Монголын Залуучуудын Холбооны санаачилгаар “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр сүүлийн хоёр жилийн хугацаанд дугуйн хэрэглээ долоо дахин нэмэгдэж, унадаг дугуйн замуудтай болж эхэлсэн гээд тодорхой үр дүн гарч байгаа билээ.
Тухайлбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Дүнжингаравын урд зам, Архангай, Орхон, Ховд аймаг, мөн зуслангийн зарим чиглэлд хүртэл унадаг дугуйн замтай болжээ.
Тиймээс унадаг дугуйн зам барьж бүтээн байгуулалт хийсэн байгууллагууддаа дугуйчид талархлаа илэрхийлэх юм байна.
Тодруулбал, Монголын Залуучуудын Холбоо, Нийслэлийн замын цагдаагийн газар, Залуу дугуйчин клуб, Nice bike клуб хамтран шинээр баригдсан бүх унадаг дугуйн зам дээр талархлын парад хийхээр болсон байна.
Монголын Залуучуулын холбоо 2015 оныг “Бүтээе” уриан дор олон төрлийн бүтээлч ажлууд хийж байгаа бөгөөд унадаг дугуйн зам барьж байгуулж, унадаг дугуйчдын төлөө бүтээн байгуулалт хийсэн албан байгууллагуудад талархаж унадаг дугуйн парадаар талархлаа илэрхийлэх аж. Мөн унадаг дугуйн замтай болсон Архангай, Орхон, Ховд зэрэг аймагт унадаг дугуйн парад хийхээр төлөвлөжээ.