Өмнөговь аймагт ажлын байрны нээлттэй өдөрлөгийг зохион байгуулснаар 599 ажлын сул орон тоонд 987 хүнийг бүртгүүлсэн байна.
Уг өдөрлөгт тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 53 компани оролцжээ. Дээрх аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх аймгийн Засаг даргын “Бид хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөрт 5000-аас доошгүй ажлын байрыг бий болгож, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ хэмээн тусгасан. Мөн тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компанийн ажилчдын 50-иас доошгүй хувийг Өмнөговийн иргэд эзэлдэг болгох гэсэн 2015 оны аймгийн ИТХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор энэ сарын 28-нд “Ажилтай иргэн-орлоготой өрх” ажлын байрны нээлттэй өдөрлөгийг Даланзадгадад зохион байгуулж 599 сул орон тоонд 987 иргэнийг бүртгэжээ.
Энэхүү нээлттэй өдөрлөгт 11000 гаруй иргэн ирсэн байсан бөгөөд ихэнх нь 30-35 насных байв. Ажилд орох нь сайхан ч тэр нь өдрийн од шиг цөөхөн байна. Ажлын байрны шалгуур хэт өндөр, уурхайн компаниуд өдөрлөг эхлэхэд иргэдээ бүртгэчихсэн, анкет байхгүй зэрэг асуудал үүсгэж байсанд иргэд бухимддалтай байгаагаа хэлж байлаа. Анх удаа зохион байгуулагдаж буй тул алдаа, оноотой зүйл бий. Тиймээс дараа жилүүдэд илүү боловсронгуй болгон зохион байгуулж, ямарч байсан 5000-аас доошгүй ажлын байрыг бий болгоно гэдгээ аймаг орон нутгийн удирдлагууд онцолж байлаа.