Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндсэн хуулийн Цэц хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах оролдлого хийлээ! DNN.mn

Эхлээд нэг “тэмдэглэл”-ээс хүргэе. Жилийн өмнө “Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох нь” сэдэвтэй эрдэм шинжилгээний бага хурал болжээ. Тэр үеэр Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан Ш.Цогтоо “…Энэ УИХ, тухайлбал Г.Занданшатар дарга “…Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг үндэслэж Засгийн газрын бүтцэд өөрчлөлт хийж болохгүй. Цэц хууль тогтоогчдын бүрэн эрхэнд халдлаа. Цэц ер нь цаашдаа ч ингэж ийм нэмэлт, өөрчлөлт хийж болохгүй” гээд Цэцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Товчдоо бол энэ яриад байгаа асуудалд цэг тавьсан гэж би ойлгож байгаа. УИХ ер нь Цэцийн энэ тэнэглэлийн эсрэг өөр яалтай ч билээ. Өөр ийм шийдвэр авахаас ч өөр аргагүй байсан байх гэж би боддог юм. Тэр Цэцийн шийдвэр долоон хоног ч үйлчлээгүй. Цаашид ч үйлчлэхгүй. Гэхдээ суурь нь хэвээрээ байгаа шүү. Кейс тэр чигээрээ, хэн ч ашиглахад бэлэн байгаа. Тэгэхээр энэ их үр дагавартай юмыг хуульчдын давлагаагүйгээр, сэхээтний өргөн давхарга бол эсэргүүцэж, зэвүүцэж дургүйцээд зөндөө л юм болоод байна л даа. Гэтэл энэ асуудлаар эрдэм шинжилгээний бага хурал байнга хийгээд л, дахин дахин хэлэлцээд л, зарим нь бүр дахин хянуулах гээд ч байгаа юм шиг, магадгүй боловсронгуй болгуулах гээд ч байгаа юм шиг. Ер нь бол цаад утгаараа УИХ-ын шийдвэрийг эсэргүүцээд ч байгаа юм болов уу гээд зөндөө ийм мөн, биш болсон юм ярих бололтой юм аа. Үүнийг нь ер нь та юу гэж үзэж байна вэ. Зөндөө юм болж байна. Долоо хоногийн өмнө Хуульчдын холбооны өдөржин, шөнөжин хурал болсон. 7600 хуульч оролцсон гэж би бодож байна, бүх сувгаар нээлттэй байсан. Одоо хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа. …Би өөрийнхөө саналыг шуудхан хэлчихье. Нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохолчхов оо. Боловсронгуй болгох гэж оролдвол яг саяын Үндсэн хуулийнх шиг, Үндсэн хуулийн шүүх нь Үндсэн хуульдаа халддаг шиг завхрал болж мэдэх тийм нигуур бол зөндөө ажиглагдаж байна. Иймэрхүү юм чинь цааш цаашаагаа үргэлжлээд байвал улс төрийн хямралд хүрч, нийгмийг төөрөгдөлд оруулна. Энэ бол бараг зүй тогтол шүү дээ. Бусад оронд тохиолддог” гэж байв. Мөн тэрбээр “Хуулийг мухар сохроор шүтсэний хэрэггүй” илтгэлдээ “… Миний бие яах вэ, Цэц гэдэг том айлын тогооноос долоон жил хоол хороосон ч гэсэн илтэд буруу зүйл дээр, тэр тусмаа өөрийнхөө судалгааны ажлын гол обьект болсон Үндсэн хуулийн эмзэг, нарийн төвөгтэй асуудал дээр та бүхэнтэй санал нэг байгаагаа хэлмээр байна. Шуудхан хэлчихэд хамгаалах ёстой Үндсэн хуульдаа өөрсдөө халдлага үйлдчихсэн Цэцийн энэхүү халдлагыг займчуулж хэн нэг “захиалагч”-ийн тухай ярьж үймүүлэх, аль нэг нам руу түлхэж зайлуулах, эрт эдүгээ цагийн “төрийн гурван өндөрлөг”-тэй холбогдуулах гэж оролдох, янз бүрийн нөхдүүдээр элдэв эрээн мяраан тайлбар хийлгэх зэрэг аливаа увайгүй үйлдлүүд ямар ч утгагүй гэдгийг онцлон тэмдэглэмээр байна. Энд хэрэг үүсгэж тогтоол шийдвэр гаргасан Цэцээс өөр буруутныг хайх хэрэггүй ээ. Учир нь хэргийн эзэд, хэнгэргийн дохиур тодорхой. Цэц ийм буруу зүйл хийсэн үү гэвэл хийсэн. Цэц Үндсэн хуулийн үзэл санааны эсрэг маш том алдаа гаргасан. Одоо энэ алдаагаа Цэц өөрөө засаж нүглээ наманчлах ёстой. Монгол Улсын Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн дөрөв дэх хэсэгт “…Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байна” гэсэн тов тодорхой заалтыг бүдүүлгээр зөрчиж, хоёрхон жилийн өмнө 2019 онд ард нийтээр хэлэлцүүлж байгаад баталсан Үндсэн хуулийн ямар ч маргаангүй зүйл, заалтыг шууд устгасан Үндсэн хуулийн Цэц өөрөө буруутай.  …Зүй нь Үндсэн хууль зөрчсөн тухайлсан нэг салбар хуулийн зүйл, заалт юм уу, аль эсхүл Үндсэн хууль зөрчсөн гэм буруутай албан тушаалтны үйлдлийг Цэц хэлэлцдэг болохоос “…Үндсэн хууль нь өөрөө буруу” гэж хэлэлцдэг тийм шүүх, тийм Цэц манай улсаас өөр оронд байхгүйг саяхан болсон Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 20 жилийн ойн олон улсын эрдэм шинжилгээний хурал дээр Япон, Солонгос, Сингапурын эрдэмтэд асуултад хариулахдаа ямар ч хоёрдмол утгагүй нотолж баталж л байна” гэсэн байгаа юм.

Тэгвэл яг үүнтэй холбоотой асуудал улс төрийн хүрээнд, цаашлаад олон нийтийн дунд ч “…Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль, Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд 2022 оны наймдугаар сард оруулсан өөрчлөлт Үндсэн хууль зөрчсөн болж, түүнийг хүчингүй болгох замаар Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хянадаг болохоор зэхэж байна” гэх агуулга бүхий мэдээлэл өнгөрсөн зунжин яригдлаа.

Тэр байтугай 2023 оны хавар, 2024 оны өвөл нэр бүхий иргэд яг энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргасан талаар ч эх сурвалжууд ярьж, мэдээлэв.

Бид ч “…Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хянах эрхгүй гэж УИХ хуульчилсан нь Үндсэн хууль зөрчсөн” буюу товчхондоо “…Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийг хянах ёстой гэсэн агуулга бүхий иргэдийн мэдээлэл Үндсэн хуулийн Цэцэд очиж, тэр дагуу маргаан үүсгэж, хяналтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн” тухай мэдээлсэн. Тиймээс бид, “…Цэцийг Дээд шүүхэд “нэгтгэх” хувилбар яригдаж эхэллээ”, “…Г.Баясгалангийн үед Цэц “цэг” тавиулах уу”, “…Цэцийн дээр нэг л юм бий, тэр нь хөх тэнгэр биш Үндсэн хууль юм” мэдээ, нийтлэлийг хүргэсэн.

Харин Үндсэн хуулийн Цэц өчигдөр албан ёсны мэдээллийн сайтдаа нийтэлсэн мэдэгдэлдээ “…Эдгээр нийтлэлүүдэд гүтгэлгийн шинжтэй, үндэслэл, нотолгоогүй зүйлсийг дурдсаныг зарим цахим сайт хуулбарлан түгээсэн байна. Энэ бүхэн нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан Цэцийн бие даасан үйл ажиллагааг алдагдуулах, Цэцийн гишүүдийг ямар ч нотолгоогүй гүтгэх замаар Үндсэн хуулийн байгууллагын ажил хэргийн нэр хүнд, хүний нэр төр, алдар хүндэд санаатай халдсан, Цэцийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглосон зарчимд нийцэхгүй байна” гэжээ.

Тэгвэл, нэр бүхий иргэд “…Тодорхой хуулиудад 2022 оны наймдугаар сард өөрчлөлт оруулсан нь Үндсэн хуулийн Цэцийн онцгой бүрэн эрхийг хязгаарласан” гэсэн нэг агуулга бүхий мэдээллийг Үндсэн хуулийн Цэцэд гаргажээ. Нэг нь, “…Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль нь Үндсэн хуулийн Удиртгал, 1, 64, 66, 70 дугаар зүйлийг зөрчсөн” гэж, нөгөө нь “…2022 онд Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1-т “…Цэц Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай дор дурдсан маргааныг хянаж дүгнэлт гаргах бөгөөд шаардлагатай бол дахин хянаж, эцэслэн шийдвэрлэнэ” гээд 13.1.1-т “…Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль, УИХ-ын бусад шийдвэр” гэж, мөн Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 8.2-т “…Цэц Үндсэн хуулийг зөрчсөн тухай дараах маргаантай асуудлыг хянан үзэж, дүгнэлт гарган УИХ-д оруулах бөгөөд хэрэв дүгнэлтийг нь УИХ хүлээн зөвшөөрөөгүй бол Цэц дахин хянан үзэж Үндсэн хуулийн 66.З-т заасныг баримтлан эцсийн шийдвэр гаргана” гээд 8.2.1-т “…Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль, УИХ-ын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх” гэсэн нэмэлтүүд оруулсан. Энэ нь Үндсэн хуульд 64.1, 66.2.1, 70.1 дэх хэсгийг тус тус зөрчиж байна” гэсэн мэдээллүүдийг гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Ийм мэдээлэл нийтийн дунд тархсаар байтал Үндсэн хуулийн Цэц өөрөө “…Энэ оны наймдугаар сараас эхлэн Үндсэн хуулийн Цэцэд ирүүлсэн иргэдийн өргөдөл, мэдээлэл, гомдол, эрх бүхий байгууллага, албан тушаалтны хүсэлтийн дагуу Цэцэд маргаан үүсгэсэн тохиолдолд энэ талаар олон нийтэд тогтмол мэдээлж байна” гэсэн ч өнөөдрийг хүртэл дээрх мэдээллүүдийн талаар олон нийтэд хүргэхгүй байгаагаас улс төрийн хүрээнд болоод олон нийтэд хардлага төрүүлээд байгаа юм.

Тиймээс Үндсэн хуулийн Цэцийн дарга Г.Баясгалан дараах гурван асуултад хариулт өгнө үү.

Нэгт, Үндсэн хуулийн Цэцэд 2023 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр иргэн Н, 2024 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр иргэн Х нар мэдээлэл гаргасан эсэх.

Хоёрт, Дээрх иргэдийн мэдээллийн дагуу Үндсэн хуулийн Цэцийн гишүүд маргаан үүсгэсэн эсэх.

Гуравт, энэхүү мэдээлэл, маргааныг хянаж буй Үндсэн хуулийн Цэцийн нэр бүхий гишүүн УИХ-аас тайлбар авсан эсэх.

Эдгээр асуултад хариулт өгөхийг хүсэж байна.

Уг нь Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийн манаач, харин Үндсэн хуулийг “оролдох” эрхгүй. Тэр утгаараа, нэгэнт нийгэмд дэлгэгдээд, яригдаад явж байгаа дээрх мэдээлэл нь Үндсэн хуулийн Цэц, түүний дарга, гишүүд болон хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч сурвалжлагчийн хоорондын асуудал биш юм.

Угтаа Үндсэн хуультай холбоотой аливаа асуудлыг Монгол Улсын иргэд мэдэх эрхтэй. Хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ талаар мэдээлэх үүрэгтэй.

Гэтэл, Үндсэн хуулийн Цэц мэдэгдэлдээ  “…“Хэвлэл мэдээллийн зөвлөл”-өөс баталсан “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-д олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх нь сэтгүүл зүйн эрхэм дээд үнэт зүйл байх бөгөөд тус зарчмын 1.1-д “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ”, 1.2-т “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ”, 1.8-д “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно”, 2.1-т “Сэтгүүлч өөрийгөө танилцуулах, ил тодоор ажиллах нь энэхүү мэргэжлийн үндсэн зарчим болно”, 9-д ”Төлбөрт нийтлэл, нэвтрүүлгийг тусгай тэмдэг, тэмдэглэгээгээр ялгана” гэж заажээ. Иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй ч хэвлэл, мэдээллийн байгууллага дээрх ёс зүйн зарчмыг хэлбэрэлтгүй мөрдөх нь хариуцлагатай сэтгүүл зүйг төлөвшүүлэх, иргэдийн мэдэх эрхийг хангахад туйлын чухал гэж үзэж байна” гэжээ.

Үүгээрээ Монгол Улсын Үндсэн хууль, монгол хүний үндсэн эрхтэй шууд холбоотой мэдээллийг нийтэлж, хүргэсний төлөө Үндсэн хуулийг хамгаалагч Үндсэн хуулийн Цэц нь сэтгүүл, хэвлэл мэдээллийн байгууллагатай ёс зүй ярьж, улмаар Үндсэн хуулиар олгогдсон хэвлэл нийтлэх эрх чөлөөнд халдахыг оролдлоо.

Учир нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль 1 дүгээр зүйлд “…Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулахад оршино” гэж заасан.

Улмаар 3 дугаар зүйлийн 3.1-т “…Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй” гэсэн байдаг.

Мөн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д “…Монгол Улсын иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй” гэж заасан.

Түүнчлэн Үндсэн хуулийн Цэцийн зарим нэр бүхий гишүүн ингэж ёс зүй ярих эрх бий юу. Энэ цаашдаа Үндсэн хуулийн Цэцэд хэн байх вэ гэдгээр илэрч яригдах учиртай юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 1. МЯГМАР ГАРАГ. № 190 (7434)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *