Баруун гараас улсын начин Н.Баярбаатар, Б.Орхонбаяр
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат “Таван хан” дэвжээ, “Монзол” группийн бөх Монгол Улсын залуу начин Насанцогтын Баярбаатартай ярилцлаа.
-Их эзэн Чингис хааны мэндэлсэн “Монгол бахархлын өдөр”, Улс тунхагласны 95 жилийн ойн баяртай хамт таширлуулсан шилдэг бөхийн барилдаанд бахтай сайхан түрүүллээ. Өөрийг чинь ингээд гараад ирнэ гэж бөх сонирхогч олон тааварлаагүй байх?
-Яг үнэнийг хэлэхэд би өөрөө ч ингээд түрүүлнэ гэж бодоогүй. Монгол бахархлын өдөр, Улс тунхагласны баяр гээд төрт ёсны хоёр том баярын бөхийн барилдааныг нэгтгэж “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулсан. Чансаагаараа тэргүүлж байгаа энэ цагийн шилдэг 128 бөх хүчээ сорьсон ийм л том барилдаан. Биднийг багад Улс тунхагласны ойн бөхийн барилдааныг бөх сонирхогч олон наадам, цагаан сарын бөх шиг хүлээдэг байсан. Дандаа аварга, арслангууд түрүү үзүүрт хүрч чансаатай, үзүүштэй барилдаан болдог байв. Монгол бахархлын өдрийн барилдаан ч ялгаагүй, шилдэг хүчтэнүүд зодоглож өнгөнд барилдах нь мэдээж. Тэгтэл ийм л төрт ёсны баярт нутгийн дүү Орхонбаяртайгаа түрүү үзүүрт үлдчихээд, зүүн баруун талын засуулуудыг ханаруулаад гарч ирэхэд ёстой зүүд юм шиг санагдсан. Миний бие том жижиг нь хамаагүй ямар ч барилдаанд зодоглохоор явахдаа ханийнхаа хийсэн хоол цайг амтархан хүртээд хүүгээ үнсээд, бурхан тахилдаа мөргөөд гардаг. Сэтгэл дороо мэдээж санасандаа хүртэл сайхан барилдах юм шүү гэж бодно. Х.Баттулга Ерөнхийлөгчөөс түрүү бөхийн шагнал гардаад зогсож байхдаа маш их бэлгэшээсэн. Хэдхэн сарын өмнө миний бие улсын баяр наадамд тав давж улсын цолны босго алхаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар улсын начин цолны тэмдэг, батламжийг гардаж байв. Тэгтэл их эзэн Чингис хааныхаа мэндэлсэн өдрөөр мөн төрийн тэргүүнээс түрүү бөхийн бай хүртсэн нь их сайхан санагдсан. Яагаад ч юм өөрөө бахархах сэтгэл төрснөө нуугаад яахав.
-Б.Орхонбаяр гэж сайхан залуу гараад ирлээ. Та хоёрын хувьд өнөө жил Сэлэнгэ аймгийнхаа наадамд түрүү үзүүрт үлдсэн. Дараа нь улсын наадамд хоёулаа начин болсон, сая энэ том баярт мөн л шалгарлаа. Орхонбаярыг давчихаад тугийн мандлын дэргэд үнсэж байгаа чинь, мөн индрийн өмнө Баянмөнх, Бат-Эрдэнэ гээд хүчит аваргууддаа мэхийн хүндэтгэл үзүүлж байгаа чинь хүмүүст их хүрэх шиг боллоо. Жудагтай залуу юмаа гэцгээж байна?
-Монгол бөхөд эрэмбэ, жудаг гэж том зүйл бий. Залуу бөхчүүд түүнийг дагалгүй яахав. Миний хувьд Г.Эрхэмбаяр гэж ард түмний хүндэтгэл хүлээсэн аваргын шавь. Багш маань надад жудаг ёс гэдгийг өөрөөрөө үлгэрлэдэг юм. Би Орхонбаяр дүүгээ ихэд хүндэтгэдэг. Цаашид улам сайн барилдах байх гэж итгэдэг. Бид хоёрын хувьд сонин учрал тохиол болж байна. Сэлэнгэ аймгийнхаа наадамд түрүү үзүүрт шалгарсан, дараа нь хоёулаа зэрэг улсын цолонд хүрсэн гээд. Дүүгээ хүндэтгэдэг хэрнээ бөхийн дэвжээнд бол яс үзнэ. Аймгийн наадамд би унасан. Саяхан болсон атрын 60 жилийн ойн баярт дөрвийн давааны нугалаанд таарч барилдаад мөн өвдөг шороодсон. Үндсэндээ би Орхонбаярт хоёр уначихаад байсан. Түүндээ шар хөдлөлгүй яахав. Сая бол би давна гэж, түрүүлнэ гэж гарсан. Түүндээ ч хүрлээ. Хоёр удаа тахимаа өгсөн барилдаанууддаа би анализ хийж, чухам юун дээр яаж алдав гэдгээ бодсон. Ингэж анализ хийж тооцоолсон маань энэ удаад давах нөхцөл болсон байх.
-Та түрүүнд ярианы завсраа хэллээ л дээ. “Миний багш Эрхэмбаяр аварга” гэж. Өнөө жилийн наадамд багшаараа тав давж улсын начин болсон санагдана. Тэр тухай асуумаар байна. Ер нь энэ жил начин болно гэдэгтээ хэр итгэлтэй байсан бэ?
-Энэ цагийн хүчит аварга багшаараа тав давж улсын цолтны эгнээнд багтсандаа их баярладаг. Цаашид цолоо баталж, мөн ахиулж улсын өндөр цолонд хүрч багшийнхаа ач буяныг хариулахсан гэж боддог. Надад итгэсэн итгэлийг нь алдахгүйн төлөө хичээн зүтгэх болно. Тийм л бодлоор бэлтгэл сургуулилтаа базаадаг. Дээрээс нь нутаг усны маань олон түмэн байна, бүгд л намайг сайн барилдаасай гэж бодож байгаа. Өнөө жилийн наадмын тухайд гэвэл урьд жилүүдийнхээс нэг л өөр байсан. Хамгийн гол нь огтоос стресс, нервгүй, сэтгэл амар амгалан байсан. Наадмын бэлтгэл дээр бэлтгэлээ дуусаад л элдэв янзын юм бодохгүйгээр унтаад өгнө. Ер нь толгой тавиад л нам унтчихна. Тэгж сайхан амарсан. Наадмаар төв цэнгэлдэхэд зодоглоод гарахад хүртэл сэтгэл нэг л тайван, санаснаараа барилдаад байгаа юм шиг. Гурвын даваанд Завханы Ш.Уламбаяр харцагыг, дөрөвт Болдын Сайнбаяр зааныг даваад тавын даваанд Эрхэмээ багшийгаа давж начин болсон.
-Зургаагийн даваанд Мөнхбат аваргатай барилдсан. Их сонин барилдаан болсон. Өөрөө бол аваргыг хаячихлаа гэж бодсон байх?
-Юуны өмнө маш сургамжтай барилдаан болсон гэдгийг хэлье. С.Мөнхбат аваргыг давчихлаа, ингээд улсын харцага болчихлоо гэж үү гэж бодогдсон. Яг тэр агшинд аварга миний дор эргээд би арай түрүүлээд газардчихсан. Их харамссан, гэвч цааш цаашдаа улам сайн барилдах үүд хаалга минь нээгдлээ гэж бодсон. Мөнхбат аварга үнэхээр уран барилдаантай бөх. Хүмүүс дараа нь “Мөнхбат аваргаас өөр хүн байсан бол чи гарцаагүй давах байсан” гэж хэлж байсан.
-Мөнхбат аваргад хийсэн баруун хавираагаа саяны барилдаанд Хангай, Бүрэнтөгс гээд дээгүүр барилдах бөхчүүдэд хийчих шиг боллоо. Бат-Өлзий харцагыг бас эвгүй унагасан?
-Монгол бахархлын өдрийн энэ барилдаанд мэдээж санасандаа хүртэл барилдсан. Бат-Өлзий харцагыг давуулж гуядаад давсан. Над руу мөргөөд ороод ирэхэд нь давуулаад гуядчихсан. Бид хоёр дотно сайхан найзууд, нэг багшийн шавь нар. Эрхэмээ багшийгаа дагаж улсын цолны босго алхсан залуучууд. Бат-Өлзийгийн хувьд уначихаад эргэлзсэн, жаахан гайхсан тал бий байх. Цагаан сарын барилдаанд манлайлж байсан сайн бөх шүү дээ. Бүрэнтөгс арслантай би аймгийн начин цолтой байхдаа нэг барилдаж байсан. Түүнээс хойш таарахгүй байж байгаад сая барилдлаа. Арсланг энэ намар 20 кг жин хассан гэж хүмүүс яриад байгаа. Жин хаслаа гээд барилдаан нь муудчихна гэсэн үг биш л дээ. Харин улам хурдтай гялалзсан барилдаан гаргана. Арслантай нуруу туруу ойролцоо учир барилдаан таарах юм билээ. Төрийн наадамд түрүүлж, үзүүрлэж байсан, аварга цолонд ойр яваа хүчтэн арслантай сайхан барилдсан. “Пүрэвдагва арслан, Бүрэнтөгс арслангууд унаад, мөн их шөвөгт үлдсэн Батсуурь аварга унангуут хүмүүс “Хангайгийн наадам боллоо” гэлцэж байтал чи Хангайг хаячихсан” гэж найзууд, дотны хүмүүс хэлсэн. Хангай харцагын хувьд бяртай, энэ цагт аргагүй сайн барилдаж байгаа бөх. Бид хоёр барьц сонгоонд тулж очоод би хавираад давсан.
-Улсын наадамд анх зодоглосон тухайгаа, мөн аймгийн цол хүртсэн тухайгаа хуваалцахгүй юу?
-2011 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойгоор анх улсад зодоглосон. Тэгэхэд сумын заан цолтой байлаа. Эрхэмээ багшийн Мөнхбат аваргатай үлдэж үзүүрлэн улсын арслан цолонд хүрдэг наадам юм. Чухам хэнд унаснаа би санадаггүй юм. Одоо бодох нь ээ, Ховдын аймгийн арслан Н.Батсайханд унасан санагдаад байдаг. Хэнийг нь сайн мэдээгүй, харин их л чанга унаснаа санадаг юм (инээв). Учраа бөх минь дайрч орж ирээд л яах ийхийн зуургүй аваад шидчихсэн. Толгой тархи эргэн нүд эрээлжлээд л явчихсан. Улсын наадам чинь ийм аймаар юм уу гэж бодогдохоор. Тэр жил мөн манай аймгийн 80 жилийн ой болж Г.Өсөхбаяр аварга тэргүүтэй олон том цолтой бөхчүүд очиж барилдсан. Миний бие дөрвийн даваанд Архангайн М.Цанлиг начинг, тавын даваанд Говь-Алтайн Ш.Тогтохбаяр начинг давж аймгийн начин цол хүртсэн. 2015 онд Сэлэнгэ аймгийнхаа наадамд аймгийн арслан Саранбаатар гэж олон жил сайн барилдсан ахтай үлдэн түрүүлсэн. Улсын наадмын тухайд бол 2016, 2017, 2018 онуудад хоёрын даваанд Баянхонгор аймгийн арслан Б.Бат-Орших, Завхан аймгийн харьяат улсын начин Г.Баасандорж, Сүхбаатар аймгийн харьяат улсын харцага Ш.Мөнгөнбаатар нартай хүч шавхсан барилдаан гаргаж дандаа барьц сонгоонд хүрч байж тахимаа өгсөн.
-Ингэхэд аав тань барилддаг уу, удамд тань бөх бий юү. Өөрөө биеийн өндөр болоод жин хэд байна. Баярбаатар гэж Өмнөд Монголын алдарт аварга байдаг. Мэдээж уулзаж байсан байх, энэ бүгдийг сонирхъё?
-Манай аав залуудаа барилддаг байсан. Сумын начин цолтой хүн бий. Намайг багаас минь бөхийн спортод хөтөлсөн хүн бол Сэлэнгэ аймгийн Спорт хорооны Данзангийн Эрдэнэбат гэж хүн байдаг. Бөхчүүд болоод спортын хүрээнийхэн энэ хүнийг андахгүй ээ. Харин Шуурайгийн Баянмөнх гэж хүн Эрхэмээ аваргад намайг аваачиж өгсөн. Тэгж л миний спортын зам мөр эхэлсэн. Монгол бахархлын өдрийн барилдаанд түрүүлчихээд Эрхэмбаяр багштайгаа холбогдож баяраа хуваалцсан. Бас өөрийнхөө үзүүлсэн амжилтыг үнэлүүлчих санаатай ярьж байгаа хэрэг. Дээр нь миний хамгийн их хүндэтгэдэг хүн бол “Монзол” группийн ерөнхийлөгч Чойжамцын Чинбат захирал. Би оюутан болж нутгаасаа гараад арав гаруй жил болж байна.Энэ хугацаанд аавын минь оронд аав болж намайг тулж түшиж өдий зэрэгт хүргэсэн хүн Чинбат захирал. Эрхэмбаяр багш маань дагуулж очин тус группийн бөх болгож цалин цавагтай залгуулсан. Миний гаргасан багахан амжилт энэ хүнтэй холбоотой. Энэ намар начин цолны наадмаа Мандал сум буюу Зүүнхараадаа хийсэн. “Чинбатын Ундрам сан”-гийн тэргүүн Ундрам гэж МУИС-ийн санхүү эрхэлсэн дэд захирал байна. Цолны минь наадмыг маш сайхан зохион байгуулсанд баярладаг.
Баярбаатар аваргыг би мэдэлгүй яахав. Өмнөд Монголд зохиогдсон барилдаануудад багшийгаа дагаж, ах нарынхаа хамт очиж зодоглож байсан. Тэгэхдээ Баярбаатар аваргатай уулзаж, зураг хөргөө татуулж байв. “Миний амьдаа, Ар Монголын хүчит бөх” гээд надад сүрхий хандана. Өмнөд Монголд Баярбаатар нэртэй ийм хүчит аварга байхад Ар Монголд бас яагаад Баярбаатар гэж аварга байж болдоггүй юм гэж хааяа бодогдоно, хүмүүс тэгж хэлэхээр эрхгүй санагддаг байх л даа. Гэхдээ сэтгэлд бодогдох яахав, хамгийн гол нь бэлтгэл сургуулилтаа шаргуу хийж, цаг наргүй хөдөлмөрлөж байж хүссэн амжилтдаа хүрэх нь мэдээж. Өнөөдөр миний өндөр нэг метр, 90 сантиметр байна. Жин гэвэл 150 кг байна. Ижий аавынхаа харамгүй хайрласан энэ бие хааг улам хөгжүүлж, аварга багшийнхаа зааж сургасан мэх бүрийг сайтар эзэмшиж монгол бөхийн олон сайхан цолонд хүрэхийн төлөө зүтгэх болно оо.