Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат улсын ахлах засуул Равдансүрэнгийн Сампилдондовтой ярилцлаа.
-1997 оны улсын наадмын гурвын даваанд Ц.Цэрэнпунцаг заан аймгийн арслан Б.Ганбатыг амлаж барилдахад та Б.Ганбатын засуулаар ажиллаж байсан. Тухайн барилдааны уур амьсгал ямар болж байв?
-Баруунтурууны Б.Ганбат гэж улаан хацартай залуу Увсаас дөнгөж орж ирсэн даруйдаа тухайн үеийн босоо хүчтэн дархан аварга Б.Бат-Эрдэнийг хүртэл өвдөг шороодуулаад амжлаа. Олон түмэн Ганбатыг улсын наадамд түрүүлэх хэмжээний бөх гэж үнэлж байхад нь Цэрэнпунцаг заан эрт амласан л даа. Цэрэнпунцаг заан ч элэг бүснээс нь зуураад л 30 орчим минут зогсчихсон. Залуу хүний нэрийг дарж байгаа хэрэг л дээ. Ганбат ч Цэрэнпунцаг зааны нүүр лүү ч харж чадахгүй тулж байгаад барьцаа тавихдаа дайруулаад ардаа алдаж унасан. Би ч шинэ засуул нүд цавчилгүй хараад зогсож байхад хөлийн цэцүүд “Наад хоёр чинь түрүүлэх хэмжээний бөхчүүд шүү. Сайн хараарай” гэж хэлж байлаа. Тэд хоорондоо үг хаяж элдэв юм болоогүй. Зүгээр л монгол бөхийн эрэмбэ цолны эрхээ эдэлж буй хэрэг гэдгийг ухамсарлаж байсан. Хүнийг хүндэлж байж хүндлэгддэг байхгүй юу. Манай том Сүхбат наадмаар гарахдаа нэг талын 16 засуултай бүгдтэй нь мэндэлж гардаг сайхан нийтэч хүчтэн байсан. Одоо цагт П.Өсөх-Ирээдүй дэвжээн дээр нийтэч сайхан харилцаатай байдаг. Улсын том цолтой бөхчүүд улсын цол авах хэмжээнд хүрсэн бөхийг амлалгүй үлдээдэг л дээ. Хамгийн ойрын жишээ гэвэл Ш.Мөнгөнбаатар, Д.Анар нарыг нэрлэж болох юм. Бөхийн хэр хэмжээг тэгж л тодорхойлж өгдөг.
-Б.Гончигдамба таны мөрнөөс гараад заан болсон санагдаж байна. Хариуцлагатай даваанд Х.Мөнхбаатар арсланг хашиж мордоод их л ойролцоо газардсан. Та эргэлзэлгүй Гончигдамба гардийг давсан гэж мэдүүлж байсан?
-Араар тойруулж барьсан хүн хашиж мордоход тохой нь дор нь тусна л даа. Энэ тохиолдолд гол төлөв мэх хийсэн нь давдаг номтой. Тэр зарчмаар л би байр сууриа илэрхийлсэн. Гончигдамба өөрөө ч бага зэрэг эргэлзээд зогсчихсон. Мөнхбаатар маргалдаад байлгүй элэг бүсээ тайлсан. Ер нь тэгээд өндөр түвшинд барилдаж буй бөх хүн унасан давснаа сайн мэддэг л дээ. Гончигдамбыг барилдахаар гарахын өмнө одооны аварга Н.Батсуурь мань хүнд “давуулж барихад нь суганд нь сэжээд хажууд нь гараарай” гэж зөвлөж байлаа. Тэр зургийн дагуу л барилдаан өрнөсөн. Батсуурийг мундаг тооцоотой барилддагийг тэгэхэд л ойлгосон доо.
-Бөхийн засуулыг үзэгчид зүгээр малгай бариад зогсож байгаа шиг ойлгодог. Зовлон жаргалыг нь тэр бүр ойлгодоггүй юм шиг?
-Засуул гэдэг малгай бариад уналаа, давлаа гэж хэлдэг ажил биш. Бөхөө ажиглаж урмыг нь сэргээсэн үг хэлж байх хэрэгтэй. Торгон мэдрэмжтэй хүн л засуул хийнэ дээ. Нүд цавчих хооронд л мэх хийдэг. Хүний бүтэн жилийн хөлс хөдөлмөрийг үнэлж зөв шийддэг хариуцлагатай мэргэжил. Хоёр бөх ойролцоо газардахад засуул гярхай ажиглаж тодорхой шийд хэлэх хэрэгтэй. Бөөрөнхий шийд хэлбэл тэгээд л маргана. Дархан аварга А.Сүхбат “Худгийн ус, бөхийн нас хоёр хэмжээтэй” гэж хэлсэн байдаг. Ид сайхан барилдаж байгаа үед нь буруу шүүчихвэл хэцүү шүү дээ.
-Засуулын зөвлөгөө бөхийн амжилтын нэг хэсэг байх?
-Зарим нь засуулаасаа “Энэ маань ямар мэхтэй билээ яаж барилдвал зүгээр вэ” гэх мэтээр асууж санал бодлоо солилцдог. Засуул бөхчүүдийн барилдааныг мэддэг, мэдэрдэг байх хэрэгтэй. Даншиг хошуу наадмын үед бөхөөрөө засуулах дуртай байсан юм билээ.
-Засуул нэг дүйзэд хэдэн бөх засдаг вэ?
-Нэг дүйзэд дөрвөн бөх засч болно. Засч буй бөхчүүдээ ажиглаж хамгийн шуурхай барилддаг бөхөө сонгож илүү анхаарал хандуулна. Үүнд өнөөх засуулын мэдрэмж хэрэгтэй. Маргаан гол төлөв захалсан барилдаанаас үүдэлтэй байдаг. Иймээс зай талбай жижиг зааланд барилдаан явуулахад хүндрэлтэй байдаг талтай. Би барилдааны үед бөхчүүдэд мөргүүлж бэртэж байсан удаатай. Сая “Монгол бахархлын өдөр”-ийн барилдаан “Буянт-Ухаа” спорт цогцолборын цэлгэр зааланд маргаан будлиангүй мөн ч сайхан боллоо. Томоохон барилдаанаа Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулж байвал барилдаж байгаа бөхчүүддээ ч, засуулууддаа ч амар санагдсан. 5000 хүний багтаамжтай зааланд үзэгчид ч тав тухтай сууж байгаа нь ажиглагдсан.
-Засуулуудыг бөх сайн таадаг, наадмын өмнө түрүү бөхийг ер нь хэлдэг улс гэдэг шүү дээ. Түрүү бөхийн шинж ямар байдаг бол?
-Уяачид түрүү морины хондлой дээр хэдэн үс босчихсон байдаг гэж ярьдаг. Түрүү бөхийн нуруу нь тэгш, өндөр ч болчихсон юм шиг бусдаасаа өөр харагддаг л даа. Их сайн бэлтгэлтэй байгаа хүн хайн барилдаан хийдэггүй. Барилдаанаас нь ажиглаж болно л доо.
-Засуулын гоё сайхан нь юу вэ?
-Сайхан нь бий л дээ. Муухайг нь ч ах нь үзсэн. Би 14 дээр зогсдог засуул байхад есдүгээрт зогсдог засуул “Сампилаа дээшээ яваад миний дугаар зүүгээд зогсчих” гэдэг юм. Би ч дуртай хүн солиод зүүчихсэн л дээ. 512 бөх барилдсан тэр наадамд миний мөрнөөс гарсан нэг ч бөх даваагүй. Миний бөхчүүд барууны манлайн аманд очоод байсан хэрэг л дээ. Давах магадлал их бага. Урам их хугарсан. Өөрийн засч байгаа бөх цол аваад дээшээ барилдахад засуул нь хамт баярлаад дэвээд явна шүү дээ. “Миний мөрнөөс гарч зөвлөгөөг минь сонсож улсын цол хүртэж байсан шүү” гэж ярих сайхан шүү дээ. Хамгийн анх Намдаг гэж залуу миний мөрнөөс гараад улсын цол авахад нь мөн ч их баярлаж билээ.
-Таны хувьд монгол гутал урладаг хүн. Урласан гутлыг тань өмсөж өндөр цолд хүрсэн бөхчүүд олон байдаг байх?
-Манай эхнэр монгол гутлын үйлдвэрт ажиллаж байхдаа Г.Өсөхбаяр аваргын гутлыг урлаж байлаа. Дархан аварга А.Сүхбат хоёр дахь удаагаа түрүүлэхдээ миний хийсэн хар гутлыг өмсөж барилдаж байсан түүхтэй. М.Баяржавхлан, Н.Ганбаатар гээд олон бөхчүүд гутал хийлгэж байсан даа. Энэ Говьсүмбэрийн Д.Азжаргал арсланд мөн ч олон гутал урлаж өгсөн. Түрүүлдэг жилээ над дээр ирээд “Сампил ах аа, миний өхийлдөх мэх ордоггүй ээ” гэхэд нь ярилцаж сууж байгаад өсгийг нь арагш нь жаахан сунгаад өгчихсөн юм. Тэр гутлыг өмсөж барилдсан Азаа маань Бат-Эрдэнэ аваргыг ганцхан өхийлдөж суулгаад арслан цолонд хүрсэн түүхтэй. Бат-Эрдэнэ аварга ч П.Сүхбат, Азаа хоёроос өөр хүнд өхийлдүүлж сууж байсан тохиолдол байхгүй дээ.
-П.Сүхбат гарьд тэр өхийлдөөг Бат-Эрдэнэ аваргаас өөр хүнд зориулж бэлдсэн байсан гэдэг. Хэнд юм бол?
-Сүхбат гарьд 1991 онд Эрдэнэбат заантай тунана гэж тооцоолж тэр өхийлдөөг бэлдсэн байсан юм билээ. Эрдэнэбат бярдаж цээжийг нь сөхөхөд нь өхийлдөнө гэж тооцохгүй юу. Тэгсэн Бат-Эрдэнэ таллаж татаад гэдийхэд нь хөл нь цөмөрнө шүү дээ. Сүхбат ч өнөөх өхийлдөөгөө даалгаж даваа авсан. Зууны шилдэг барилдаан болж түүхэнд үлдсэн дээ.
-Та өнөөдөр ч засуулын ажлаа хийгээд л явж байгаа. Үндэсний бөхийн шүүлтэд камер ашиглах нь зөв үү. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?
-Үндэсний бөхийн шүүлтэд камерын тусламж ашиглах нь зөв гэж үздэг. Сүүлийн даваануудад бөх шингэрсэн үед камераар шүүх бүрэн боломжтой. Харин даваануудад 32 дүйз барилдаж байхад камерын шүүлт ашиглахад амаргүй л дээ. Сүүлийн барилдаануудад манай бөхчүүд бичлэг хараад унасан, давснаа хүлээн зөвшөөрөөд тахимаа өгөөд явчихаж байна.
-Аварга Ч.Санжаадамба, Г.Ганжад нарын маргаан дагуулсан барилдааны талаар?
-Хоёр засуул нь нэг талдаа гарчихсан л даа. Өөрөөр хэлбэл байрлалаа буруу эзэлсэн гэж ойлгож болно. Хоёр засуулын өнцгөөс харахад Ч.Санжаадамбын гуя түрүүлж хүрч байгаа. Би зүүн талаас харахад Г.Ганжадын тохой хүрч байгаа нь харагдсан. Үүний дараа баяр наадмын комисс хуралдахад “10 давж түрүүлсэн шинэ аварга амныхаа бөхтэй удаан барилдлаа. Хариуцлага ярих ёстой гэж үзсэн. Улмаар ес давж түрүүлсэн ч, 10 давж түрүүлсэн ч арслан цол олгож байя” гэсэн санал оруулаад орхисон. Маргаантай барилдаан гарахад хоёр засуул нэг шийдэлд хүрчихээд хөлийн цэц рүү очиж байх ёстой. Нэг шийдэлд хүрэхгүй “Миний бөх давсан, чиний бөх унасан” гээд эхлэхэд л ноцтой шүү.
-Энэ жилийн тухайд намраас хойш хэд хэдэн барилдаанууд зохион байгуулагдлаа. Удахгүй Улс тунхагласны ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно. Том барилдааны өнгийг яаж харж байна?
-Барилдаан зохион байгуулагдалгүй хэдэн сар болсны эцэст тэмдэглэлт ойн барилдаанууд зохион байгуулагдлаа. Сая аварга, арслангууд зодоглосон, үзэгчид ч заал дүүрэн цугласан сайхан барилдаанууд боллоо. Үүнээс үзэхэд бөхчүүд ч бөх сонирхогчид ч барилдаанаа хүлээсэн нь ажиглагдаж байна. Тухайн өдөр сэтгэл санаа нь тогтуун, бэлтгэл сайтай, өөртөө итгэлтэй байгаа бөх л сайн барилддаг номтой.