Categories
мэдээ улс-төр

Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

“Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Баян-Өлгий аймгийн Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Энэ талаар Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцуулав. Хуучнаар БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1971 оны 252 дугаар зарлигаар аймгийн төвийн хотуудын (Өвөрхангай аймгийн Арвайхээр, Баян-Өлгий аймгийн Өлгий) хилийн цэсийг баталсныг Улсын Их Хурлын 1994 оны 33 дугаар тогтоолоор аймгийн төвийн хотуудыг батлагдсан хилийн цэсээр нь сум болгож өөрчилжээ. Сүүлийн жилүүдэд төв суурин газар дахь хүн амын өсөлт, газар ашиглалтын эрэлт хэрэгцээ нэмэгдсэнээс шалтгаалан аймгийн төвийн сумдын газар нутаг хүрэлцэхгүй болсноор хөрш зэргэлдээ сумын нутаг дэвсгэрийг дамнасан газар олголт хийгдэж газрын зөрчил маргаан ихээр гарах болсон байна. Энэ нөхцөл байдал нь аймгийн төвүүдийн хөгжил, цаашид үйлдвэрлэл, үйлчилгээний болон гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгох, газрын нэгдмэл сангийн тооллого, газйар ашиглалтын бүртгэл мэдээллийг үнэн бодитой бүртгэх, хөтлөх ажилд хүндрэл учруулах болжээ.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын тухайд нутаг дэвсгэрийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан зэргэлдээх Тарагт сумын нутагт газар олголт хийжээ. Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт зэргэлдээх Бугат сумын төв байрладаг бөгөөд түүнийг дагасан газар ашиглалт бий болж, нэг сумын нутаг дэвсгэрт хоёр сумын газар олголт хийгдэх хүндрэлтэй асуудал 1977 оноос эхлэн яригдаж, өнөө хүртэл шийдэгдээгүй байна.

Иймээс Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Газар зохион байгуулалт хийх журам”-ын дагуу Өвөрхангай, Баян-Өлгий аймгуудын төвийн сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулахтай холбогдсон үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулснаар тухайн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол гаргаж, зохих саналуудаа ирүүлсний дагуу уг тогтоолын төслийг боловсруулжээ.

Өвөрхангай аймгийн төвийн Арвайхээр сумын газар нутгийг нэмэгдүүлснээр аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хүн амын суурьшил тэлж, инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангагдах, ая тухтай амьдрах боломж нэмэгдэж, стратегийн ач холбогдол бүхий томоохон бүтээн байгуулалтууд хийхэд чухал нөлөө үзүүлнэ. Түүүнчлэн Арвайхээр сумын иргэд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу газар өмчлөх боломжтой болно.

Мөн Баян-Өлгий аймгийн Бугат, Өлгий сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулснаар Бугат сумын Засаг даргын шийдвэрээр олгогдсон Өлгий сумын хилийн цэсэд хамаарах нийт өмчлөх, эзэмших, ашиглах эрх бүхий 4138,58 га газрыг буюу 1439 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газрын эрхийн баталгаажуулалтыг газрын кадастрын мэдээллийн санд нэгтгэх боломжтой болж, иргэдийн газрын харилцааны үйлчилгээ авах асуудал бүрэн шийдвэрлэгдэнэ. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу газраа өмчилж аваагүй байсан иргэд газар өмчлөх, эзэмших, ашиглах боломжтой болно гэж төсөл санаачлагчид үзжээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо тогтоолын төслийг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, А.Сүхбат, Б.Дэлгэрсайхан, М.Энхболд, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ. Л.Мөнхбаатар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс аймаг нийслэл, сум, дүүргийнхувьд газар нутгийн маргаан хэчнээн байгааг тодруулахын зэрэгцээ уг асуудлуудыг шийдвэрлэхийн тулд ямар зарчим баримтлан ажиллаж байгааг тодрууллаа. Мөн Өвөрхангай, Баян-Өлгий аймгийн асуудлыг тусад нь оруулж ирж байгааг илүүтэй лавлав.

Ажлын хэсгийн зүгээс хариултдаа, 21 аймгаас хоёрхон аймаг буюу Өмнөговь, Говьсүмбэрт л хилийн цэсний маргаан байхгүй байна. Бусад бүх аймаг, нийслэл, сумдад хилийн цэс, газрын маргаантай байгааг тодотгоод “Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Баян-Өлгий аймгийн Бугат сумдынхувьд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлууд ньойлголцож, зөвшилцөн асуудлаа шийдвэрлэсэн тул хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн барьсныг онцоллоо. Түүнчлэн Ажлын хэсгийн зүгээс 1971 онд тогтоосон хилийн цэсийг баримталж байгаа бөгөөд цаашид хилийн цэс, газрын маргааныг шийдвэрлэхийн тулд цахим мэдээллийн системийг нэвтрүүлэн кадастрын зураглалыг оруулсан. Мөн хилийн цэстэй холбоотой зарлиг, тогтоолын алдаанаас үүдэлтэйгээс бусад газрын маргааныг холбогдох байгууллагууд нь шат дараатай арга хэмжээ аван ажиллаж байгаа хэмээн нэмэлт тайлбарыг өгөв. Ингээд “Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Баян-Өлгий аймгийн Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэн тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *