Categories
мэдээ нийгэм

Үндэсний фронт генералуудаа хөөж, Ш.Гантулгыг тэргүүнээрээ сонгожээ

Монголын үндэсний фронт хөдөлгөөний тэргүүн генерал Б.Баярмагнай тэмцлээ зогсоож буйгаа мэдэгдсэн. Тэрбээр цаашид фронтын тэргүүнээр ажиллахгүй хэмээн тамга тэмдгийг нь хүлээлгэн өгчээ. Мөн түүний араас хошууч генерал З.Болдбаатар үндэсний фронтын үйл ажиллагаанаас татгалзаж байгаагаа мэдэгджээ. Тиймээс үндэсний фронтын удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, тодорхой шийдвэр гаргажээ. Энэ талаараа өнөөдөр (2019.11.12) Монголын үндэсний фронт хөдөлгөөнөөс мэдээлэл хийлээ. Генералуудын мэдэгдлийг үндэсний фронтынхон цочирдон хүлээж авснаа мэдээллийн эхэнд хэллээ. “Фронт байгуулагдахад 11 хүн хэзээ ч ухрахгүй гэсэн андгай тангараг өргөсөн. Гэтэл хоёр генерал нь шууд гарчихлаа. Ингэж гутаан доромжилж болох уу. Тиймээс хуралдаж, шийдвэр гаргасан. Ингэхдээ Б.Баярмагнай, З.Болдбаатар нарыг Монголын үндэсний фронтын удирдах зөвлөлөөс хөөсөн. Тэд нарт Монголын төрд орох нүүр байхгүй. Монголчууд урвагч нарт дургүй. Энэ хэдэн хүнийг хаяад явж болохгүй” гэдгийг фронтын удирдах зөвлөлийн гишүүн Мөнхбат мэдэгдлээ.

Генералуудаа хөөсөн фронт дараагийн тэргүүнээрээ олон улсын тоймч Ш.Гантулгыг сонгосон байна. Шинэ тэргүүн Ш.Гантулга үндэсний фронт хагарч, задраагүй гэдгийг хэллээ. Тэрбээр “Аймхай хулчгар амьтад нь зугтааж, үнэнч шударга зоригтой хүмүүс нь тулаанаа үргэлжлүүлэхээр үлдсэн гэж ойлго. Би Монголын ард түмний төлөөх тэмцлээ цаашид тууштай үргэлжлүүлнэ. 11 дүгээр сарын 15-нд зарласан жагсаалыг хийх болно” гэдгийг хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *