Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын Уран хатгамалчид удахгүй тодорно

Уран хатгамалчдын улсын гуравдугаар уралдаан өнөөдөр Уран зургийн галерейд эхэллээ. Соёл, урлагийг хөгжүүлэх, соёлын өвийг хадгалан хамгаалах, өвлүүлэн уламжлуулах төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэхүү уралдааныг зохион байгуулж буй юм. Уран хатгамлын урлагийг хөгжүүлэх, түүний сан хөмрөгийг арвижуулах, чанаржуулах, уран хатгамалчдыг дэмжих, тодруулах, хатгамлын урлагийн судалгаа, сурталчилгааг эрчимжүүлэх, хатгамал сонирхогчдын хүрээг өргөжүүлэн охид, эмэгтэйчүүдийн оюун ухаан, гоо зүй, ур чадвар, хүмүүжилд эерэг нөлөө үзүүлэх зорилготой энэхүү уралдаанд нийслэл болон 21 аймгаас шалгарсан ардын авьяастнууд, мэргэжлийн уран бүтээлчид нийт 120 гаруй оролцогч, 300 гаруй бүтээлээр өрсөлдөж байна. Уран хатгамалчдын уралдааныг

Зүү ороосон
Задгай буюу хөрөг хатгамал
Бусад буюу холимог хатгамал
Мартагдаж буй соёлын өвийн сэргээж урласан хатгамал
Эсгий ширмэл
Зоос ширээний сүлжмэл
Зээгт наамал гэсэн төрлүүдээр явуулж байгаа ажээ.

Уран бүтээлийн ур хийц, загвар, өнгө зохицол, уламжлалт соёл, зан үйлийн онцлогийг тусгасан байдал, хэрэгцээ, зориулалт, нийгмийн ач холбогдолыг харгалзан ардын урлаачдын бүтээлээс удирдамжид заасан 7 төрөл тус бүрээр нэг, хоёр, гуравдугаар болон тусгай байр эзлүүлж, мэргэжлийн урлаачдын бүтээлээс удирдамжид тусгагдсан 2 төрлөөр мөн нэг, хоёр, гурав, тусгай байр тус тус шалгаруулан шагнах юм. Мөн энэхүү зарлагдсан 7 төрлөөр тэргүүн байранд шалгарсан уран бүтээлчдэд Монгол Улсын уран хатгамалч цол олгоно.

Хоёр өдөр үргэлжлэх Уран хатгамалчдын улсын уралдааны үеэр уралдаанд оролцогчдод зориулж хатгамаллах урлагийн хөгжил, ирээдүй, нийгмийн ач холбогдол зэрэг сэдвийн хүрээнд зөвлөгөөн зохион байгуулах юм байна. Уран хатгамалчдын улсын уралдаан 2005, 2010 онуудад зохион байгуулагдаж байсан бол энэ удаагийн уралдааныг Уран хатгамалчдыг дэмжих “Эгнэшгүй санаа” төвийн санаачилгаар БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Соёлын өвийн үндэсний төв, Монголын Уран зургийн галерей, Монголын Эмэгтэйчүүдийн холбоо, NZ сан хамтран зохион байгуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *