Допингийн шинжилгээнд бүдэрсэн Монгол Улсын заан Б.Пүрэвсайханы хүсэлтийн дагуу “Б” дээжийг шинжлүүлэхэд уг бодис дахин илэрсэн учраас допинг хэрэглэсэнд тооцож байгаагаа Допингийн эсрэг төвөөс мэдэгдлээ.
Өнгөрсөн 3 дугаар сард Монголын Допингийн эсрэг үндэсний төв /МДЭҮТ/-өөс 5 бөх допингийн шинжилгээнд бүдэрсэн талаар мэдээлсэн. Тухайлбал, БНСУ-ын Допингийн хяналтын лабораториос ирүүлсэн шинжилгээний дүгнэлтэд: Аймгийн хурц арслан Б.Номиндалай, Сумын заан С.Майнбаяр, Улсын начин Э.Даш, Улсын гарьд Ө.Бат-Орших нараас Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой бодисын жагсаалтад орсон бодис илэрсэн юм.
Улмаар тэдний “А” сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөнд тооцсон бөгөөд МҮБХ-ноос энэ бөхчүүдийн барилдах эрхийг хоёр жилээр хассан.
Харин улсын заан Б.Пүрэвсайхан А сорьцын шинжилгээгээ хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд “Б” сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ явуулсаны дагуу дээжийг шинжлүүлэхэд уг бодис ийнхүү дахин илэрчээ.