Categories
мэдээ нийгэм

“Үндэсний сэтгүүлзүйн 105 жилийн ойн бүтээлч ажлууд” хөтөлбөрийг энэ онд хэрэгжүүлнэ гэв

Монголын Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан МСНЭ-ээс Баярын хурал зохион байгуулж, сэтгүүлзүйн салбарын шилдэг төлөөлөгчдөд шагнал гардууллаа.

Арга хэмжээг нээж МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр хэлсэн үгэндээ “105 жилийн түүхтэй Монгол Улсын сэтгүүлзүйн салбарт 67 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж буй сэтгүүлзүйн салбарын мэргэжлийн төв байгууллагын хувьд МСНЭ-ийн удирдлагын багийн хамт олон бид өнгөрсөн хугацаанд олж авсан ололт, амжилтаа бататгахын зэрэгцээ салбарынхаа ирээдүйн өөрчлөлтөд дасан зохицох, шинэ дэвшилтэт хөгжилд манлайлан түүчээлэх, гадаад харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шинэ бодлого, шинэ менежментийг Монгол Улсынхаа сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн салбарт хэрэгжүүлэхийн төлөө идэвхийлэн ажиллаж байна. Бид 2018-2022 онд хийж хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээ хангах ажлыг орон нутгийн салбар зөвлөлүүдээ дэмжих, чадавхжуулахаас эхэлсэн бөгөөд түүхт 105 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлэх “Үндэсний сэтгүүлзүйн 105 жилийн ойн бүтээлч ажлууд” хөтөлбөрийг 2018 ондоо багтаан хэрэгжүүлэхээр ажиллаж байна” хэмээн онцоллоо.

Сэтгүүлзүйн салбарын 100 орчим төлөөлөл оролцсон баярын хуралд Ерөнхий сайд илгээлт ирүүлснийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр уншиж, сонирдуулсан бол Эрүүл мэндийн сайд, МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан Д.Сарангэрэл сэтгүүлчдэдээ хандан амжилт хүсч, мэндчилгээ дэвшүүллээ. “Шинэ толь хэмээх бичиг” сонин Монголын Үндэсний сэтгүүл зүйн үндэс суурь сэдвээр доктор профессор, Монгол Улсын Соёлын гавяат зүтгэлтэн Л.Норовсүрэн хурлын зочдод мэдээлэл хүргэв.

Мөн энэ өдөр МСНЭ-тэй хамтран МОНЦАМЭ агентлагаас олгодог “Мэдээний шилдэг сурвалжлагч” шагналын эзэд тодров. 2018 оны Радиогийн төрөлд МҮОНР-ийн “Хурд” агентлагийн сурвалжлагч С.Мөнгөнтуяа, Сонин, сэтгүүлийн төрөлд “Засгийн газрын мэдээ” сонины сурвалжлагч Б.Баяртогтох, Телевизийн төрөлд NTV телевизийн сурвалжлагч М.Батхишиг нарт олголоо. Шагналыг “Алтан дүрмийн эзэн” тэмдэг, мөнгөн шагнал дагалдсан юм.
Түүнчлэн МСНЭ-ээс жил бүр ахмадууддаа хүндэтгэл үзүүлэн, алдар гавьяаг нь хойч үеийн залуусдаа сануулан “Алтан өргөмжлөл” гардуулдаг сайхан уламжлалтай. Энэ жил МҮОНР-ийн түүхийг бичилцсэн ахмад сэтгүүлч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Гүнсэн, “Үнэн” сонин, “Тоншуул”сонин, “Нийслэлийн сонин”-д 30 гаруй жилийнхээ амьдралыг зориулсан сэтгүүлч, шог зохиолч Г.Дамба нарт Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн удирдах зөвлөлийн шийдвэрээр Монгол улсын сэтгүүлзүйн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж МСНЭ-ийн “Алтан өргөмжлөл” дурсгаж, хүндэтгэл үзүүллээ.

Түүнчлэн Үндэсний сэтгүүл зүйн түүхт 105 жилийн ойн энэ өдөр Анхдагч хэмээх энэхүү нэр хүндтэй батламжийг Отгонтэнгэр Их сургуулийн Сэтгүүл зүй, Олон Улсын харилцааны тэнхимийн эрдэмтэн багш нар болон Монголын Сайтын Холбооны хамт олонд гардуулахаар Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Удирдах зөвлөлөөс шийдвэрлэсэн байна. Монголын сайтын холбооноос анхлан санаачилж, Отгонтэнгэр Их Сургууль дэмжин ажил хэрэг болгож, цахим сэтгүүлч бэлтгэх баклаврын сургалтын хөтөлбөрийг хамтран боловсруулж, Монголд анх удаа ЦАХИМ СЭТГҮҮЛЧ-ийн ангийг нээж, анхны төгсөгчдөө бэлтгэн гаргаад байна. Иймд Отгонтэнгэр Их сургуулийн Сэтгүүл зүй, Олон Улсын харилцааны тэнхимийн олныг “Монгол Улсын анхны цахим сэтгүүлч бэлтгэсэн сургууль” мөн болохыг, Монголын Сайтын Холбоог “Монгол улсад анх удаа Цахим сэтгүүлч мэргэжлийг санаачилсан байгууллага” мөн болохыг батламжилсан байна.

Түүхт энэ өдөр 100 жилийн ойн медалиар МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлч Шаравын Эрдэнэчимэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр “Өдрийн сонин”-ы Улс төрийн мэдээллийн албаны дарга Энхбаатарын Энхболд, МОНЦАМЭ агентлагийн гэрэл зурагчин Барамсайн Чадраабал, “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Давхардаваагийн Гансаруул, “Ган үзэгтэн” цол тэмдэгээр ETV телевизийн Мэндхүүгийн Мөнгөнчимэг нар шагнуулж, хөдөлмөр бүтээлээ үнэлүүллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *