Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндсэн хуулийн өөрчлөлт болон үйл явдал, цаг хугацааны давхцал

“Өдрийн сонин”-ы 1999 оны арванхоёрдугаар сарын 25-ны дугаарт “Үндсэн хуульд анх удаа өөрчлөлт орууллаа” гэсэн чуулганы сурвалжлага эхний нүүрт нийтлэгдсэн нь шарласан хуудаснаа түүх болон үлджээ. Үндсэн хуулийг өөрчлөхөөр ярьж буй энэ цаг мөчид сошиал ертөнцөөр 1999 онд Үндсэн хууль өөрчилсөн мэдээлэлтэй “Өдрийн сонин”-ы тэр өдрийн дугаарыг нэгэн уншигч дэлгэсэн нь анхаарал татав. Олон хүн тэр үеийн Үндсэн хуулийн өөрчлөлт одоогийн өөрчлөх гэж байгаа хувилбарын тухай сэтгэгдлээ бичиж бүтэн өдрийн сэдэв болж орхив. Тэр үед радио, телевизээр энэ тухай мэдээлэл гарч байсан нь дамжиггүй. Гэхдээ зарим нь мэдээллээ устгаж, заримыг нь фондонд ганц нэг хувь хадгалан үлдсэн байдаг. Үүнийг жирийн нэг уншигч, үзэгч олон жилийн дараа дахин олж үзэхэд тийм ч амар биш, ер нь л бүтэхгүй болов уу. Харин сонин олон мянган хувь хэвлэгдэн, цагаан дээр хараар баримт болон уншигч, захиалагчдын гар дээр үлдсэн төдийгүй, номын санд ч дугаар бүрээрээ хадгалагдсан байдаг. Тухайн үед “Өдрийн сонин” 25000 хувь хэвлэгдэж байлаа. Үндсэн хуульд ямар өөрчлөлт, ямар хугацаанд оруулж байсныг бидний ихэнх нь мартчихсан байхад өнгөрсөн он жилүүд, тэр үед өрнөж байсан үйл явдлууд ингэж л сонины шарласан хуудаснаа түүх, он цагийн гэрч, баримт болон үлддэг аж.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар 1999 оны арванхоёрдугаар сарын 23-нд өргөн бариад 24-ний баасан гаригт анхны хэлэлцүүлгээр баталсан нь 25-ны бямба гаригийн дугаарт нийтлэгдсэн нь энэ. Гурван намын дарга өөрчлөлт оруулах талаар зөвшилцөн гарын үсэг зурсныг эс тооцвол шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш найман жилийн дараах анхны өөрчлөлтийг хэлэлцэн батлах процедур гуравхан хоногийн дотор л болж. Ингэж яаран өөрчлөлт хийхдээ Үндсэн хуульд хоёр зүйлийг шинээр нэмж, таван зүйлийг өөрчлөн найруулсан байна. УИХ-ын 65 гишүүн гарын үсэг зурж санаачилсан гэх энэ хууль 60 гишүүн дэмжсэнээр батлагдаж байж. Үүнийг дордохын долоон өөрчлөлт гэлцдэг. Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг ч авалгүй, чуулганы хуралдаан дээр Цэцийн даргын үгийг сонсолгүй баталсан нь сүүлд процедурын алдаа гэж үзэн, 2000 оны арванхоёрдугаар сарын 14-нд нэмэлт, өөрчлөлт оруулсан нэрээр бараг л хэвээр нь баталжээ. Энэ өөрчлөлтөөр зарим албан тушаалын томилгоог нууц санал хураалтаар явуулдаг байсныг ил болгосон юм.

Мөн 1992 онд баталсан Үндсэн хуулиар чуулган хагас жилд 75 хоног хуралддаг гишүүдийн дийлэх олонхи буюу 51 хүний ирцтэйгээр хуралддаг байсныг өөрчилж, ирцийг ердөө 39 хүн хуралдаж шийдвэр гаргаж болохоор өөрчилсөн. Байнгын хорооны 17 гишүүний ес нь хуралд суугаад тав нь олонхи болсноор хуулийн төсөл дэмжигдэн чуулганы хуралдаанд оруулж, батлагдах боломж нээгдсэн юм. Давхар дээлийн асуудал ч энэ үед л бий болсон. Мөн Монгол Улсын Их Хурал нь төрийн эрх барих дээд байгууллага гэсэн Үндсэн хуулийн суурь зарчмыг бүрхэгдүүлж сулруулсан заалтууд орсон. Энэ нь сонгуульд ялсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Ерөнхийлөгч УИХ-д оруулах, Ерөнхий сайдыг томилох асуудлыг 45 хоногийн дотор хэлэлцэж, шийдвэрлэж чадахгүй бол УИХ өөрөө тарах буюу Ерөнхийлөгч тараах шийдвэр гаргах, Ерөнхий сайд долоо хоногийн дотор Ерөнхийлөгчтэй зөвшилцөж эс чадвал Засгийн газрын гишүүдийг УИХ-д өөрөө өргөн мэдүүлэх гэж өөрчилсөн байв.

Тухайн үед Н.Энхбаяр МАХН-ын /одоогийн МАН/ дарга байсан бөгөөд ирэх сонгуулиар Ерөнхий сайд болохын тулд зарим хүнд сайдын албан тушаал амлаж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санаачилгаа дэмжүүлсэн гэж нэлээдгүй шуугисан юм даг. Мөн үүний өмнө Ерөнхийлөгч Н.Багабанди Да.Ганболдыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн саналыг долоон удаа буцаасанд аргаа бараад өөр Ерөнхий сайд тавихад хүрсэн эвслийнхний гайхшаа барсан байдал дээр Н.Энхбаяр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санаачлагаа дэмжүүлэх тоглолтоо хийсэн юм.

Да.Ганболдыг долоон удаа буцаасныхаа дараа Ерөнхийлөгч эвслээс гурван хүн санал болгосноор Ж.Наранцацралт Ерөнхий сайдаар томилогдож байв. Дараа нь Орос руу илгээсэн захидлын асуудлаар Ж.Наранцацралт огцрон Р.Амаржаргал Ерөнхий сайд болж байсныг уншигчид санаж буй биз ээ. Эрх барьж буй нам Ерөнхий сайдаа томилж чадахгүй Ерөнхийлөгчийн хүслээр шийдвэр гаргахад хүрч байсан нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Н.Энхбаярын өгөөшийг үмхэхэд хялбар байв.

Ардчилсан холбоо эвсэл эрх барьж, хамаг муу нэрийг авчихсан, казиногийн гэх хэргээр хэдэн гишүүн нь шоронгийн хаалга татчихсан, С.Зориг бусдын гарт аймшигтайгаар алагдсан, С.Наранцацралт Орос руу захидал бичсэн асуудал босч дараагийн Ерөнхий сайдаар Р.Амаржаргал сонгогдчихсон, эрх баригчид өөрсдийнхөө Засгийн газрыг байн байн унагадаг, нэр хүнд нь навсайтал уначихсан байсан үе. Гэтэл цөөнх байсан МАХН-ын дарга Н.Энхбаярын ид мандан бадрахын оргил үеийн эхлэл тавигдаж, ирэх сонгуульд ялах нь бараг л ойлгомжтой болчихсон байв. Сөрөг хүчнээсээ илүү өөрсдөдөө унах нүхээ бэлдчихсэн Ардчилсан холбоо эвслийнхэн Н.Энхбаярт долигонож долдойдон, замыг нь засч, эрх барих үедээ хаан шиг байх боломж олгосон гэмээр өөрчлөлтийг Үндсэн хуульдаа дээр дурдсанаар хийсэн юм. Тэр нь нэгэнт ялах нь тодорхой намд боломж олгосон, ялсан намын дарга бусдыгаа үгнээсээ гаргахгүй байх, албан тушаалын томилгооны санал хураалт илээр явдаг болсон учир намын даргын бодол санаанаас эсрэг санал өгсөн хүн түүний зуултад орохоор өөрчлөлтүүд байв. Ингээд сонгууль ч болж, МАХН ялж, Н.Энхбаярт Үндсэн хуулийн өнөөх өөрчлөлтүүд тусаа өгсөн билээ.

Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийг ч сонгуулиас зургаан сарын өмнө гэж яаран хийхээр ярьж байна. Хэрэв сонгуулиас өмнө гэвэл 1999 оных мөн үеийнхтэй давхцан, яаран батлах болох нь. Үүгээр зогсохгүй улс төрийн үйл явцын хувьд олон зүйл тэр үеийнхтэй давхцаж байна. АН эрх барьж байгаа атлаа өөрсдийнхнөө барьж хорьж, засгаа унагаж тоглож байгаа нь тэр үеийнхээс өөрчлөгдсөнгүй. Одоо мөн л дараагийн засгийг унагах яриа яваад эхэлчихсэн. Эрх мэдэл, эрх ашгийн төлөө фракц фракцаараа хуваагдан бие биенийхээ булхайг сайн дураараа илчлэн, нэг нь дургүйг нь хүргэвэл тэрний гэх хүнийг бариулж, нөгөөх нь хариуг нь өгсөөр өнөөдрийг хүрэв. Цөөнхөд улс төрийн элдэв акц хийх шаардлагагүйгээр эрх баригчид өөрсдийнхөө нэр хүндийг ийнхүү барж байгаа. Сонгууль болтол дахиад юу ч болоо билээ. АН ялагдах нь тодорхой боллоо хэмээн МАН аль эрт алгаа үрчин баярлаад эхэлж. Яг энэ үед Үндсэн хуульдаа гар хүрэх гэж байна. Ажлын хэсэг байгуулагдчихсан. Хууль санаачлагч, ажлын хэсгийн гишүүд нь парламентын бүрэн эрхийн хугацаа таван жил, парламентын гишүүдийн 99 гэсэн тоог онцолж ярьсаар ирэх сонгуульд ялах магадлалтай нам хүчнийхэнд Үндсэн хуулийн заалтуудаар замыг нь засч өгч байна. 99 гэсэн тоо ингэтлээ амны уншлага болж байгаа нь зүгээр л өнгөлөн далдлалт төдий.

Эрх барьсан нам Засгаа байгуулна. Засаг нь хязгааргүй эрх мэдэлтэй байх нь. УИХ-ын гишүүд юу ч биш болно. 99 байна уу, 999 ч болоод нэмэргүй юм байна. Одоо Үндсэн хуульд оруулах өөрчлөлт нь гишүүдийн тоог 99, УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил, Ерөнхийлөгчийг аймаг, хотуудын засаг дарга, ИТХ-ын дарга нарыг оролцуулан парламентаар нууц санал хураалтаар сонгоно. Ингэхдээ ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч санал болгохгүй, Дээд шүүхийн шүүгч нар дотроосоо нууц санал хураалтаар сонгоно. Улсын ерөнхий прокурорыг Ерөнхий сайд санал болгоно. Хэрэв Ерөнхий сайдыг огцруулах бол УИХ-ын нийт гишүүдийн олонхи нь Ерөнхий сайдыг огцруулах бол оронд нь томилох хүний нэрийг хамт оруулж байж УИХ-аар хэлэлцэнэ. Ерөнхийлөгчийн хууль санаачлах, сонгогдох, томилох, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний талаар Ерөнхий сайдтай зөвшилцөх зэрэг эрхийг хассан. Засгийн газарт чиглэл өгөхийг хассан. Гадаад улсад улсаа бүрэн төлөөлж УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах эрхийг хасч байна. Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх эрхийг нь ч хасч байгаа аж. Харин шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөл санал болгох юм байна.

Засгийн газрын бүтцийг Үндсэн хуульд зааж гуравны нэгээс дээшгүй хувь нь давхар дээлтэй байж болно. Ерөнхий сайд бүтцээ, томилсон, чөлөөлсөн, огцруулснаа Ерөнхийлөгчид толилуулж, УИХ-д танилцуулна.

УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах санал тавибал УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ. Засгийн газрыг бүтнээр нь огцруулах эрх байгаа болохоос танхимынхаа гишүүнийг огцруулах эрх нь Ерөнхий сайдын л мэдэх асуудал болж байна. Эдгээр өөрчлөлтөөс харахад Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бүр байхгүй болгож, Засгийн газрын эрхийг хэт дөвийлгөж, Хууль баталдаг, төрийн эрх барих дээд байгууллага УИХ нь гүйцэтгэх засаглалаасаа ч дор эрхтэй болж таарах нь. Ийм л өөрчлөлтүүдийг хийж МАН-д бэлэг барихаар эрх баригчид зэхэж байна. Өрнөж буй үйл явдлууд, сонгуулиас өмнө яаран хэлэлцэх гээд байгаа нь ч өрөөл бусдад л ашиг өгөхөөс өөр нэмэр болдоггүйг өнгөрсөн удаагийн Үндсэн хуулийн дордуулсан өөрчлөлт, тэр үеийн үйл явдал, цаг хугацаа ч нэгийг хэлнэ бус уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *