Categories
мэдээ нийгэм

Өмнөд Солонгос стратегийн бараа бүтээгдэхүүнээ ОХУ-д нийлүүлэхээ зогсоолоо || Dnn.mn

Өмнөд Солонгосын засгийн газар Украины хямралтай холбогдуулан ОХУ-ын эсрэг эдийн засгийн хоригт нэгдэж байгаагаа Даваа гаргт зарлажээ.

Хоригийн хүрээнд электроникийн эд ангиуд, хагас дамжуулагчид, компьютер, мэдээлэл, харилцаа холбооны техник, тоног төхөөрөмжүүд, мэдрэгчүүд, лазерын төхөөрөмжүүд, навигаци, нислэг, тэнгисийн салбарын тоног төхөөрөмжүүд зэрэг стратегийн бараа бүтээгдэхүүнүүдийг ОХУ-д экспортлохыг хязгаарласан байна.

Хэдийгээр SWIFT байгууллагаас ямар нэг чиглэл аваагүй ч тус улсын тэргүүлэх хоёр банк Оросын долоон банктай хийх гүйлгээнүүдээ зогсоож буйг Даваа гарагт зарлажээ.

Тухайлбал Өмнөд Солонгосын Шинхан банк Оросын ПСБ, ВЭБ, ВТБ, Банк Открытие, Новикомбанк, Совкомбанк, Сбербанк банкуудтай хийдэг арилжаа, санхүүгийн үйл ажиллагаагаа зогсоосон байна.

“SWIFT сүлжээнээс салгах нь аль аль талдаа сөрөг нөлөөтэй ч Өмнөд Солонгосын ОХУ-аас авдаг байгалийн хий, газрын тосны хэмжээ төдийлөн их биш буюу нийт импортынх нь 5-10 орчим хувь юм” гэж Солонгосын Олон Улсын Эдийн Засгийн Бодлогын Хүрээлэнгийн судлаач Жон Мин Хён ярьжээ.

“Солонгосын засгийн газар олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүнийхээ хувьд Орос улс Украинд зэвсэглэн халдсан явдлыг буруушааж, үүссэн нөхцөл байдлыг энхийн замаар шийдвэрлэхийн төлөө олон улсын эдийн засгийн хориг арга хэмжээнд нэгдэж байна” гэж Өмнөд Солонгосын гадаад хэргийн яам мэдэгдсэн юм.

Тус улс шийдвэрээ АНУ-д дипломат шугамаар мэдэгдэж, Украинд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжаа нэмэгдүүлэхээр болжээ.

Даваа гарагийн орой бас Япон улсын засгийн газар Оросын төв банктай хийх гүйлгээгээ зогсоох гэж байгаа тухайгаа мэдэгдсэн юм.

Тус улсын ерөнхий сайд Фүмио Кишида шинэ хориг арга хэмжээний талаар Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй утсаар ярьсныхаа дараа танилцуулсан байна.

2021 оны зургаадугаар сарын байдлаар ОХУ-ын гадаад валютын нөөцийн 6 орчим хувь буюу $33 орчим тэрбумтай тэнцэх хэсэг нь иений хөрөнгө байжээ.

Токиогийн эрх баригчид бас Беларусийн засгийн газрын зарим өндөр албан тушаалтны эсрэг эдийн засгийн хориг тавихаар төлөвлөж байгааг өчигдөр гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяаши мэдээлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *