Categories
мэдээ улс-төр

Өмнийн говьд цахилгаан станц байгуулах тухай Үндэсний компаниудын төсөлтэй танилцав

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж дараах асуудлыг хэлэлцлээ

Өмнийн говьд цахилгаан станц байгуулах тухай Үндэсний компаниудын төсөлтэй танилцав

Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын хүрээнд УИХ, ЗГ-аас 2010-2018 онд “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичиг”, “Өмнөд говийн дэд бүтцийг хөгжүүлэх баримт бичиг” , “Таван толгойн цахилгаан станц барих” төсөл зэрэг хэд хэдэн бодлогын баримт бичиг гаргаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар цахилгаан станц барьж 2023 онд ашиглалтад оруулахаар тусгасан. Энэ хүрээнд үндэсний үйлдвэрлэгч томоохон компаниуд өөрсдийн санаачилгаар цахилгаан станц байгуулах төсөл боловсруулснаа Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Оюутолгой, Тавантолгойн бүлэг ордыг түшиглэн “М Си Эс” компани “Таван толгой цахилгаан станц”, “Нью ком” компани “Сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц” –ыг байгуулахаар тус тус төсөл боловсруулжээ.

М Си Эс компани бүтээн байгуулалтыг 2020 оны гуравдугаар сард эхлүүлж, 2023 онд ашиглалтад хүлээлгэн өгөх боломжтой. Нэг кВт цахилгааны үнийг 9,5 цент байхаар тооцжээ. Нью ком компани нэг кВт эрчим хүчийг 11,5 центээр тогтоож, бүтээн байгууулалтыг 2022 онд дуусгана гэв.

Өмнөд говийн бүсэд цахилгаан станц баригдсанаар Оюутолгой компанийн эрчим хүчний импортод жилд төлж буй 200 гаруй сая ам.доллар дотоодын зах зээлд үлдэхээс гадна Монгол Улсын өмнөд бүсийн говийн дэд бүтцийн хөгжилд дэвшил гарч, эрчим хүчний хараат байдлаас ангижирч, дотоодоосоо эрчим хүчээ хангадаг болох юм.

ФАТФ-аас гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын бүлэг/ФАТФ/- ээс гаргасан зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй танилцаж, холбогдох байгууллагуудаас ирүүлсэн саналыг нэгтгэн хэлэлцэв.

ХЗДХЯ, СЯ, болон Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, УДШ, УЕП, ТЕГ, ГЕГ, ЦЕГ зэрэг төрийн байгууллагуудад нэн яаралтай, шууд хэрэгжүүлэх, 1-2 сарын хугацаанд шат дараатай авч хэрэгжүүлэх арга хэмжээг тус тус хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөжээ. Эдгээр байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангаж, мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлж ажиллахыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд даалгав.

Мэдүүлээгүй, худал мэдүүлсэн бэлэн мөнгийг битүүмжлэх, хураах үйл ажиллагаагэрчимжүүлэх, энэ төрлийн зөрчлийг дахин үйлдэгдэхээс сэргийлсэн хариуцлагын арга хэмжээг шууд хэрэгжүүлж байх, гэмт хэргийн эрсдэлтэй уялдуулан мөрдөн шалгах болон прокуророор яллах үйл ажиллагааг сайжруулах, илэрсэн зөрчлүүдэд тохирсон шийтгэл оногдуулж, давтан үйлдэгдэх байдлыг таслан зогсоох зэргээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалтыг гаргажээ. арга хэмжээ авч ажиллах зэргийг тусгаад байна.

Төрлийн цэрэг байгуулах шаардлага байна

Засгийн газрын хуралдаанаас Зэвсэгт хүчний тухай хуулинд зарим нэмэлт өөрчлөлтийг оруулах нь зүйтэй хэмээн үзэж нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

Үүнд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд байгаа барилга, инженерийн нэгжийг өргөжүүлэн бие даасан төрлийн цэргийн хэмжээнд бэхжүүлэх болон улс орны кибер орон зайг хамгаалах чиг үүрэг бүхий кибер цэрэг бий болгох эрхзүйн шинэ зохицуулалтыг тооцож байна. Тодруулбал дэлхийн улс орнуудын хөгжлөөс үүдэн шинээр урган гарч буй кибер аюулгүй байдлыг хангах харилцааг зохицуулах шаардлага үүсч байна.

Мэргэжлийн байгуулагуудын гаргасан дүн мэдээнээс үзэхэд манай улсад бусад орны дунджаас 8-15 дахин их кибер халдлага бүртгэгдээд байна. Орчин үед дэлхийн улс орнууд кибер аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдлынхаа нэг хэсэг болгон авч үзэж кибер орон зайгаа бодит орон зайн адилаар батлан хамгаалж хөгжүүлж байна. Монгол Улс үүний нэгэн адил бэлтгэгдсэн өндөр, ур чадвар бүхий кибер цэрэгтэй болох нь зайлшгүй шаардлага юм.

Мөн Зэвсэгт хүчний бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр бие бүрэлдэхүүн техник хэрэгслийг улс орны бүтээн байгуулалтын ажилд оролцуулж буйтай холбогдуулан цаашид улс орны томоохон бүтээн байгуулалтуудад цэргийн албан хаагчдыг дайчлан оролцуулах үүднээс зэвсэг хүчний бие бүрэлдэхүүн дэхь барилга инженерийн нэгжийг өргөжүүлж, төрөлжүүлэн төрлийн цэрэг байгуулах нь зүйтэй гэж үзлээ. Засгийн газрын ээлжит бус хуралдаан маргааш үргэлжилнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *