Categories
мэдээ цаг-үе

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч VIII Богд Жавзундамба хутагтын лавринд саатахуй

Богд хааны саарал зааны өмсгөл хэрэглэлийг хүмүүс сонирхож байна.

Монгол Улс үндэсний эрх чөлөөгөө эргүүлэн олж, тусгаар тогтнолоо баталсны түүхэн ойн өдөр маргааш тохионо. Хоёр зууны турш Манжийн дарлалд толгой гудайлгасан ард олон 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд эрх чөлөө, тусгаар тогтнолоо албан ёсоор зарлаж, Богд Жавзундамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн билээ. Хэдийгээр олон жилийн турш энэ түүхт өдрийн үнэ цэнийг төдийлөн тодорхойлохгүй явж ирсэн ч сүүлийн үед тухайлан тэмдэглэж, тусгайлсан баярын өдөр болгож зарлаад байгаа юм.

Харийн дарлалд орж, гадны буулганд гудайж үзээгүй байсан монголчууд Манж Чин гүрний нэгээхэн хэсэг болж хоёр зууныг өнгөрөөсөн. Харин манжуудын мөхөл, нөхцөл байдлын таатай бүрдэл бий болсноор бид толгой дээгүүр харж, өөрсдийн өрхөө татах боломжтой болж байлаа. Яг энэхүү тэмдэглэлт өдрийн 114 жилийн ой тохиож буйтай холбогдуулан энэ удаагийн “Танайд өнжье” булангаа бэлтгэхээр бид Үндэсний эрх чөлөөний хувьсгалын оюун санааны удирдагч VIII Богд Жавзундамба хутагтын өргөөнд саатан зочиллоо. Ингэхдээ урьдынхаараа “Богдын музей”-г үзэж сонирхохоор яваа бус харин Монголын шашин төрийн жолоог хослуулан атгаж явсан удирдагчийн гэр өргөөнөө саатаж байна хэмээн сэтгэлдээ сүсэглэж, шүншиглэж очив.

Ногоон ордон буюу Билгийг хөгжүүлэн бадруулагч хийд

Нэгэн цагт Нийслэл хүрээний хамгийн гол үйл явдал өрнөж, хажуугаар өнгөрсөн хүн болгон харцаа өргөн биширч, мутартаа сүсэглэж, түм түжигнэж, бум бужигнаж явсан эл орд өдгөө хотын сүрлэг барилгуудын өнгөнд дарагдан, үр ач нартаа ноолуулсан өвгөн баатар шиг даруухнаар оршсон хэвээр. Ид хүйтний үе болоод ч тэр үү биднийг очиход ордон музейг үзэж сонирхох хүн хар цөөн, ажин түжин ноёлжээ.

“Богд хааны ордон музей”-н захиргааны байранд ороход байдал өөр. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ой дөхөж байгаа болохоор ордон музейн ажилтнууд тус бүрнээ толгой өндийх завгүй ажиллаж байна. Хамгийн түрүүнд музейн захирал О.Мэндсайханы өрөөгөөр зочлоход тэрбээр Богд хааны ордонд арав гаруйхан наснаасаа бичээчээр ажиллаж, улмаар Судар бичгийн хүрээлэнгийн дарга, Шүүх яамны сайд хийж явсан манжич эрдэмтэн Л.Дэндэвийн “Монголын товч түүх” хэмээх тэмдэглэлийг судалж суув. Тэрбээр ажлаа ярьсаар биднийг угтлаа. Ойн өдөртэй холбогдуулан эл номыг эмхлэн гаргасан бөгөөд ойрмогхон нээлтээ хийхээр төлөвлөж байгаа аж. О.Мэндсайхан захирал “Манайхан чинь бүгдээрээ л их завгүй суудаг улс шүү дээ. Музейд ажилладаг гэдэг утгаараа бүгд тусгай чиг үүрэгтэйгээр ажилладаг. Музейн нягтлан гэхэд дан санхүүгээ хариуцахгүй тусгайлсан эрх зүйн орчинд ажиллана. Цэвэрлэгч, цахилгаанчин, слесарь гэхэд бүгд музейн дурсгал, эд зүйлсийг хамгаалах чиг үүрэгтэйгээр ажилладаг. Үзмэртэй харьцах арга ажиллагаанд суралцсан байх ёстой” гэж байв.

Одоогийн байдлаар Богд хааны ордон музейд орон тооны 29 хүн ажиллаж байгаа аж. Барилга, байшингийн нийт талбай 3820 метр ам дөрвөлжин талбай. Үзмэр үзүүлэлтийн нийт ашигтай талбайгаа тооцвол 18 мянган ам дөрвөлжин газар байгаа. Энэ талбайтай харьцуулбал манайх харьцангуй цөөн хүнтэй. Яг одоогоор 20 хүн ажиллаж байна. Хүн хүрэлцээ багатай учраас ихэнх ажилчид бие биенийхээ ажлыг нөхөж хагас бүтэн сайнгүй л ажиллаж байна даа хэмээн тэрбээр ярьсан юм.

Бидэнтэй хэсэгхэн хугацаанд хөөрөлдөх зуур л О.Мэндсайхан захиралтай албан ажлын хэргээр уулзах хүмүүс зогсолтгүй ирж байв. Иймд захирал Музейн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Гүнчин-Ишид биднийг үзмэр, үйл ажиллагаа, түүх дурсгалтай танилцуулах ажлыг даалгаад дараагийн ажилдаа орсон юм.

Эрдэм шинжилгээний ажилтан Ц.Гүнчин-Иш энд гурван жил ажиллаж байгаа ажээ. Ордны дотоод болон гадаад бүхий л үзмэр, барилга байгууламжийг гарын арван хуруу шигээ судалж, мэдсэн хүний нэг аж. Өрөөндөө оруулж халуун цайгаар дайлсны дараа ордноо танилцуулах дадаж зуршсан ажилдаа шамдан орлоо. Тэрбээр биднийг дагуулсаар VIII Богдын ордны хамгийн гадна талын төв хаалган дээр ирж зогсоод, хүндэтгэсэн байдлаар харан тайлбарлах ажилдаа оров. Өмнө нь үүгээр цөөнгүй удаа явж байсан ч “Богд хааны ордон.Эртний хийцтэй дээр үеийн барилга” гэж хальтхан бодохоос цаашгүй өнгөрдөг байжээ. Олон ч хүн ингэж өнгөрсөн байж мэднэ. Тайлбарлаж байх үед тогтоод харахад хаалга бүрийн хээ угалз, зураг дүрслэл гойд нарийн, чамин тансаг байх бөгөөд бүгд цаанаа утга учрыг илтгэх аж.

“Ногоон ордны үүдний хэсэг буюу гол ёслолын их хаалганы өмнө бид ирээд байна. Энэ үүдний хэсэгт янпай хаалга буюу хана хэлбэрийн халхавч байдаг. Энэ хаалга нь ордны газар аливаа муу зүйл орж ирэхээс сэргийлдэг ёслолын бэлгэдэлтэй хаалга. Ёслолын хаалгыг хөх тоосгоор босгож, дээр нь сав шим ертөнцийн түүхийг харуулсан зураг дүрслэлийг сийлжээ..” гэсээр тэрбээр яриагаа эхэлсэн юм. Янпай хаалганы өмнөөс үргэлж нээлттэй байдаг Асарт гурван хаалга байна. Асарт гурван хаалганы доогуур орсон хүний гэм нүгэл ариусч, муу зүйлээс салгадаг гэж үзэх бөгөөд ёслолын зан үйлд нэлээд том үүрэг гүйцэтгэдэг байжээ. Ц.Гүнчин-Ишийг тайлбарлах үеэр тэр үеийн бүхий л том лам хувраг, мяндагтнууд, ноёд түшмэдээ дагуулсан хаан хатан хоёр гоёл зүүсгэлээ өмсч, бүрээ, цан дуугаргаж сүрт жагсаал хийн энэ хаалган доогуур ёслол төгөлдөр орж, гадна дотны төлөөлөгчдөө бараа сүртэйгээр угтан авч байгаагаар төсөөлөгдөж байв.

Үндэсний эрх чөлөөний хувьсгал өрнөсний дараа Богд хааны улс төрийн бодлого, үйл хэрэгт томоохон өөрчлөлт гарснаас гадна түүний суух орд харшууд, тэр битгий хэл хувийн сонирхолд ч өөрчлөлтүүд орсон нь харагддаг байна. Энэ нь Богд хааны ногоон ордны цогцолборын үүднээс эхлээд л ажиглагдах ажээ. Тухайлбал, Асарт хаалганы хоёр хажууд Чаган багана буюу тугны хоёр багана байх аж. Богдыг хаан ширээнд өргөмжлөгдөхөөс өмнө энд жанцан өлгөж унжуулдаг байсан бол хаан ширээнд өргөмжлөгдсөний дараа баруун талын багана дээр улсын тугийг мандуулж, зүүн талынх дээр нь шашны тугийг мандуулж шашин төрийг хослон баригч их хаан гэдгийг ард олонд илтгэдэг болжээ. Мөн 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Богдыг хаан ширээнд өргөмжлөгдсөний дараа ногоон ордны цогцолборт өөрчлөлт оруулсан томоохон зүйлийн нэг нь Асарт гурван хаалганы цаана Амгалан энхийн хаалгыг бариулсан явдал. Хамгийн том нь болох энэхүү хаалгыг тухайн үеийн бүхий л урчууд оньс углуургын аргыг ашиглаж ганц ширхэг хадаас оруулалгүй барьж байжээ. Энэ нь улсын бат бэх байдал, эв нэгдлийг бэлгэдсэн учиртай аж. Мөн л шашин төрийг хослон барьсан их хаан гэдгийг бэлгэшээж шашны өлзийт найман тахил, төрийн долоон эрдэнийн тоогоор найман тулгуур багана дээр долоон давхар дээвэр хийж барьсан түүхтэй аж.

Түүхийг гуйвуулж, цаг тооллын буданд үнэн сарниж байх үед бид Богд хааны талаар арай өөрөөр бодож, бичдэг байлаа. Гэвч түүний хийсэн үйл бүр утга учиртай, барилдлага жанцантай байжээ. Энэ мэтчилэн эрдэмтэн Ц.Гүнчин-Иш бидэнд Богд хааны ногоон ордны цогцолборын хаалга, сүм, хашаа, түүн доторх үнэт өв тус бүрийг үүх түүхтэй нь холбон дэлгэрэнгүй өгүүлж явсан юм.

Монголын шарын шашны тэргүүн VIII Богд хааны дөрвөн том ордноос бараг бүтнээрээ хадгалагдаж үлдсэн нь өнөө бидний нэрлэж заншсан энэхүү Богдын музей буюу Ногоон ордны цогцолбор юм. Дээврийг нь битүү пааландаж ногооноор будсаны улмаас Ногоон ордон хэмээн алдаршсан ч шашны нэр нь Шарав пэлжээлин хийд буюу монголоор Билгийг хөгжүүлэн бадруулагч хийд гэсэн утга бүхий нэртэй цогцолбор ажээ. Энэхүү цогцолбор нь дотроо Шарав пэлжээлин хийд тэргүүтэй хэд хэдэн сүм, өвлийн ордон болон бусад сууцнуудаас бүрддэг байж. Гэвч мөн л цаг төрийн үймээнээр тухайн үед байсан зарим сүм, Богдын тэжээмэл амьтдын хашаа хороо, байр зэрэг нь устан алга болжээ. Богд хаан Ногоон ордондоо зуны цагт шашин номын үйл гүйцэтгэхээс гадна төрийн ихэнх хэрэг үйл ажлаа өвлийн ордондоо явуулдаг байсан аж. Нэг ёсондоо энэхүү цогцолбор Богд хааны бусад орд, сүм хийдүүдээс улс төрийн байгууллагын шинжтэй, төрийн чухал үйл хэргээ явуулдаг, ноёд, сайд нараа хүлээн авдаг байр байснаараа онцлог хэмээн тайлбарлагч ярьсан.


ХААН ХАТАН ХОЁРЫН 20 ЖИЛ ХАНИЛАН АМЬДАРСАН ОРД ӨРГӨӨ

Бидний дараагийн саатсан газар нь Богд хааны өвлийн ордон юм. Өвлийн ордны шавыг 1903 онд тавьж, 1905 он гэхэд барьж дуусгажээ. Наймдугаар Богдын голлож суудаг томоохон ордны нэг нь энэхүү өвлийн орд байв. Түүний бага залуу насны дурсамжаас авахуулаад, амьдралынх нь хамгийн чухал он жилүүд энэ л ордон өргөөнд болж өнгөрчээ. Тус ордныг Оросын Цагаан хаан буюу II Николай хааны бэлэглэсэн зураг төслөөр буриадуудаар бариулсан түүхтэй юм байна. Тухайн үед Монгол Улс Манжийн эрхшээлд байсан бөгөөд Манжийн хаан буруу номтны ордон бариуллаа хэмээн зэмлэхэд Богд хаан дээр нь алтан ганжир босгож, цонхных нь эргэн тойронд бадамлянхуа цэцгийн хээ зуруулж хэл амыг нь дарж байсан хэмээн тайлбарлагч маань ярьсаар ордон доторх хааны хэрэглэж байсан эд зүйлс, тухайн үеийн ахуй амьдралтай танилцууллаа. Нээрээ л харахад орос шавар байшин шиг тэгсэн атлаа дорнын өнгө аясыг хадгалсан хийцтэй байсны учир энэ ажээ. Энэхүү ордонд зочилсон тухайгаа олон судлаач, жуулчин, дипломатч, их бичгийн хүмүүс дэлгэрэнгүй тэмдэглэн үлдээсэн байдаг. Өвлийн ордон дотор ороход эртний уран дархдын чамин хийцтэй тавилга сэлт, Богд хаан болон Дондогдулам хатны исэр ор, хувцас хэрэглэл байгаа хэдий ч цаанаа музей гэдэг утгаараа жаахан хөндий хоосон сэтгэгдэл төрүүлж байсан юм. Харин энд айл аж төрж байх үед ийм байгаагүй нь мэдээж биз ээ. Хааны бага ахуй цагаас тоглож өссөн тоглоомон гэр, модон хөлөг онгоц, эмээлээс авахуулаад түүний Германаас захиж авчруулсан халуун орны ховор шувууд ан, амьтдын чихмэл, саарал зааных нь хэрэглэл гээд бүхий л зүйл байв. Богд Жавзундамба хутагт аливаа сонин зүйлс цуглуулах, тэр дундаа ховор сонин амьтад болон чихмэлийн цуглуулгатай байсан. Тэр дундаа саарал заанаа гойд хайрлаж, онцгой анхаарал тавин, заанаа арчлахад зориулан тусгайлан хүмүүс гаргаж байжээ. Хаан ширээнд суусныхаа дараа Төрийн долоон эрдэнийг ордондоо бодитоор бүрдүүлсний нэг нь саарал заан байсан бөгөөд энэ ч үүднээс их хүндэтгэлтэй ханддаг байсан аж. Гэхдээ он цагийн уртад зарим үзмэр, чихмэлүүд нь алга болсон бололтой. Нэлээд хэдэн жилийн өмнө манай сонины нэг сурвалжлагч тухайн үеийн БСШУ-ы сайдаас Богдын музейд байдаг анаашны чихмэл хаачсан талаар асууж, сайд ч өөрөө хаачсаныг нь мэдэхгүй мэргэжилтнээсээ лавлаад асуудал болж байсан гэдэг. Үнэндээ ч сайд ч, өнөөх сурвалжлагч ч аль аль нь комбинатын хүүхдүүд байсан болохоороо багаасаа л Богдын музейгээр орж, гарч өссөн юм билээ. Богдын өвлийн ордны адарт толгой нь тулчихсан “зогсч” байдаг байсан өнөөх анаашны арьс нь язарч задарч, чихмэлээр ашиглах боломжгүй болсноос үзмэрээс гарчээ.

Өнөө цагийн монголчуудын сэргэн мандалтын эхлэл болсон 1911 оны хувьсгал өрнөхөд VIII Богд хааны үүрэгч ач холбогдол тэгтэл байгаагүй гэж үзэх хүмүүс байдаг. Нэг хэсэг Богд Жавзундамба хутагтын үйл хэргийг нуун дарагдуулж, сохор түвд хэмээж байсан үе бий. Гэхдээ өдгөө Үндэсний эрх чөлөөний хувьсгал өрнөхөд түүний төрийн бодлого, баримтлал чухал үүрэгтэй байсан гэдгийг түүхчид, эрдэмтэд баттай баримт, судалгаагаар нотолж байна. Наран гэрэлт, түмэн наст VIII Богд Жавзундамба Агваанлувсанчойжи-нямаданзинванчүг 1869 онд Түвдийн Лхасын ойролцоо Гончигцэрэн, Ойдүвдолма нарын дөрөвдүгээр хүү болон мэндэлж байжээ. Түүнийг 1875 оны хөхөгчин гахай жил Халхад залж, Богд Жавзундамбын VIII дүрээр өргөмжилсэн түүхтэй. Тавхан наснаасаа монгол түмэнд шүтэгдэх болсон бяцхан хүүг монголчууд жинхэнэ гэгээнтэн хэмээн хүндэлж, улмаар 1911 онд Монголын шашин төрийг хослон баригч эзэн хаанд өргөмжилж байсан. Түүнийг эл түүхт хувьсгалыг оройлон манлайлсан хүн гэдгийг түүхийн эх сурвалжуудад, тухайн үед Монголд сууж байсан гадны элч төлөөлөгчид тэмдэглэсэн байдаг ажээ. Тухайлбал, “Монголыг эрх чөлөөтэй залгуулсан, энэ үйл хэргийг манлайлсан хүн нь яах аргагүй хутагт мөн” гэж хүрээнд сууж байсан Оросын ерөнхий консул В.Ф.Люба тэмдэглэж үлдээж байжээ. Мөн Богд хаан “Эдүгээ манай Монголын шашин төрөө бататган, газар нутгаа хамгаалж, өнө удаан амар жаргалтай суухын аргыг бодох цаг болов. Зүгээр сууж энэ тухайг алдан өнгөрүүлбээс эрх жаргалтай суух байтугай элдэв зовлонг үзэж газар шороогоо ч эзэмшиж чадахгүй болно. Энэ учрыг мэдсээр байж та бүгдэд эс сануулбаас монгол тоотон бүгдээрээ миний найман дүрийг шүтэж тахисны тус үгүй болох тул би мэдсэнээ хэлэхгүй зүгээр сууж төвдөхгүй. Үүнийг танай олон ноёд түшмэд арга юуг сайтар бодож тус тусын санаж бодсоноо нэн даруй над илтгэ” хэмээн лүндэн буулгасан байдаг нь тухайн үеийн хувьсгалыг манлайлан оролцсон ноёд түшмэдийн хэргийг дэмжиж, өөрийн санаа бодлыг илтгэн тушаал даалгавар өгдөг байсны илэрхийлэл хэмээн Ц.Гүнчин-Иш мөн хэлсэн юм. Тэр битгий хэл тухайн үед Богд хааны зөвшөөрөлгүй хүрээнд элдэв хурал цуглаан болдоггүй байжээ.

1911 онд Сандо амбан тэргүүтэй Манжийнхныг Монголоос хөөн гаргасны дараа арванхоёрдугаар сарын 29-нд шар ордонд VIII Богд Жавзундамбыг ёслол төгөлдөр хаан ширээнд өргөмжлөхөд үндэсний эрх чөлөөний үнэ цэнийг эл өдрүүдэд монголчууд үнэхээр их хүсч байснаа мэдэрч, хүн бүрийн магнай тэнийж, сэтгэлд нь нар гийсэн хэмээн насан буурлууд дурссан нь буй.

Одоо хүмүүст тийм ч утга учир бүхий санагддаггүй ч тухайн үеийн монголчуудын хамгийн их хүсч тэмүүлж олж авсан эл ялалт ямар үнэ цэнтэй байсан нь ойлгомжтой. Айл бүр, хүн бүр дор бүрнээ чадах ядахаараа баярлаж, хааны ордонд их найр үүсгэн, ард олонд буян хишиг тарааж байсан гэнэ. Тухайн үед түүнийг хаан ширээнд залахад өмсгөсөн малгай, алтан хээтэй хувцас хэрэглэл нь өдгөө Богд хааны өвлийн ордонд хадгалагдаж байна. Тэрбээр хаан болсныхоо дараа шашны хэрэг эрхлэх тамгаас гадны, алтан ургийн хаадтай адил төрийн хэрэг эрхлэх хасбуу тамга хийлгэж байсан нь мөн ордон музейд хадгалаастай байна.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталсны дараа Богд Жавзундамба хутагтын баримталж байсан нэг бодлого нь гадны улс орнуудад тусгаар тогтнолоо зарлаж, хүлээн зөвшөөрүүлэх явдал байв. Үүний нэг илэрхийлэл нь тэрбээр 1912 онд хаан ширээнд сууснаас нэг жилийн дараа Франц, Англи, Бельги, Япон, Дани, Голланд, Австри, Унгар улс руу бичиг илгээж байжээ. Энэхүү бичгийн нэг хувийг “Богд хааны ордон музей”-н захирлын өрөөнд жаазлан өлгөсөн нь анхаарал татаж байсан юм. Энэ мэтчилэн шашин болоод төрийг хослуулан барьж байсан их хаан гэдгийг илтгэх биет өвийн зарим хэсэг нь одоо болтол түүхийн амьд гэрч болон хааны ордонд үлджээ. Гэвч цаг төрийн үймээнд нэгээхэн хэсэг нь устаж алга болсон ажээ.

Богд хааны хувийн амьдрал хүн бүрийн сонирхолыг татдаг. Тэгвэл Богд хаан Дондогдулам хатантай хэрхэн ханилсан, шарын шашны тэргүүн эхнэр авах болсон зэрэг нь өнөөдрийг хүртэл нууцлаг хэвээр байдаг гэнэ. Эрдэм шинжилгээний ажилтан Ц.Гүнчин-Ишийн ярьснаар Дондогдулам хатныг Бүрэн засагчийн сүүлчийн он буюу аргын 1874 онд Хөвчийн жонон бэйлийн хошуунд Цэнд Хиагийнд мэндэлж байхад, Халхын шарын шашны тэргүүн Богд Жавзундбамба хутагтын наймдугаар дүрд тодорсон таван настай Агваанлувсан ээж, дүү нарын хамт Монгол оронд залагдан ирж байжээ. Богд Агваанлувсан түүнтэй 1896 онд Амарбаясгалантад анх танилцаж байсан аж. Богд хаан нэгэн удаа анхдугаар дүр Өндөргэгээн Занабазарын байгуулсан Амарбаясгалантын хийдэд залраад буцахдаа Дондогдуламыг Хүрээнд дагуулан ирсэн байна. Сүсэгтэн олныхоо дунд “Амьд бурхан” хэмээн шүтэгдсэн тэрбээр эхнэр авах болсон нь урьд долоон дүрд нь тохиолдож байгаагүй явдал байв. Тиймээс Дондогдуламыг эхэндээ эр хүний дүрээр, хувраг хүний номт хувцас өмсгөн Хүрээнд оруулж ирсэн гэнэ. Богд гэгээн хатан буулгах болсны цаад шалтгаан нь түүнийг цаашид шашин төрийг хослуулан барих хаан сэнтийд залахын бэлтгэл байсан гэж үзэх хүн ч байдаг аж. Мөн шашны тэргүүн хүн эгэл хар хүний адил эхнэр авах нь зохимжгүй байсан учир Богд Жавзундамба хаан эхнэрээ эмэгтэй бурханы хэмжээнд өргөмжлөх шаардлага гарч Цагаан дарь эхээр өргөмжилсэн гэдэг. Ийнхүү Дондогдулам Хүрээнд ирснээсээ хойш зургаан жил Богдтой нууцаар ханилсны эцэст 1902 онд сая Богдын хатанд өргөмжлөгдөн “Ачлалт ялгусан дагина, Эрх цагаан дарь” цол авчээ. Дондогдулам хатан хүн хэдий ч монгол эхнэр хүний ёсоор өөрөө хаанд цай хоолыг нь аягалж өгч, дээл хувцас хэрэглэлээ оёдог байжээ. Зээгт наамлын урлаг Монголд хорьдугаар зууны эхэн үеэр оргилдоо хүртэл хөгжжээ. Энэ үед Дондогдулам хатан Богдын ордны урчууд болон Санган аймгийг удирдаж байсны үр нөлөө гэж үздэг аж. Үүнээс гадна Дондогдулам хатан дуу хуур, шүлэг бичдэг, ном судар унших дуртай хэд, хэдэн хэлтэй эрдэм төгс хүн байжээ. Богд хааныг хаан ширэнд залсны дараа зохиогдсон Монголын анхны төрийн дуулал гэж хэлж болох “Зуун лангийн жороо луус” дууг Дондогдулам хатан зохиож байсан гэдэг. Мөн Богд хаан Дондогдулам хатныг хатан ёсоор өргөмжилснөөс хойш хааны ордон илүү хөгжсөн гэнэ. Түүнийг Цагаан дарьд өргөмжлөгдсөнөөс эхлэн Богдын Ногоон ордон, Хайстай лавиран хэмээх зуны орднууд үлэмж хөгжиж, шашин төрийн байгууллага гэхээсээ илүү өрх гэрийн шинжтэй болж ирсэн гэж үздэг аж. Хааны ордон амь орж илүү халуун дулаан шинжтэй болгожээ. Дондогдулам хатан гадна дотнын том төлөөлөгчид ирэхэд монгол эзэгтэйн ёсоор өөрийн биеэр цай аягалж өгдөг байсан талаар дурсамж тэмдэглэл байдаг аж. Мөн тэрбээр бусад бүх л эмэгтэй хүн, хатдын адилаар гоё сайханд дурлаж, тухайн үедээ хамгийн чамин ганган хийц бүхий хувцас, гоо сайхны эд зүйлс эдэлж хэрэглэж байсан нь ордон дотор үлдсэн түүний цөөхөн эд зүйлсээс харагдана.

Хаан хатан хоёрыг 27 жил ханилан амьдарч байх хугацаанд эрх дагиныг “хөл хүндэрчээ” гэсэн цуу Хүрээнд хэд хэдэн удаа дэгдэж байжээ. Дам яриагаар бол Богд, Эх дагина хоёр үр хүүхэдтэй болчихвол Далай лам, хутагт хувилгаадын сүнс шилжин тодордог шарын шашны уламжлалт тогтолцоо мухардмал байдалд орж, мах цусны угсаа залгамжлагчтай болохоос айсан томоохон лам нар Дондогдуламыг үргүй болгох хар дом хийж, Зайсан уулыг тахисан гэдэг аман яриа үлджээ. Мөн их хааны хатны хувьд өнчин өрөөсөн, эцэг эхдээ хаягдсан олон хүүхэд үрчилж авсан байдаг. Хаан хатан хоёрын үрчилж авсан хүүхдүүдээс нэрт хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийг ард олон илүү мэдэх билээ.

Монголын нэгэн үеийн түүхийг, хамгийн сүүлийн хааны амьдралыг мөнхлөн үлдээсэн, ард олондоо бурхан адил шүтэгдэж явсан VIII Богд Жавзундамба хутагт, Цагаан дарь эх Дондогдулам хатны Ногоон ордны цогцолбор, өвлийн өргөөнөө бид ийнхүү саатаж ахуй амьдрал үүх түүхтэй танилцан нэгэн өдрийг өнгөрөөсөн юм.

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *