээнд ажиллуулах боломжтой болсон байна. Түүнчлэн өдөрт 500-700 хүнд үйлчлэх хүчин чадалтай болсон бөгөөд энэ нь дүүргийн иргэдэд бүрэн хүрч үйлчлэх боломжтой гэсэн үг ажээ.

Хэдийгээр эмнэлгийн зураг төсөл 2008 онд гарсан ч сүүлийн хоёр жилийн хугацаанд барилгын ажил идэвхтэй явагдаж, сарын өмнө бүрэн хүлээлгэн өгсөн байна. Дүүрэг орчин үеийн эмнэлгийн шаардлага хангасан эмнэлэгтэй болсноор өөрийн гэсэн дотоод дүрэм, журам, зохион байгуулалт бий болгочихсон, энэ нь ч иргэдийнхээ сэтгэлд хүрсэн үйлдэл болж байгаа ажээ. Тодруулбал, тус эмнэлэг гурван өнгөтэй. Өнгөтэй гэдэг нь өрөөний доторх эд зүйлс болоод таних тэмдэг бүгдээр нэг ижил өнгийнх гэсэн үг. Тухайлбал, эмнэлгийн хоёр, гурав, дөрвөн давхар нь үзлэг, амбулаторын хэсэг бөгөөд хананд өлгөөтэй мэдээллийн самбараас авахуулаад бүгд цэнхэр өнгөөр ижилсжээ. Харин тав, зургаа, долоон давхар нь улбар шар өнгөтэй. Энэ нь эмчилгээний тасаг байрлаж байгааг илтгэж байгаа юм. Түүнээс дээш буюу найм, есдүгээр давхар нь ногоон өнгөтэй. Энэ нь тайван амгаланг илтгэх бөгөөд хурал, зөвлөгөөний өрөөнүүд ажээ.

Энэ бүх өнгөний тайлбарыг эмнэлгийн үүдээр ормогц дэлгэрэнгүй тайлбарлаж бичсэн нь иргэдийг эмнэлгийн дотор явахад хөтөч болохоор юм. Энэ зохион байгуулалтыг бусад эмнэлгүүд ч гэсэн хэрэгжүүлэхэд болохгүй юмгүй санагдана.

Цэвэр, тохилог байртай болсноор иргэд ч их соёлтой болж, аль болох улавч өмсөх, гадуур хувцсаа тайлж орохыг эрхэмлэдэг болсон шүү хэмээн тус эмнэлгийн дарга Ө.Батжаргал сэтгэл хангалуун хэлж байсан билээ.

ИРГЭДЭД НЭГ, ХОЁР ДАВХАР Л ХАНГАЛТТАЙ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлээр ч мөн орлоо. Тус эмнэлэг нь Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийг бодвол 125 ортой ч энд өмнөх буюу Чингэлтэй дүүргийн эмнэлгээс ч олон хүүхэд ханиалгах, халуурах зэргэцэн хонгилдоо ч багталцахгүй хэвтэж байна. Энд байх ёстой хүүхдийн тоо хэдийнэ хоёр, гурав дахин нэмэгджээ. Бусад тасгууд ч хүйтний улирал эхэлж байгаатай холбоотойгоор ачаалал нь үлэмж ихэссэн тухай эмнэлгийн эмч, сувилагч нар хэлж байв. Тус эмнэлэг нь дүүргийнхээ 135 мянга гаруй хүн амд эмнэлгийн хоёрдугаар шатлалын тусламж үйлчилгээг үзүүлдэг юм.

Өвчтэй байгаа хүүхэд, томчуудаа багтааж чадахгүй байгаа эмнэлгийн цонхоор дүүргийн Засаг даргын Тамгын газрын олон давхар, шилэн барилга сүндэрлэн харагдах тул тус байрыг зорьлоо. Дотогш орвол хоёр давхар шилэн хаалгатай “пүн” хийсэн дулаан орчин угтах аж. Иргэдэд үйлчлэх нэг цонхны үйлчилгээний 20 гаруй цонх бүхий үйлчилгээний хэсэг нэгдүгээр давхарт байрлаж байна. Иргэдийн хувьд зөвхөн тэдгээр цонхоор л үйлчлүүлээд гардаг тухай хэлж байсан юм. Харин тус барилгын хоёр, түүнээс дээших давхарт чухам юу байдгийг мэддэг хүн тун ховор байх хэмээн “Нэг цонх”-ны үйлчилгээ аваад гарч байсан тус дүүргийн иргэн Д.Цэрэннадмид гуай хэлж байсан юм. Үнэхээр л энгийн иргэдэд хоёр, гурав, түүнээс дээш давхарт гарах шаардлага огт байдаггүй байна. Гэтэл дүүргийн удирдлага шинэ барилга барьсан шалтгаанаа “Иргэдэд үйлчилгээ илүү ойр, нэг дороос олон цонхоор үйлчилгээ үзүүлдэг болсон” гэж тайлбарлах. Харин уг цонхнууд нь барилгын зөвхөн нэг, хоёр давхарт нь байдаг юм.

Гэтэл бусад давхруудыг юунд зориулж, хэн тухлах гэж барьсан юм бол. Эмнэлэгт нь хөөрхий багачууд хэвтэх ч шалгүй шахцалдаж байхад тус дүүргийн хоёроос дээш давхрууд ялангуяа долоо, наймдугаар давхарт дөрөв, таван хурлын заалыг хэн ч ашиглахгүй, түгжээтэй байлгаж байна. Хэрэв тэдгээр зааланд өвдөж буй бяцхан хүүхдүүдийг оруулбал хичнээн зуун хүүхэд ортойгоо, юутай хийтэйгээ орчих бол оо.

Зөвхөн Сүхбаатар гэлтгүй Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын тансаг сайхан өргөө байна. Энд мөн л нэг, хоёрдугаар давхар нь л иргэдэд хангалттай. Харин бусад нь дарга, хэлтсийн гэж нэрлэгдэх хурган дарга нар, түүний туслах, мэргэжилтнүүдийнх.

Саяхан шинэ байрандаа орсон Засаг дарга нарыг харж байхад байрныхаа хамгийн дээд давхарт нь, хамгийн том талбай эзлэн суудаг юм билээ. Тэд уулзалтын, амралтын, өөрийн гэсэн хэд хэдэн өрөөтэй. Тэдгээрт бүгдэд нь том ширээ, зөөлөн сайхан буйдан байх. Тэр ч бүү хэл бараг зарим яамдын сайд нар шиг нууц өрөө, тансаг жакузтай ч байж магад.

Харин Засаг даргын доод давхарт нь дүүргийн орлогч дарга нар тухална. Тэд мөн л өөрийн, уулзалтын, амралтын гээд хэд хэдэн өрөөтэй. Бас болоогүй туслахын гээд үүдэнд нь бас нэг том өрөө бий.

Ингээд л давхар буурах тусам өөрийн гэсэн өрөөнд тухалсан “жижиг” дарга нар олширно доо. Дарга нараас яаж дутахав, хэмжээ нь жаахан бага ч гэсэн мэргэжилтнүүд ч гэсэн өөрийн гэсэн өрөөтэй. Зарим үед тэд ганцаарддаг ч байж мэдэх юм гэсэн бодол төрж байлаа. Дүүргийн ЗДТГ-ын байрны дүр төрх ийм л байна.

Ийнхүү Засаг даргын туслахын өрөөтэй тэнцэхүйц хэмжээтэй өрөөнд жирийн иргэдийн хорин хэдэн хүүхэд хөл, толгойгоо нийлүүлэн хэвтэцгээж байгаа сурвалжлагыг бэлтгэлээ. Өөрсдийнхөө тав тух, тансаг орчныг бодож, бусдын жаахан үрсийн амийг өтний чинээ ч бодохгүйгээр тансаг харш бариулах шийдвэр гаргуулахын төлөө үхэн хатан тэмцсэн бүх хүмүүст эрүүгийн хариуцлага тооцъё. Тансаг харштай байж болно, тэгвэл бас эмнэлэг бариулахын төлөө тэгж тэмцэх хэрэгтэй гэдэг давхар хариуцлага бас тэднээс нэхье.

Т.ГЭРЭЛМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *