Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмгөөлөгч Г.Баасан: Хүн байвал хэрэг олддог гэсэн коммунист зарчмаар Г.Доржзодовт хэрэг үүсгээд явж байна


60 тэрбумын асуудлыг дэлгэсэн Г.Доржзодовын өмгөөлөгч Г.Баасан хэвлэлийн хурал зарласан юм. Тэрбээр ярихдаа:

-2017 оны зургаадугаар сарын 2-ны өдрөөс эхлээд би Г.Доржзодовыг өмгөөлөхөөр гэрээ хийсэн.

Гэрээ хийснийхээ дараа үйлчлүүлэгчтэйгээ би ТЕГ-т очсон юм. Энэ хүнээс хурааж авсан материалуудаа ТЕГ-аас тэр өдөр хүлээлгэж өгсөн байгаа. Тэгэхдээ ганц зүйл өгөөгүй, тэр нь энэ MP3. Энэ бол айлын хоёр, гуравдугаар ангийн хүүхдийн халаасанд ч байдаг зүйл гэдгийг манай сэтгүүлчид мэдэж байгаа. Үүнийг тагнуулын тусгай хэрэгсэл гэж үзсэн. Асуудал юу болсон бэ гэдгийг судалж үзсэн. 2014 оны есдүгээр сарын 8-ны өдөр одоогийн УИХ-ын дарга, НИТХ-ын дарга, “Шинэ Монгол Хаад” группийн захирлын хоорондоо ярьсан яриа байдаг. Энгийн яриа биш.

Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулинд заасан Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдах гэсэн хориглосон зүйл заалтыг зөрчсөн яриа байсан. Давхар олон зүйл анги бий. Хээл хахууль авахаар завдсан, төрийн албыг арилжаалсан, хар машинд нөлөөлж сонгогчдын саналыг луйвардсан байх магадлалтай олон асуудлыг ярьсан. Энэ бол Монголын бүх ард түмнийг хохироосон гэмт хэрэг юм. Энэ яриа дэлгэгдсэнээс хойш нэг жил өнгөрч байхад хууль хяналтын байгууллага М.Энхболдыг шалгаагүй, дуудаж асуугаагүй. М.Энхболд өөрөө ч “Намайг ийм гэмт хэрэгт холбогдуулаад яриад байна, би шалгуулая” гэж хууль хяналтын байгууллагад хандаагүй. Тийм учраас энэ хэргийн толгойлогч байх магадлал өндөртэй. Өөрийнх нь дуу хоолой бичигдсэн. Энэ бол хангалттай нотлох баримт. Үүнийг үнэн эсэхийг тогтоогоогүй учраас өнөөдрийг хүртэл гэмт хэрэг байх магадлал өндөртэй гэж би хардаж байна. Энэ асуудлаар бас нэг ноцтой юм бий.

Зургадугаар сарын 15-ны өглөө үйлчлүүлэгч маань “Миний байгаа газрыг цагдаа бүсэлсэн байна” гэж утасдсан. Цагдаа, тагнуулынхан бүсэлсэн байсан. Би очоод “Бичиг баримтаа үзүүл” гэсэн. Ямар ч бичиг баримт зөвшөөрөл байгаагүй. Надтай амаар ажил ярихыг хүссэн. Тэгэхэд хуулийн улсууд манай үйлчлүүлэгчийг гүжирдсэн. “Та нар яах гэж байгаа юм бэ” гэсэн чинь “Хамгаалалтад авах гэж байгаа юм” гэсэн. Хэн хүсэлт гаргасан юм бэ гэсэн чинь “Аав чинь гаргасан” гэсэн. Үйлчлүүлэгч маань тэр дороо аав руугаа яриад “Манай аав хүсэлт гаргаагүй байна” гэхэд “Фэйсбүүкээр гаргасан” гэж бас дахиад гүжирдсэн. Гэтэл энэ хүний аав дал гарчихсан, цахим ертөнцөд ордоггүй хүн байсан.

Ингээд ямар ч зөвшөөрөлгүйгээр тэр хүнийг баривчлахаар очсон манай ЦЕГ өөрсдөө гэмт хэрэг хийсэн. Түүнийгээ “Хамгаалах гэж очсон” гэж ард түмэнд худлаа ярьж байгаа.

Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой. Гэтэл энэ үгүй болсон байна.

Д.Амарбаясгалан гэдэг хүн мэдэгдэл хийсэн байгаа. Хэрэв Г.Доржзодовыг ЦЕГ хамгаалах байсан бол зургаадугаар сарын 14-нд мэдэгдэх ёстой. Гэтэл мэдэгдээгүй. 15-ны үүрээр эрх чөлөөнд нь халдаж, баривчлах гэж оччихоод үдээс хойш нь цагдаагаас надад бичиг өгсөн. Хууль бус ажиллагаа хийчихээд араас нь бичиг өгч байгаа юм. Д.Амарбаясгалан Г.Доржзодовт өгсөн 20 сая төгрөгийн талаар бас гүжирдсэн. Нийслэлийн прокуроос 2016 оны 10 сарын 13-ны өдөр тогтоол гаргасан. Г.Доржзодовт А.Ганбаатар 20 сая төгрөг өгөх ёстой байсныг хүлээн зөвшөөрч байна гээд прокурорын тогтоолоор энэ 20 сая төгрөгийг өгсөн шүү. Гэтэл энэ Г.Доржзодов өөрөө өөртөө мөнгө шилжүүлж, ард иргэдийг хуурч байгаа мэтээр Д.Амарбаясгалан гэж хариуцлагатай намын ерөнхий нарийн бичгийн дарга худлаа ярьсан.

ЦЕГ-ын дэд дарга П.Батбаатар бас мэдэгдэл хийсэн. Намайг мөрдөж мөшгөснөө энд дурдсан. Г.Доржзодов манайд хоносныг мөрдөж мөшгөсөн. Одоо хүртэл Ц.Оюунгэрэлийнд очсоныг яаж мөрдөж мөшгөснөө хуулийнхан надад хэлээгүй байгаа. Мөрдөх шаардлагатай гэсэн шийдвэр гарч байж мөрддөг. А.Ганбаатар “Дарга зөвшөөрвөл чамайг устгана” гэж удаа дараа хэлж байсан. Гэтэл зөвхөн Г.Доржзодовын хийж байгаа хэрэг мэтээр нийгэмд ойлгуулж байна.

Тэр байтугай ЦЕГ-ийн дэд дарга П.Батбаатар Г.Доржзодовт Эрүүгийн хуулийн 137-р зүйл ангиар хэрэг үүсгэсэн гэж худлаа ярьсан. 133-аар шалгагдаж байгаа. 137 нь иргэний орон байрны халдашгүй байдалд халдсан хэрэг.

Г.Доржзодов өөрийгөө хамгаалах гэж MP3-аар бичлэг хийсэн. Төрийн эргэлт хийх гэж бичлэг хийгээгүй. Г.Доржзодовт Эрүүгийн хуулийн 133-аар эрүү үүсгэх үндэслэл байхгүй.

Хүн байвал хэрэг олддог гэдэг коммунист зарчмаар энэ хүүхдэд хэрэг үүсгээд явж байна. Коммунист зарчим гэдэг төр, эрх мэдэлтнүүд юу хүснэ түүнийгээ хийдэг нийгмийг хэлдэг. Бид Ардчилсан нийгэмд амьдраагүй, эргээд коммунист нийгэм рүүгээ явж байна” гэв.

“Өнөөдөр Г.Доржзодов гэж хүнийг ард түмний хамгаалалтад авах ёстой. Г.Доржзодовын гэр орныг нэгжээд, машин, гэрийн түлхүүрийг нь бүгдийг нь хурааж авсан. Энэ хүүхдэд өмгөөлөгч олдоогүй. Арван өмгөөлөгчид хандсан, зөвшөөрөөгүй. “Улс төрийн том хэрэгт холбогдсон хүнийг өмгөөлмөөргүй байна” гэсэн юм билээ. Харин би айгаагүй гэж Г.Баасан тайлбарласан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *