Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгос улс ОХУ-ын эсрэг эдийн засгийн хоригт нэгдэхээр болжээ

Украин улсын нутагт эзлэн түрэмгийлэх дайн эхлүүлсэн ОХУ-ын эсрэг олон улсын эдийн засгийн хориг арга хэмжээнд Өмнөд Солонгос улс нэгдэхээр болсныг өчигдөр тус улсын ерөнхийлөгч Мүүн Жэ Иний хэвлэлийн алба мэдэгджээ.

“Олон улсын хамтын нийгэмлэгийн анхааруулга, дипломат хүчин чармайлтыг үл тоомсорлон ОХУ-ын цэрэг Украин улсад халдан довтолсон явдалд харамсаж байна. Украин улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх ёстой. Улс орнуудын хоорондын ямар ч маргаан дайнаар биш, яриа хэлэлцээгээр шийдэгдэх ёстой. Олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүнийхээ хувьд Солонгос улс Оросын эзлэн түрэмгийллийг зогсоох, асуудлыг энхийн арга замаар шийдвэрлэхийн төлөө эдийн засгийн хориг арга хэмжээнд нэгдэж байна” гэж Мүүн Жэ Ин ерөнхийлөгч хэлснийг түүний хэвлэлийн албаны төлөөлөгч Хөх ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр дамжуулсан байна.

Өмнөд Солонгосын үндэсний аюулгүй байдлын зөвлөл, гадаад хэргийн яам өчигдөр бас Украинд явуулж буй ОХУ-ын байлдааны ажиллагааг буруутгасан мэдэгдэл гаргажээ.

Тус улсын засгийн газар одоо АНУ болон бусад холбоотнуудтайгаа эдийн засгийн ямар хориг арга хэмжээ авах талаар зөвлөлдөж байгаа юм байна.

Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Украинд байгаа иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, Украины хямралын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг багасгах тал дээр анхаарч ажиллахыг холбогдох яамд, албан тушаалтнуудад даалгажээ.

Эх сурвалж: Korea Times

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *