Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын хэмжээнд он солигдох мөчид 39 хүү, 36 охин мэндэлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ оны эхний өдөр Нийслэлийн өргөө амаржих газар буюу ууган төрөх эмнэлэгт очиж он солигдох шөнө амаржсан эхчүүд болон эмнэлгийн ажилчдад шинэ оны мэнд дэвшүүллээ.

Нийслэлийн өргөө амаржих газарт 2019 он гарсаар 13 эх амаржсан байна. Харин улсын хэмжээнд 00:00 цагаас хойш 75 хүүхэд мэндэлсний 39 нь хүү, 36 нь охин байжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус эмнэлэгт амаржсан эхчүүдтэй уулзаж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсээд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд төрөх эмнэлгийн орчин, төрөх орыг шинэчлэх ажилд анхаарал хандуулж ажиллахыг хүссэн юм.

Энэ үеэр мөн Нийслэлийн өргөө амаржих газрын дарга, Анагаах ухааны доктор Г.Баясгалан:

“Нийслэлийн өргөө амаржих газарт 2017 онд 11800 орчим эх амаржсан. Өнгөрсөн шөнө 35 эх амаржсан. Өглөөний найман цагаас хойш таван ээж амаржиж, 11 эх төрөхөөр бэлтгэгдэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны зургадугаар сарын 1-ний өдөр манай байгууллагыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан. Энэ үеэрээ манай төрөх эмнэлэгт хувиасаа 100 сая төгрөг өгөхөөр амласан байсан. Тэр амлалтаа биелүүлж, өнгөрсөн 11 дүгээр сард маш сайн үйл ажиллагаа, тоноглолтой сүүлийн үеийн төрөх орнуудыг бэлэглэсэн. Эхчүүд одоо энэ орон дээр амжиж байгаа” гэсэн юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан “Манай эмнэлэгт тасралтгүй хүүхэд мэндэлж байдаг. Одоо ч гэсэн эхчүүд орилж, уйлсаар байна. Төрөлт гэдэг сайхан явц. Төрсний дараа ээжийн бүх өвдөлт, шаналгаа мартагддаг. Шинэ хүн мэндэлнэ гэдэг хамгийн аз жаргалтай мөч. Ийм сайхан мөчийг хуваалцсанд нийт эмнэлгийн ажилчдынхаа өмнөөс талархал илэрхийлье” гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга амаржсан зарим эхчүүдтэй дурсгалын зураг татуулж, гарын бэлэг гардууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *