Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг нэг сарын хугацаатай хорих шийдвэрийг энэ сарын 2-ны өдөр гаргасан юм. Ч.Ганзоригийн өмгөөлөгч шүүхээс гаргасан шийдвэрийг эсэргүүцэн гомдол гаргасан. Харин шүүхээс өмгөөлөгчийнх нь гаргасан өргөдөл, гомдлыг хүлээж авах боломжгүй хэмээж Ч.Ганзоригийг хорих нь зүйтэй гэж үзсэн. Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийн өмгөөлөгч Эрдэнэт үйлдвэрийг барьцаалж “Стандарт” банкинд өр тавьсан гэх хэргийг шалгагдаж эхэлснээс хойших таван жилийн хугацаанд миний үйлчлүүлэгч нэг ч удаа мөрдөгчийн болон прокурорын зүгээс сануулга болгосон гэмт хэргийн талаар өөр хэн нэгэнтэй ярих, мэдээлэх, хэрэгт холбогдолтой бусад этгээдүүдтэй уулзаж, зөрчил гаргаж байгаагүй. Мөн дахин гэмт хэрэг үйлдэх талаарх ямар нэгэн зүйл хийгээгүй байхад хорих хугацааг сунгана гэдэг нь үндэслэлгүй. Ийм шийдвэр сонссон 60 гаруй настай Ч.Ганзоригийн биеийн байдал тааруу байгаа” гэжээ. Сүүлийн үед олны анхаарлын төвд орсон хэргүүдэд холбогдсон хүмүүсийг шүүхээс хорих арга хэмжээ авах үгүйг шүүн хэлэлцэхдээ хэт нэг талыг барьсан шийдвэр гаргах болсон талаар хуульчид ярих болсон билээ. Тэр тусмаа прокурорын зүгээс хорих үндэслэл бүхий мэдээлэл байна гэсэн байр суурьтай байгаа ч тэрхүү үндэслэл, мэдээлэлтэй нь танилцуулдаггүй болжээ.
Энэ талаар болон дахин гэмт хэрэг үйлдэх эргэлзээ бий гэсэн үндэслэлээр хүмүүсийг үргэлжлүүлэн хорьж болдог эсэхийг Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Э.Ганхөлөгөөс тодрууллаа.
-Дахин гэмт хэрэг үйлдэх магадлал бүхий эргэлзээ бий гэсэн заалт нь ямар учиртай юм бэ?
-Сүүлийн үед олны анхаарлын төвд орсон хэргүүдэд холбогдох хүмүүсийг заавал цагдан хорьж шалгах ёстой гэсэн захирамжийг шүүхэд гаргаад байгаа. Цагдан хорих гэдгийг хэд хэдэн нөхцөл байдал тогтоогдсоны үндсэн дээр хэрэгжих боломжтой зүйл. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр бүлэгт таслан сэргийлэх арга хэмжээ хэмээх хэсэг байгаа. Үүнд таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхээс түдгэлзүүлэх, хязгаарлал тогтоох, барьцаа авах, цагдан хорих гэсэн хэрэгслүүд байдгийг заасан. Үүн дотроос мөрдөгч өөрийн мэдэлдээ авдаг хэд хэдэн арга хэмжээ байхад прокурор дангаараа мэдээд авчихдаг арга хэмжээ ч бас бий. Харин цагдан хорихыг заавал шүүхийн шийдвэрээр хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл прокурор саналаа гаргалаа, үндэслэлтэй байна гэж үзвэл шүүх захирамжаа гаргаад тэр хүнийг цагдан хорьж шалга гэдэг юм. Хэрэгт холбогдож буй хүмүүсийн ихэнх нь хилийн хориог зөрчдөггүй. Мөн хэрэгт холбогдсон бусад хэн нэгэнтэй уулздаггүй, тэднийг дарамтлах үйлдлүүдийг хийдэггүй. Ихэвчлэн цагдан хорих саналыг 14.9-д заасан дөрвөн үндэслэлийн аль нэг нь илэрвэл хэрэгжүүлдэг.
-Дөрвөн үндэслэлд нь юуг хамааруулсан байдаг юм бол?
-Хэрэг шийдвэрлэх үйл ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч зэрэг гэмт хэрэгт холбогдож байгаа хэн нэгний дарамтлах, айлган сүрдүүлэх, аюул учруулах, эсвэл яллагдагчаар татагдсан хүнд өөрт нь аюултай байдал үүссэн тохиолдолд цагдан хорьдог. Мөн гэмт хэрэг дахин үйлдэх талаарх үндэслэл бүхий баримт эргэлзээ байвал, урьд нь авч байсан таслан сэргийлэх ажиллагааг зөрчсөн гэсэн үндэслэлээр цагддаг.
-Сүүлийн үед энэ заалтаас болж олон хүн хоригдож байгаа гэсэн?
-Ихэнх тохиолдолд 14 дүгээр зүйлийн 9.1.3 буюу гэмт хэрэг дахин үйлдэх талаарх үндэслэл бүхий мэдээлэл байгаа гэсэн саналыг прокуророос ирүүлж, шүүх түүнийг нь шийдээд хүмүүсийг цагдан хориод байна. Гэвч өмгөөлөгчдийн зүгээс үндэслэлээ тайлбарлаач ээ гэхэд бидэнд энэ хэргийг дахин үйлдэх үндэслэл бүхий мэдээлэл байгаа. Үүний дагуу мэдээллээ нууцлах эрх ч бий. Нууц учраас танилцуулах боломжгүй гэдэг нэрийн дор өмгөөлөгч нар болон хэргийн бусад оролцогч нарт мэдээлэлтэй танилцах боломж олголгүй хэргийг шийдээд байна.
-Нууц гэдэг нэрийн цаана бусдыг үндэслэлгүйгээр цагдан хорьж байна гэсэн үг үү?
-Ийм боломж үүсчихээд байгаа юм. Үүнийг үгүй хийх хэрэгтэй. Яагаад гэвэл өнөөдөр хэний ч эрх зөрчигдөөд шалгагдаад хоригдох нөхцөл үүсээд байна. Шүүх олны анхаарал татсан хэргүүдэд холбогдсон хүмүүсийг заавал хорьж, цагдах болсон нь буруу.
-Хэрэв хэрэг таслагдаад үндэслэлгүй хоригдсон нь нотлогдвол яах вэ?
-Хэрэг шийдэгдээд шүүхээс цагаатсан тохиолдолд үндэслэлгүй хоригдсон хоногоо тооцоод тэр хүнд ямар хэмжээний гэм хор, хохирол учирч байна гэдгийг бодож үзэн нэхэмжилж болно. Гэхдээ Монголд цагдан хоригдсон хоногийг өдөр судраар нь үржүүлж мөнгөн дүнгээр тооцож гаргаж ирэх зохицуулалт байдаггүй. Мөнгөн дүн тогтоогоод нэхэмжлэлээ ч хангалттай, хүссэн хэмжээнд хүртэл нөхөн олговроо авч чаддаггүй. Тухайлбал хэрэг нь дээд шүүхээр орж цагаатан үндэслэлгүйгээр 110 хоног хоригдсон хүнд нөхөн олговор гэж 18 сая орчим төгрөг авч өгч байсан гэв.
Ч.Ганзориг 2007-2013 онд Эрдэнэт үйлдвэрийг удирдаж байхад улсын мэдлийн 51 хувийг Жастын Ш.Батхүү Өмнөд Африкийн Стандарт банкинд барьцаалан 50 гаруй сая ам.долларын зээл авсан гэдэг. Харин тухайн үед уг зээлийг авахад Ч.Ганзориг баталгаа гаргаж өгсөн болох нь Арбитрийн шүүхээр батлагдсан ч манай хууль шүүхийн байгууллага “гарын үсгийг дуурайлган зурсан” гэх дүгнэлтийг гаргасан байдаг.
Эл хэрэгт Ч.Ганзоригоос гадна Стандарт банк руу явуулсан албан бичиг нь ил болсон Д.Сугар, Ерөнхий сайд асан С.Баяр, УБТЗ-ын дарга асан Т.Очирхүү нар холбогдож байна.
Стандарт банкнаас авсан зээлийн эргэн төлөлт хүүтэйгээ нийлээд 100 гаруй сая ам.доллар болоод буй. Үүний хүү болох сарын 800-900 мянган долларыг Монгол Улсаас төлөх ёстой гэх шийдвэрийг олон улсын Арбитрийн шүүх гаргасан. Хэрэв зээлээ төлж чадахгүй бол хариуд нь Эрдэнэт хотын Амарын талбай, Эрдэнэт үйлдвэрийн оффиссын барилга, Уурхайчин соёлын ордон зэрэг үл хөдлөх хөрөнгөө өгөх, эсвэл Англид буй эрсдэлийн сан дахь хуримтлалаасаа шууд суутгуулах болно хэмээн Арбитрийн шүүх шийдвэрлэжээ. Харин хэргийг үйлдсэн гэх Ш.Батхүүг АТГ өнгөрсөн дөрөвдүгээр сард баривчилж одоог хэрнэ хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм. Хэргийг шалгагдаж дуустал Ч.Ганзориг болон түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчдийнх нь зүгээс ямар нэгэн тайлбар өгөхгүй гэсэн байр суурьтай байгаа гэнэ. Хэрэв энэ хэрэгт Ч.Ганзориг буруугүй нь нотлогдоод хэрэг цагаатчихвал тэрбээр үндэслэлгүй хоригдож байсан гэх асуудлаар хэрэг үүсгэж, нөхөн олговроо авч магадгүй гэнэ.
З.МӨНХСУВД