Монголчуудын хэдэн зууны турш тэмдэглэж ирсэн уламжлалт баярууд бол цагаан сар, наадам. Цагаан сар хаяанд ирж идэр дөрвөн есийн хүйтэнд бууз, ууц, ул боов, бэлэг сэлт зэхсэн хүмүүс худалдааны төвүүдээр дүүрэн. Хүйтнийг хүйтэн гэлгүйгээр ёстой л бужигнаж байна. Хэзээнээсээ уламжлагдан ирсэн энэ баяраа Монголчууд тэмдэглэх ёстой. Нэг хэсэг сар шинийн баярыг айл хэсч, бэлэг аван, бууз иддэг баяр гэсэн ойлголт түгээмэл байсан бол өнөөдөр хүмүүсийн сэтгэхүй арай өөр болсон. Улс төрийн хүрээнийхэн нам эвсэл гэлгүй аль ахмад настандаа хүндэтгэл үзүүлэн золгож, тоотой хэд харагддаг захирал, дарга нартайгаа заавал ажил биш ахуй амьдралаас эхлээд сэтгэл зүрхний угаас ярилцдаг тийм сайхан баяр юм. Монгол үндэсний өв соёлыг тээж, эрхэм нандан ёс жудгаар учран золгодог баяр хэмээн ихэнх хүмүүс тодорхойлдог. Ойрд уулзалдаагүй ах дүүс, ураг саднаараа учран золгож, элэг дэвтээж хэдэн өдрийг өнгөрүүлдэг. Дайсан цэрэг гэж нуруугаа харуулалгүй, ах дүүсээрээ учран золгодгоороо өдөр бүр шахам тэмдэглэдэг бусад баяраас үнэ цэнтэй.
Хуучин цагт цагаан сарыг устгахаар малчдын баяр болгосон ч малчид гэлтгүй хотынхон нь хүртэл нууцаар тэмдэглэж ирсэн. Энэ баярыг устгаж дийлэхгүй болохоороо улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон тухай бага ангийн сурагч байхад ангийн багш маань сонин байх гэдэг үднээс бидэнд ярьж өгдөг байлаа.
Цагаан сарыг нүүдэлчин хэв маягийг хадгалж ирсэн баяр хэмээн тэмдэглэх нь олонтаа. Гэвч бид суурин иргэншилд шилжээд багагүй хугацааг өнгөрүүлээд байгаа ч үүндээ дасан зохицон баярлаж байгаа бил үү гэдэг асуулт өнөөдөр ч асуултын тэмдэгтэй хэвээр байна. Нэгэнт бид суурин иргэншлийг сонгосон тул цагаан сарын баярыг ч гэсэн арай өөрөөр тэмдэглэх ёстой санагддаг юм. Тухайлбал, тавгийн идээ засдаг ул боов, ууцнаас эхлээд ярих зүйл бий. Өнөөдөр хэвийн боов, ууцны өөхийг иддэг хүнгүй болсон гэхэд гайхаад байх зүйлгүй. Тос, гурил, элсэн чихэр хольж хийсэн ул боовыг идэхээ больсныг ноднингийн цагаан сарын дараа хогийн цэг дээр хэдэн зуугаар нь хаясан зурагнаас харж болно. Хэвийн боовонд тос ихээр агуулагддаг тул цөс өвтгөдөг хэмээн идэхээсээ илүүтэйгээр таваг засахад л хэрэглэдэг болжээ. Цагаан сар болохоос хэд хоногийн өмнө ууцаа чанаж, баярын гурван өдөр дамнуулан халуун гэрт хонуулж дараа нь бүтэн сарын турш идэцгээдэг. Хоносон хоол хүртэл идэхээ байсан энэ цагт ингэж ууцны өөх махыг идэх хүн байхгүй. Ходоод, цөс өвтгөдөг гээд энэ идээнээс цааргалах болжээ. Хүнсний бүтээгдэхүүн удахаараа тэжээллэг чанараа алдаж хоол болохоосоо илүүтэйгээр хор болдог тухай эрүүл ахуйчид хангалттай тайлбарладаг. Хамаг байдгаа барж нэг баярлаж, хамаг хүндээ идэж биеэ өвтгөнө гэдэг асуудал мөн үү, мөн. “Эрүүл явбал ирэх жилийн наадам үзнэ” гэдэг үгтэй. Эрүүл байж ирэх жилийн цагаан сараараа дахин золгоцгооё л доо.
Одоо бол нэг ууц авахын тулд дор хаяж 150 мянган төгрөгтэй байх хэрэгтэй. 2014 оны статистикийн дүнгээс харахад Монгол Улсын хэмжээнд 823.4 мянган өрх айл бий гэжээ. Эдгээр айлуудын тал хувь нь ууц тавилаа гэхэд 123.5 тэрбум болж байгаа юм. Түүнчлэн бүх айл хэвийн боовоор тавгийн идээ засдаг гээд бодохоор бас чамгүй өндөр тоо гарна. Сүүлийн үед транс тос хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдэг зүйлийг дээр дооргүй ярьж байна. Хэвийн боовыг чухамдаа транс тосоод хийдэг. Ингээд үзэхээр эрүүл мэнд, эдийн засаг талаа бодсон ч өөрчлөх цаг нь болсон гэдэг нь харагдаж байна. Энэ хэвшмэл хэв маягийг хэрхэн яаж өөрчлөх вэ. Ааруулаар тавгийн идээгээ засах нэг арга байна. Зарим айлууд ааруулаар тавгийн идээ зассан байгаа нь харагддаг ч бүх айл тэгж чаддаггүй. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний компаниуд энэ тал дээр шинэлэг арга хэмжээ авч чадвал цаашаа гэх хүн гарахгүй л байх.
Монголчууд өндөр настнуудаа хүндэлж ууц тавьдаг байсан тухай Монгол ёс заншлын их тайлбар тольд бий. Энэ утгаар нь аваад үзэхээр 70-аас дээш насны ахмадууд л ууц тавьж, бусад нь дал, дөрвөн өндөр тавьдаг болчихвол ёс жаягаа ч гээхгүй явах боломж бий. Ууц тавих айл өрхүүдийн тоо багасвал тэр хэмжээний малын амь үлдэнэ гэсэн үг. Эдийн засаг хүнд байгаа нөхцөлд цагаан сараар 420 мянган хонь нядалж ширээн дээр залснаас мах болгоод экспортод гаргавал хавьгүй ашигтай. Америкчууд гэхэд л жил бүр талархлын баяраараа цацагт хяруулын махыг бүтнээр нь ширээн дээрээ тавьдаг. Манайхаар ууц гэсэн үг. Тэд цацагт хяруулын махаа гэр бүлээрээ тойрч суугаад идчихдэг бол монголчууд ууцаа сар шахам халуун цайнд хийж байгаад иддэг. Тэгэхээр дал, дөрвөн өндөр манайханд тохиромжтой хувилбар байж мэднэ. Ядаж л цагаан сарын дараа савангийн үйлдвэрүүд өөх, тос авна гээд зар тараавал нохойд хаяж байхаар гээд өгөх хүн олон байх нь дамжиггүй.
Сүүлийн жилүүдэд баячууд нь данхайсан сүүлтэй ууц, есөн үеэр зассан тавгийн идээгээр чамирхах болсон. Өгч авалцдаг бэлэг сэлт гээд ярихаар нэг талаасаа эдийн засгийн хувьд алдагдалтай нөгөө талдаа дундаж болон дунджаас доогуур орлоготой иргэдийгээ хөлдөө чирч байгаа. Үнэндээ цагаан сараар л баян хоосны ялгаа тэнгэр, газар шиг илтэд мэдрэгддэг. Ууцгүй л бол цагаан сар биш гэсэн нэрэлхүү зан нь биднийг давхар туйлдуулдаг. Хуучин цагт хүрээнийхэн гэрээ зараад цагаан сар хийдэг байсан гэдэг шиг муугаа үзүүлэхгүй гэж хэзээнээс хийж ирсэн баяр юм. Гэхдээ шинэ зуунд эрүүл мэнддээ халаг болохооргүй, чирэгдэл түвэг болж зовоолгүй шинэлж сурмаар байна. Тиймээс эдийн засаг талаасаа үрэлгэн байдлыг халсан гэр бүлийн баяр болгох зайлшгүй шаардлага тулгарчихаад байна.
Сар шинийн баярын бас нэг асуудал бол ирсэн зочид гийчдэдээ өгдөг гарын бэлэг. Гэрийн эзэгтэй авдар, шүүгээгээ ухаж ухаж нэг бэлэг болчих зүйл гаргаж ирээд “Хүмүүсийг хоосон гаргаж болохгүй” гэж үглэж байгаад л өгнө. Ялангуяа хүүхдүүд гэрийн эзэгтэйн үйл хөдлөл бүрийг алдалгүй шахам нүдээ бүлтийтэл харж байгаад бэлгээ авчихаад маш их баярладаг. Нэг үе Эрээний бараа бэлгэнд өгдөг байсан нь ул болох тийшээ хандсан. Хүмүүсийн сэтгэхүй үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэж байгаа ч үнэндээ сонголтын хувьд харьцангуй бага байдаг. Тухайлбал, ноднин арьсан түрийвч өгсөн, уржнан эсгий урлалын зүйл өгсөн энэ жил юу өгөх вэ гээд л толгойны өвчин болчихоод байгаа. Ер нь бол дугтуйнд мөнгө өгчихвөл болмоор байгаа юм. Дугтуйнд хийж өгснөөрөө тэрэнд тэдэн төгрөг өгчихөөд надад тэдийг өглөө хэмээн сэтгэлийн угт үлдэх харгүй, том жижиг бэлгийн ялгаа гарахгүй. Энэ мэтчилэн суурин иргэншилд таарсан, уламжлалаа хадгалж орчин цагт нийцсэн тийм л байдлаар цагаан сараа тэмдэглэмээр болчихож. Монголын нийгэм гэлтгүй дэлхий бүхэлдээ хувьсан өөрчлөгдөж байгаа нь нүдний өмнө илхэн байна. Болохгүй бол Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргасан ч болно. Н.Багабанди Ерөнхийлөгч байхдаа “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” зарлиг гаргаж байсан. Тухайн үед “Энэ хэзээ ч бүтэшгүй мөрөөдөл” хэмээн хүлээж авч байсан ч одоо айл өрх бүр л хоймортоо морин хуураа залсан байна. Ингээд явах ч боломж бий.
Ууц, мах, өөх, ул боовноос зайлсхийх ямар арга байна вэ. Манайхны олонхи айл өрхийг харж байхад ууцны өөх, ул боовоо цагаан сарын дараа шууд хогийн сав руу илгээж байгаа нь ердөө л бидний цамаан зантай холбоотой. Бид баяр ёслолоор хаях зүйлгүй илүүдэл зүйлсээ хэрэглээнд нэвтрүүлсэн тийм л байдлаар тэмдэглэх ёстой. Манайхан “Уламжлалаа гээхгүй шүү” хэмээн ярих хүмүүс олонтой тийм л улс. Уламжлал нь энэ юм гээд зүтгээд байх биш цаг үедээ зохицуулан зарим өөрчлөх зүйлсээ өөрчилье.
Сар шинийн баяраар бүх үйлчилгээний байгууллага амарчихаад байхад зарим зоогийн газар ажиллаж байгааг анзаарсан байх. Хэдэн өдөр дараалан уван цуван ах дүүсээ хүлээж авч байхаар бөөнд нь нэг цуглуулаад ресторанд тэмдэглэдэг айлууд ч бий болсон байна лээ. Нэг талаасаа “Эхнэр чи бууз жигнэ. Охин цай чана гэхгүй амар юм билээ” гэж хуучлах хүмүүсийн тоо нэмэгджээ. Нөгөө талдаа ажил ажил гээд гэр бүлдээ цаг зав гаргаж амждаггүй хүмүүст үр хүүхдүүдтэйгээ хөгжилдөх цаг хугацаа ч олгох боломжтой. Дэлхийн хамгийн алдартай баяр болох Бразилийн карнавал баяр ямархуу өнгө төрхтэй болдог билээ дээ. Уг баярыг нь үзэх гэж дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс тэмүүлэн очдог. Ийм хөл хөөртэй инээд цалгисан баярыг сонирхох хүн бишгүй дээ л нэг бий. Бид цагаан сараа карнавал шиг тэмдэглэдэггүй юмаа гэхэд орчин үетэй нь дүйцүүлж чадвал бас л сонирхолтой баяруудын нэг болно. Ядаж л цагаан сарын баяр тэмдэглэсэн гэчихээд эхнэр, охид нь хэдэн өдөр гал тогоо барьж ядарсан, эрчүүд нь хэдэн өдөр сөн түшиж түвэгшээсэн бөөн стресстэй үлдвэл ямар хэрэг байх вэ.