БНХАУ-ын
иргэн Вэнь Шинь буюу Н.Алхаа нь Монгол Улсад гэр бүлийн шалтгаанаар оршин суух
зөвшөөрлийг сунгахаас татгалзан, сайн дураар гарах сануулга өгсөнтэй
холбогдуулан Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас дараахь мэдээллийг
өглөө.
Вэнь
Шинь нь 1968 оны наймдугаар сарын 8-нд БНХАУ-д төрсөн бөгөөд Монгол Улсад 1992
онд суралцахаар ирсэн байна. МУИС-ийн ОУХДС-д 1992-1997 онд суралцаж төгсчээ. Тэрбээр
1999 оноос гэр бүлээсээ тусдаа амьдарч байгаа боловч түүнээс хойш Монгол Улсад
хувийн хэргээр оршин суух хугацаагаа сунгуулахаар удаа дараа хандахдаа зөвхөн
гэр бүлийн шалтгаанд үндэслэж байжээ.
“Монгол
Улсад сурч боловсрох, ажил хийх, аж ахуй эрхлэх, хөрөнгө оруулах,
хувийн хэргээр оршин суух зэрэг олон талын
боломж хуулиар бүрэн нээлттэй байдаг боловч дээрх БНХАУ-ын
иргэн нь 1999 оноос хойшхи 15 жилийн хугацаанд тэр бүх бололцоог ашиглаагүй,
олон төрлийн сонголт, хувилбарт үндэслэсэн өргөдөл хүсэлтээ гаргаагүй” гэж Иргэний
харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас мэдээлэв. Гэр бүлийн шалтгаанаар
оршин суухаа больсон, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчин
худал мэдүүлэг өгсөн нь сайн дураар гарахыг сануулах, улмаар хууль хэрэгжүүлэх
бусад бодит шаардлагыг үүсгэчээ. Улмаар өнгөрсөн хугацаанд Монгол Улсын харьяат
болох болон
цагаачлах хүсэлт өргөдлөө албан ёсоор нэг ч
удаа гаргаж хандаагүй байна.
“Вэнь
Шин өргөдөлдөө хуулийн байгууллагын ажилтнуудтай холбоотой тодорхой мөнгө
төгрөгний асуудлыг дурдсан тул энэхүү мэдээллийг шалган тогтоох зорилгоор
Монгол Улсаас сайн дураар гарах шийдвэрийг түр хойшлуулж байна” гэж Иргэний
харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас тайлбарлалаа. Албан ёсны бичиг
баримтын бүртгэлээр БНХАУ-ын иргэн Вэнь Шин Норовцэрэнгийн Алхаа гэх албан бус
овог, нэрээр харилцах, шийдвэр гаргах хууль эрх зүйн боломжгүй гэв.