Улсын Онцгой комиссын хуралдаан болж, Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн төв, зүүн аймгуудад ажилласан тухай танилцуулгыг сонслоо. Мөн мялзан өвчнөөр олон тооны бөхөн хорогдсонтой холбогдуулан газар дээр нь ажилласан Ажлын хэсгийн тайлан, мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ.
Шадар сайд У.Хүрэлсүх холбогдох сайд, агентлагийн удирдлага, зарим аймгийн Засаг дарга нарт үүрэг, чиглэл өглөө.
Тухайлбал:
- Гоц халдварт өвчнөөр өвчилсөн цагаан зээр, бөхөн болон бусад зэрлэг амьтны байдалд тандалт судалгааг мэргэжлийн байгууллагатай хамтран хийж, өвчлөлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр гадаад орон, олон улсын байгууллагаас ирж ажилласан шинжээч, зөвлөхийн зөвлөгөөг хэрэгжүүлэх
- Орон нутгийн хэмжээнд тохиолдсон гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх ажлыг цаг алдалгүй зохион, шаардагдах хөрөнгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс зарцуулж, тайлангаа Улсын Онцгой комисст ирүүлэх
- Гамшгийн голомтод дайчлагдан ажиллаж байгаа албан хаагчид, иргэдийг хоол хүнс, шатахуунаар хангах
- Мал, амьтны гоц халдварт шүлхий, цэцэг, мялзан гарсан аймаг, орон нутагт тогтоосон хорио цээрийн дэглэмд хяналт тавьж, мэргэжлийн байгууллагуудтай уялдаа холбоотой байх
- Сар шинийн баяр болон оюутан, сурагчдын амралтыг зөв зохицуулах
- Мал, мах, малын гаралтай бүтээгдэхүүнээс өөр төрлийн ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг хяналтын болон хорио цээр тогтоосон постуудаар нэвтрүүлэхдээ ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайн хийж, зорчиж байгаа чиглэлээсээ хазайхгүй байхыг анхааруулах
- Гоц халдварт өвчнөөр өвчилж хорогдсон мал, амьтны сэг зэмийг устгах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийн, шаардлагатай эм, бодисоор хангаж, болзошгүй эрсдэлээс хамтран сэргийлэх
Гоц халдварт өвчин гарсан аймгуудад амьд малын худалдаа, дамжуулан тээвэрлэх болон мал, малын гаралтай түүхий эд, мах, махан бүтээгдэхүүнд тавих хяналт, шалгалт хийх, гарал үүслийн гэрчилгээ, ариун цэвэр, хорио цээрийн дэглэмийг чанд мөрдүүлэхийг үүрэг болголоо.
Дорнод, Сүхбаатар аймагт 552 мал шүлхийгээр өвчилжээ
Улсын Онцгой комиссын хуралдаанаар мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдлын талаархи мэдээллийг сонсож цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.
Энэ сарын 05-ны байдлаар Дорнод аймгийн Матад суманд хоёр, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат суманд тус бүр гурав, Сүхбаатар суманд нэг, Баруун-Урт суманд гурав, нийт 12 голомтүүсээд байна. 81 өрхийн 365 үхэр, 70 хонь, 117 ямаа нийт 552 мал өвчилсний 199 үхэр, 32 хонь, зургаан ямааг зориудаар устгажээ.
2016 онд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд шүлхийгээр 173 толгой үхэр өвчилж, 20 толгой үхрийг зориудын устгалд оруулж байсан. Өнгөрсөн жил 10 аймаг, нийслэлийн давхардсан тоогоор 161 сумын 9 сая гаруй малд вакцинжуулалт хийсэн байна.
Сүүлийн 16 жилийн хугацаанд вакцинд 187 тэрбум төгрөг зарцуулсан ч өвчлөл байнга гарч байгаад дүгнэлт хийж, гоц халдварт өвчний голомтыг бүрмөсөн устгах чиглэлээр далайцтай арга хэмжээ авах цаг болсон гэдгийг Онцгой комиссын гишүүд хэлж байлаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам холбогдох яам, байгууллагатай хамтран Мал эрүүлжүүлэх үндэсний хөтөлбөрийг ойрын хугацаанд боловсруулж Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэхийг Шадар сайд У.Хүрэлсүх үүрэг болголоо.
Мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх хууль, эрх зүйн орчин, стратеги, бүтэц, зохион байгуулалт, вакцин үйлдвэрлэл, вакцинжуулалт, хөрөнгө санхүүгийн зарцуулалт зэрэгтээ эрс өөрчлөлт хийж, бүх нийтээр зүтгэвэл таван жилийн дотор малаа эрүүлжүүлэх, гоц халдварт өвчний голомтыг устгах сууриа тавьж чадна гэж Шадар сайд үзэж байна.
Вакцин үйлдвэрлэлийн 90 хувь нь гар ажиллагаатай
Улсын Онцгой комссын хуралдаанаар “Биокомбинат” улсын үйлдвэрийн газрын өнөөгийн байдлын талаархи танилцуулгыг сонслоо. 1973 онд ашиглалтад орсон энэ үйлдвэрт бүрэн шинэчлэл хийлгүй өнөөг хүрснээс вакцин үйлдвэрлэлийн 90 хувь нь гар ажиллагаатай болсон байна.
Мал эмнэлэг, үржлийн газрын дарга П.Ганхуягийн танилцуулснаар ашиглаж байгаа 350 тоног төхөөрөмжийн 20 хувийг нь л шинэчилсэн бөгөөд одоо 64 хувийг нь зайлшгүй шинэчлэх шаардлагатай, 200 гаруй тоног төхөөрөмжийг нь ашиглах боломжгүй болжээ.
Энэ бүхэн нь мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай вакцинаа үйлдвэрлэж чадалгүй, гадаад орнуудаас авахаас өөр аргагүйд хүрдэг гэсэн үг юм.
Мал эмнэлэг, үржлийн газрынхны хийсэн тооцоогоор 2017-2030 онд зөвхөн шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 82 сая тун вакциныг гадаадаас авна гэвэл 85 тэрбум төгрөг зарцуулах нь. Харин дотооддоо үйлдвэрлэвэл 59.5 тэрбумыг зарж 25.5 тэрбум төгрөг хэмнэх юм. Иймээс Унгар Улсын 25 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар “Биокомбинат” улсын үйлдвэрийн газрын шинэчлэлийг яаралтай хийж дуусгахыг зорьж байна. Шинэчлэл хийснээр вакцин үйлдвэрлэлийн шинэ техник, технологи нэвтэрч, мэргэжлийн ажилтнуудын чадавхи сайжран, богино хугацаанд өвчний голомтыг таслан зогсоох боломж бүрдэх юм.
Цаашид шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг хүйтний улиралд бус, харин жил бүрийн дөрөв, есдүгээр сард хоёр удаа, хонь, ямааны цэцэг, бог малын мялзан өвчний эсрэг вакциныг зургаадугаар сард нэг удаа бүх нийтийн хүчээр хийж байх нь үр дүнтэй гэж Мал эмнэлэг, үржлийн газрынхан үзэж байна.