Categories
мэдээ нийгэм

Өмнөд Судан дахь монгол цэргүүд халдлагыг зогсоожээ

Монгол Улсын зэвсэгт хүчний алба хаагчид Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын энхийг дэмжих “UNMISS” ажиллагааг хэрэгжүүлж байгаа билээ. Өмнөд Судан улсын Бэнтью хотод энэ сарын 25-ны өдөр 20:40 цагаас эхлэн НҮБ-ын бааз болон дотоодын дүрвэгсдийн хуаранд халдсан халдлагыг тэнд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын цэргийн багийн бие бүрэлдэхүүн амжилттай няцаасан байна. НҮБ-ын баазын зүүн өмнө зүгт 250 орчим метрийн зайнаас үргэлжилсэн буудлага болоход харуулын цэгүүдийг хүч нэмэгдүүлж, шуурхай бүлгийн бүрэлдэхүүнээр хуягт техникүүдийг гаргаж, хүчжүүлсэн хамгаалалтыг богино хугацаанд зохион байгуулжээ. Энэ үеэр НҮБ-ын бааз руу гар гранатомёт (РПГ-7)-оор буудсан боловч уг гранат нь НҮБ-ын энгийн ажилчдын байрлал болон нисдэг тэрэгний зогсоолын ойролцоо унасан ч, тэсрээгүй ба энэхүү гранат унасан газрыг НҮБ-ын мина хайгуул устгалын бүлгийн бүрэлдэхүүн аюулгүй болгожээ.

Зэвсэглэсэн этгээдүүд 30 гаруй удаагийн чиглэсэн буудлага үйлдэхийн хамтаар гар гранатомётоор дахин буудлага явуулж, уг гранат нь НҮБ-ын баазын гадна 300 орчим метрт тэсэрчээ. Буудлагын дараа зэвсэгт этгээдүүд НҮБ-ын баазаас 350-400 орчим метрт хоёр зааг дээрээс бааз руу чиглэсэн буудлагыг үйлдсэн байна. Түүнчлэн нөгөө заагаас НҮБ-ын энгийн ажилчдын байрлал руу нэлээд гал нээжээ. Гал нээсний улмаас НҮБ-ын энгийн ажилчдын байрлал дахь контейнерийн ханыг гар гранатомётны гранат хавж, Секторын тэргүүний штабын шалган нэвтрүүлэх байрын ханыг автоматын сум нэвтэлжээ.

Мөн мотобуудлагын батальоны энхийг сахиулагч ахлагч Э.Энхээ, С.Эрдэнэбилэг нар харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэж байхдаа сэжиг бүхий орон нутгийн дөрвөн иргэнийг анзаарч, үүсэх аюулаас олон мянган иргэний амь насыг хамгаалж чадсан байна. Тодруулбал, тус орон нутгийн иргэд дотоодын дүрвэгсдийн хуарангаас холгүйхэн газар зэвсэг булан орхисон байжээ. Хэрэв үүнийг илрүүлээгүй бол орон нутгийн иргэд рүү болон энхийг сахиулагчид руу гал нээх байсан гэнэ.

Э.БОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *