Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмнөд монголчууд НҮБ-ын танхимд Хятадын Засгийн газрыг “дэлсээд” авав

Өнгөрсөн сарын 24-25-ны өдрүүдэд Женевт НҮБ-ын Үндэсний цөөнхийн
асуудлаарх хуралдаан болжээ. Энэ хуралдаан дээр Өмнөд Монголын төлөөлөгч Т.Энхбатын
тавьсан илтгэл БНХАУ-ын төлөөлөгчдийн сэтгэлд нийцээгүй учир хуралдааны танхимд
нэлээд ширүүхэн маргаан, хэл ам гарчээ. Өмнөд Монголын Хүний эрхийн мэдээллийн төвийн
тэргүүн Т.Энхбат Хятад улсын Өмнөд Монголд хэрэгжүүлж буй бодлого, Өмнөд Монголын
нутгийг эрчим хүчний хамгийн том бааз суурь гэж Хятадын Засгийн газраас зарласнаар
байгалийн баялаг олборлохоор Хятадын маш олон компани Өмнөд Монгол руу хошуурч,
малын бэлчээрийг хүч түрэмгийлэн хурааж, мөн байгаль уул усыг нь сүйтгэж, өмнөд
монголчуудын үндсэн эрхийг зөрчин, соёлыг нь үндсээр нь устгах Хятадын бодлого эрчимжиж,
зургаан сая өмнөд монгол хүний цааш цаашдын оршин тогтнох ирээдүй бүрхэг болж байгаа
талаар ярихад Хятадын төлөөлөгч бүсгүй үгийг нь тасдуулж, аль болох яриулахыг хүсээгүй
аж. Энэ талаарх бичлэг цахим ертөнцөд түгж байна.

Венесуэль, Пакистан, Ливи, Орос, Мавритан, Сири, Куба, Ираны төлөөлөгчид
Өмнөд Монголын төлөөлөгчийг илтгэлээ цааш үргэлжлүүлэх нь зохисгүй, боломжгүй гэж
Хятадын талд байгаагаа илэрхийлсэн бол Австри, АНУ, Их Британи, Канад, Норвеги зэрэг
улсын Засгийн газрын төлөөлөгчид Өмнөд Монголын төлөөлөгчийг дэмжиж байна, илтгэлийг
нь үргэлжлүүлэн сонсох нь зөв шийдвэр юм гэж дэмжжээ. Ингээд хуралдааныг даргалагч
Т.Энхбатыг илтгэлээ дахин үргэлжлүүлэх боломжийг олгосон байна.

Т.Энхбатыг илтгэлээ тавьж байхад Хятадын төлөөлөгч “Салан тусгаарлагч!”,
“Эв нэгдлийг бутаргагч!”, “Олон үндэстний том бүлэг болсон нэгдмэл Хятадыг хагалгах
гэлээ” гэсэн утгатай үгсийг чангаар хэлж хуралдааныг үймүүлжээ. Гэсэн ч Т.Энхбат
илтгэлээ үргэлжлүүлсээр байгаа нь бичлэгт үлджээ.

ОХУ-ын хувьд Хятадтай нарийн нягт харилцаатай холбоотон, хоёрдугаарт
өөрөө ч үндэсний олон цөөнх бүлэгтэй учир Өмнөд Монголыг дэмжвэл өөрийнх нь харьяанд
байгаа цөөнхүүд ч дуу хоолойгоо нэгтгэж болзошгүй хэмээн болгоомжилсон учир уг хуралдааны
үеэр шууд л БНХАУ-ын талд байгаагаа илэрхийлсэн бол Венесуэль Хятадтай адилхан коммунист
дэглэмтэй учир дэглэмээ өмөөрч Хятадын талд зогсчээ. Пакистаны хувьд Хятадтай нарийн
сайн харилцаа тогтоохыг эрмэлздэг улсуудын нэг юм. Мавританы хувьд БНХАУ-ын наанаа
найрсаг ч цаагуур ямар далд санаатай хөдөлдгийг хараахан мэдрээгүй учир Хятадын
төлөөлөгч бүсгүйтэй хурлын танхимд дуугаа нэгтгэсэн гэж олон улсын тоймчид тайлбарлаж
байна. Сирийн төлөөлөгч Хятадын талд байгаагаа илэрхийлсэн ч ТББ-уудын дуу хоолойг
хайхрахгүй орхиж болохгүйг сануулжээ. Куба, Либийн төлөөлөгч Т.Энхбатыг хурлын үндсэн
сэдвээс гажуудсан зүйл ярьж байна гэж шүүмжилжээ. Харин Өмнөд Монголын тэмцэгчийн
мэдэгдлийг дэмжсэн Австри, АНУ, Англи, Норвеги, Канадын төлөөлөгчид иргэний нийгмийн
байр суурийг сонсох нь зөв. Хүний эрхийг хөсөрдүүлж болохгүй, үндэсний цөөнхийн
асуудалд анхаарал хандуулах нь хүн төрөлхтний эрхэм үүрэг гэдгийг онцолж байжээ.

Т.Энхбат “Эрх нь зөрчигдөж байгаа Өмнөд Монголын иргэдийн дуу хоолой
болж энд ирсэн надад үгээ хэлэх эрх чөлөөг олгосонд баярлалаа. Хятадын эрх баригчид
эдийн засгийн талаасаа ч, ер нь ч аль ч талаас бидний эрхийг хөндөж цаашид оршин
тогтнох эрх чөлөөнд минь заналхийлж байна. Нутаг дэвсгэрийг маань эдийн засгийн
талаас нь ашиглахын зэрэгцээ олон зуун жилийн турш өвлөгдөн ирсэн соёлыг устгаж,
үзэсгэлэнт газар нутаг байгаль орчинг эдийн засгийн үр нөлөөг дээшлүүлэх гэдэг нэрийн
дор сүйтгэж байна. Өмнөд монголчуудын үндсэн эрх, эрх чөлөөг бүр мөсөн үгүй хийхийг
санаархаж, цаашлаад зургаан сая өмнөд монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах,
хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөөр байна. Бидний эрх чөлөө, эрхийг зөрчсөн үйлдлийг
Хятадын Засгийн газраас сүүлийн үед идэвхтэй явуулах боллоо. Хятадын төр засгаас
Өмнөд Монголын газар нутгийг уул уурхайн гол бүс хэмээн үзэж газар нутгийг дэндүү
харамсалтайгаар эвдлэн сүйтгэж байгаа жишээ олон байна. Тус улсын Засгийн газраас
Өмнөд Монголын газар нутгийг “БНХАУ-ын эрчим хүчний суурь” хэмээн зарласнаар Хятадын
олборлох үйлдвэрүүд Өмнөд Монголын нутаг дэвсгэрт халдаж нүүрс, байгалийн хий, газрын
тос болон ашигт малтмалд шунахайран Өмнөд Монголын уудам талд хуйлран орж ирж, байгалийг
сүйтгэхийн зэрэгцээ олон зуун жил нүүдэллэн, мал маллан амьдарч ирсэн нутгийн иргэдийн
амь амьжиргааг үгүй хийж байна. Үүнээс үүдэж уул уурхайн компанийн ажилчид малчид,
нутгийн иргэдийн дунд байдал хурцдаж байна. Ийм ноцтой мөргөлдөөн Өмнөд Монголын
нутаг дэвсгэр дээр өдөр бүр болж байна. Хятадын сонирхлыг хамгаалж Хятадын эрх баригчид
монголчуудыг дарахын тулд цагдаа, шоронгийн системээ хүчтэй ашиглаж, маш их хүч
гаргаж байна. Газар нутаг, бэлчээрээ хамгаалж, шударга ёсны төлөө, эрхээ хамгаалахын
төлөө тэмцэж байгаа жирийн иргэд малчдыг баривчилж өчиггүй хорьж байна” гэж ярихад
хариуд нь БНХАУ-ын төлөөлөгч “Энэ хүн БНХАУ-ын монгол ард түмний тухай ярьж байна.
Тийм ээ, энэ хүн салан тусгаарлах үзлийн тухай ярьж байна. Хятад улс бол олон омог,
үндэстэн нэгдсэн олон үндэстний орон. Үндэсний эрх тэгш байдал болон угсаатны эв
нэгдэл найрамдлыг ихэд дээдэлдэг. НҮБ-ын цөөнхийн асуудлыг ярьж байгаа энэ форум
бол маш чухал. Ийм чухал хурал дээр салан тусгаарлах тухай ярих нь буруу. Өмнөд
Монгол бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй нэгэн хэсэг гэдгийг давтан хэлье. Энэ
форумыг ашиглан салан тусгаарлах тухай яриа гаргах нь бүх зүйлд харш. Энэ хүн БНХАУ-ын
тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдсан зүйл ярьж байгаагаа
мэдэх ёстой. Тиймээс форумыг даргалагч та түүний энэ яриаг зогсоох хэрэгтэй гэдгийг
хүсч байна” гэсэн байна.

Өмнөд Монголын төлөөлөгч, БНХАУ-ын төлөөлөгч хоёрын хооронд болсон
энэ маргааны үеэр бусад орны төлөөлөгчдийн илэрхийлсэн байр суурийг товч сийрүүлбэл,
ОХУ-ын Засгийн газрын төлөөлөгч “Энэ ТББ-аас гаргасан мэдэгдэл нь хэт улстөржсөн
шинжтэй байна. Ийм улс төрийн шинжтэй сөрөг зүйлийг хэлэлцэх нь буруу. БНХАУ-ын
хүндэт төлөөлөгчийн мэдэгдлийг дэмжиж байна” гэсэн бол Их Британийн төлөөлөгч “Хэнээс
ч, юунаас ч үл хамааран өөрийнхөө эрхийн төлөө шударга бус дэглэмийг эсэргүүцэж
үзэл бодлоо илэрхийлэх нь ТББ-ын нэг эрхэм чанар. Хүний эрхийн асуудлыг бид авч
үзэх ёстой. Энэ ТББ-ын зүгээс хийж байгаа мэдэгдэлд хүний эрхийн ноцтой зөрчлийн
бодит жишээг дурдаж байгаа учир энэ мэдэгдлийг тасалдуулалгүй гүйцэд сонсъё” гэсэн
байр суурийг илэрхийлжээ. Ингээд олон улсын төлөөлөгчдийн дийлэнхийн саналаар Т.Энхбатын
илтгэлийг цааш үргэлжлүүлжээ. Т.Энхбат “Илтгэлээ үргэлжлүүлэх боломж олгосон форумын
даргалагч танд баярлалаа. Монголчуудын хувьд мянга мянган жилийн турш амьдралаа
залгуулж ирсэн салбар нь мал аж ахуй. Одоо ч монголчууд малаа маллан нүүдэллэн амьдардаг.
Гэтэл Хятадын төр засаг өмнөд монголчуудын олон зууны турш хадгалан ирсэн амьдралын
энэ хэмнэлийг эвдэж, амьдралд нь халдаж бэлчээр дээгүүр нь зам барих, хот суурин
газар руу олноор нь нүүлгэн шилжүүлэх зэргээр албадан ажиллагаа их явуулдаг. Үнэндээ
Өмнөд Монголын нутаг дэвсгэр бүхэлдээ сүйдэж байна. Уул уурхай нь ямар ч хяналтгүй,
баялгийн олборлолт, хуваарилалтад ч нэгдсэн хяналт байдаггүй. Үүний хар гайгаар
Монголын тал хээрийн эко системд ноцтой байдал үүсээд байна. Нуур, гол, горхи ширгэж,
цэвэр усны хомсдол үүсч, ундны ус, агаар маш ихээр бохирдож байна. Өмнөд Монголын
малчдыг өвөг дээдсээсээ өвлөн ирсэн төрөлх нутгаас нь өшиглөн гаргаж байна. Өмнөд
монголчууд гишгэх газар, толгой хоргодох орон гэргүй байна. Хоёр дахь тулгамдаад
байгаа асуудал нь гэвэл эрх, эрх чөлөөнийхөө төлөө дуугарч, тэмцсэн идэвхтэнүүдийг
тэрс үзэлтэн хэмээн нэр цол өгч хууль бусаар хорих ялаар шийтгэж байна. Өмнөд Монголын
иргэн Хадааг эрх чөлөө, шударга ёсны төлөө дуугарсных нь төлөө 15 жил хориод дөрвөн
жилийн өмнө сулласан ч одоо болтол гэрийн хорионд суулгаж байна. Энэ мэт бодит жишээ
олоон. Өмнөд Монголчууд хүний үндсэн эрх, НҮБ-ын конвенцид заасан Өмнөд Монголын
ард түмний үндсэн эрх чөлөө, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хүний эрхийн хэм хэмжээг
хүндэтгэхийг БНХАУ-ын Засгийн газарт уриалж байна. Баярлалаа” гэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *