Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмнөговийн иргэд “Жорлонгоо өөрчилье” сургалтанд хамрагдаж, эко жорлонгийн зээл авах боллоо

“Капитрон” банкныхан эко жорлонд хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ. Эхний ээлжинд Өмнөговь аймгийн есөн сумын иргэдэд энэ боломж нээгдэх юм. УИХ-ын гишүүн, Соёл спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэлийн тэргүүлдэг “Нутгийн шийдэл” сан, “Капитрон” банкныхан хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

“Капитрон” банкны гүйцэтгэх захирал Л.Ариунаа санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр ярихдаа“Капитрон банк байгаль орчинд ээлтэй төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, хамтран ажиллахыг эрмэлздэг. Манай банкны бусад төрлийн зээлийн бүтээгдэхүүнүүд ч байгаль орчинд ээлтэй бол бид илүү дэмжих чиглэл баримталдаг. “Нутгийн шийдэл” сан төрийн бус байгууллага монголчуудад, тэр тусмаа орон нутгийн иргэдэд хэрэгтэй, байгаль орчинд ээлтэй төслийг хэрэгжүүлж байгаа нь бидэнд таалагдсан. Эко жорлонг дэмжих хөнгөлөлттэй зээл гаргахыг дэмжиж, ашиг харалгүйгээр, нийгмийн хариуцлагын хүрээнд энэ төслийг хамтран хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурлаа. Манай банкны зүгээс эко жорлонг хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх юм. Бид бас тухайн орон нутгийн иргэдэд жорлонгоо өөрчлөх мэдлэг олгох сургалтыг санхүүжүүлэх юм. Эхний ээлжинд бид 500 сая төгрөгний санхүүжилт хийхээр төлөвлөсөн. Явц нь ямар байхаас шалтгаалаад энэ тоог нэмэгдүүлэх боломжтой. Эхний ээлжинд зургаан сардаа орон нутагт сургалт хийнэ. Иргэдэд шаардлагатай мэдээлэл өгсний дараа хөнгөлөлттэй зээл олгох ажил долдугаар сараас эхлэнэ гэлээ.

“Нутгийн шийдэл” сангийн тэргүүн Ц.Оюунгэрэл “Жорлонгоо өөрчилье” сургалтыг орон даяар хийсний дараа хувийн хэвшлийнхнийг энэ ажилд хувь нэмрээ оруулна гэж найдаж байгаа. Хувийн хэвшлийнхэн энэ ажилд оролцсоноор жорлонгоо өөрчлөх ажил жинхэнэ утгаараа хэрэгжнэ. Ялангуяа санхүүгийн байгууллагууд дундаас “Капитрон” банк анхдагч болж байгаад баяртай байна. Бид эхний ээлжинд Өмнөговь аймгийн есөн сумын иргэдийг хамруулсан гурван сургалт хийнэ. Өмнөговийн сургалтанд оролцсон иргэд ямар технологийн жорлон сонгож байна. Тэр сонголтыг хэрэгжүүлэхэд хэдэн төгрөг шаардлагатай болох вэ, хэдийг нь зээлээс санхүүжүүлэх хүсэлтэй байгааг иргэд тодорхойлно. Энэ сургалтыг зээлийн хөтөлбөртэй хамт зохион байгуулсанаар иргэдэд жорлонгоо өөрчлөхөд нь тус дөхөм болно гэж найдаж байна. Зээл гэхээр мөнгө өгөөд орхичихгүй. Энэ удаагийн зээлийг авахаас өмнө хүмүүст жорлонгийн технологийн сургалтыг хийж, дараа нь иргэд сонголт хийх нийгмийн дэмжлэг бий болгож өгье. Дараа нь эко жорлонгоо барьж байгуулахад санхүүжилтээр нь туслая гэсэн гурван шаттай нийгмийн хариуцлагын хөтөлбөр явах юм.

-Эхний удаа зөвхөн Өмнөговийнхонд эко жорлонгийн хөнгөлөлттэй зээл олдох боломжтой гэсэн үг үү?

-“Нутгийн шийдэл” сангийн зүгээс “Капитрон” банкинд санал тавьсан юм. Хөрөнгө бололцоо байвал мэдээж орон даяар хэрэгжүүлэхийг хүснэ. “Нутгийн шийдэл” сангийн зүгээс тодорхой санал тавьсан. Тодорхой нутаг дэвсгэрт, тодорхой технологи дээр, тодорхой хүмүүсийг сонгож эхний ээлжинд энэ төслийг амжилттай хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Амжилт гаргасны дараа орон даяар энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой. Эхний ээлжинд жишиг тогтоохын тулд Өмнөговь аймгийн есөн суманд хэрэгжүүлье гэсэн санал тавьсан юм.

Капитрон банкны гүйцэтгэх захирал Л.Ариунаа: Өмнөговь аймагт “Капитрон” банкны таван тооцооны төв касс байдаг. Энэ салбаруудаараа дамжуулж хэрэгжүүлнэ. Мөн Өмнөговь аймаг онцлогтой. Уул уурхайн чиглэлээр олон компаниуд ажилладаг, ус, байгаль орчны асуудалтай байдаг учраас сонгосон гэв.

-Гэр хорооллын жорлонгуудаас гадна эко жорлон барьж байгуулах, жорлон цэвэрлэх, ялгадсыг боловсруулах гэх мэт үйлчилгээ үзүүлэх жижиг дунд үйлдвэр, компаниудыг дэмжих үү?

Капитрон банкны гүйцэтгэх захирал Л.Ариунаа: Яг энэ төслийн хүрээнд хараахан энэ тухай яригдаагүй байна. Энэ удаа эко жорлонг барьж байгуулахыг дэмжих юм.

“Нутгийн шийдэл” сангийн Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Оюундарь: 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт хийсэн “Жорлонгоо өөрчилье” сургалтанд 3000 хүн хамрагдсан. Сургалтын явцад дадлага ажил хийх үеэр иргэд ямар жорлон хүсч байгаагаа өөрсдөө тодорхойлдог. Ихэнх хүмүүс жорлонгоо өөрчлөх аргаа олж мэдсэнийхээ дараа санхүүгийн асуудалтай тулгардаг. Жорлонгоо өөрчлөхөд “Ногоон зээл”-ийн хүрээнд туслаач гэсэн санал иргэдээс олон удаа гарсан. Иргэдийн саналыг бид “Капитрон” банкинд уламжлахад дэмжсэнд баяртай байна.

Одоо хийх сургалтын үеэр бид иргэдийн саналыг бас авна. Гүйцэтгэх, нийлүүлэх компаниудыг санхүүжүүлэх шаардлага байгаа эсэхийг судлах юм. Аливаа зүйл дороосоо дээшээ явж байж амжилтанд хүрдэг. Иргэдийн хүссэн, дэмжсэн өөрчлөлт хэрэгжих боломжтой. Үүний дараа хууль эрх зүйн орчныг сайжруулах, стандартыг шинэчлэх ажлууд хийгдэх учиртай. Эко жорлонгийн шинэ стандарт батлагдаж байж гарааны компаниуд энэ ажил руу орж ирнэ шүү дээ. Одоохондоо эко жорлонгийн стандарт батлагдаагүй учраас компаниуд масс үйлдвэрлэл явуулж чадахгүй. Иргэд жорлонгоо хүссэнээрээ байгуулах боломж бас бий.

“Нутгийн шийдэл” сангийн тэргүүн Ц.Оюунгэрэл: Нутгийн шийдэл сан 2007 онд байгуулагдсан. Сүүлийн таван жилийн турш жорлонгийн төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ хугацаанд оюутнуудын хүчээр янз бүрийн эко жорлон барих, хэрэглээнд сургах жижиг хэмжээний төсөл хэрэгжүүлсэн. Хүнд бэлэн жорлон барьж өгөөд, жорлонгоо өөрчлөх ажил хүссэн үр дүнд хүрдэггүй юм байна. Хүмүүс учир шалтгаанаа ойлгож, нийтээрээ өөрчлөгдөхгүй бол цөөхөн хэдэн хүн төслийн жорлонтой бол хөрс, ус бохирдохоос сэргийлж чадахгүй гэдгийг ойлгосон. Тийм учраас бид 2017 оны арваннэгдүгээр сарын 19-нд “Жорлонгоо өөрчилье” үндэсний хэмжээний сургалтын кампанит ажлыг эхлүүлээд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаар тойрсон. Энэ сургалтаар жорлонгоо өөрчлөхөд шаардлагатай технологийн мэдлэг, санхүү болон зохион байгуулалт, эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл олгосон. Хүмүүс жорлонгоо өөрчилье гэхээр санхүүгийн дэмжлэг хэрэгтэй болдог. Энэ санхүүжилтийг бий болгохоор “Нутгийн шийдэл” сангийнхан хүмүүст хандсан. Яг жорлонд чиглэсэн зээл байдаггүй юм байна. Энэ яриа хэлэлцээр маань амижлтанд хүрсэнд баяртай байна.

-Нэг айлын жорлонг өөрчлөхөд ямар хэмжээний санхүүжилт шаардагдах бол?

-Бид сургалтынхаа явцад “Жорлонгоо өөрчилье” номонд багтсан гадаад дотоодод хэрэгжсэн 17 төрлийн жорлонгийн технологийг танилцуулдаг. Өмнөговь аймагт өмнөх сургалтын явцад жорлонгийн технологи сонгох дадлагын үеэр иргэд хамгийн их таашаасан рейтинг өндөртэй таван технологийг сонгож нарийвчилж заах юм. Жорлонгийн бүхээг хэсгийг хуучин материал оролцуулаад хямд өртгөөр хийх боломжтой. Бүх материалаа шинээр аваад үнэтэй жорлонтой болох ч боломж бий. Ерөнхийдөө бид 300 мянган төгрөгнөөс 2 сая төгрөгт багтах өрхийн жорлонгийн технологийг сургалтын үеэр танилцуулах юм. Тодорхой газар нутагт олон хүн зэрэг өөрчлөлт хийхэд гарах үр дүнг бид харахыг хүсч байна. Мянган жорлонг орон даяар тараагаад гарах эрүүл мэндийн өөрчлөлтийг бид тооцох боломж бага. Харин мянган хүн нэг суманд жорлонгоо өөрчилчихвөл тухайн суман дахь элэгний өвчлөл буурсан уу, гэдэсний халдварт өвчин багассан уу, арьсны харшил цөөрсөн, хөрсний бохирдол буурсан эсэхийг харах боломжтой. Жорлонгоо өөрчилсөнөөр хөрс орчны бохирдол буурах, хүний эрүүл мэндэд гарах шууд нөлөөг хэмжихийн тулд тодорхой цэгийг сонгосон. Бид дараагийн долоо хоногт Өмнөговийг зорих гэж байна. Энэ зундаа багтаад хүмүүс жорлонгоо өөрчлөх бололцоотой гэв.

21 аймагт сургалт хийх үеэрээ “Нутгийн шийдэл” сангийнхан “Та жорлонгоо өөрчлөхөд мөнгө гаргах уу” гэж асуужээ. Цөөнгүй хүмүүс төслийн жорлон хүлээдэг бол Өмнөговь аймгийн сургалтанд хамрагдсан бүх хүн гараа өргөж, жорлонгоо өөрчлөхөд хувь хүн өөрөө мөнгө гаргах боломжтой гэсэн хариуг өгсөн байна. Жорлонгоо өөрчлөхөд мөнгө зарцуулна гэдгээ баянхонгорчууд бас илэрхийлсэн гэнэ.

“Капитрон” банкныхан эко жорлон байгуулахад жилийн найман хувийн хүүтэй зээл олгох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *