УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр гарсан зарчмын зөрүүтэй заалтуудтай холбогдуулан найруулгын шинжтэй засвар хийх хэлэлцүүлэг хийлээ.
Үндсэн хуулийн төсөлд “Улс төрийн нам улсын хэмжээнд бодлогоо дэвшүүлж үйл ажиллагаа явуулна” гэж өөрчилснийг холбогдох байнгын хороо дэмжжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: Үндсэн хуулийн өөрчлөлтийн нэг гол шинэчлэл нь шүүх засаглалын хараат бус байдлыг бий болгох байсан. Гэвч өнөөдөр шүүх засаглал нэг хүний хараат болчихлоо. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн хараат болчихлоо. Бүх шатны шүүгч, ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч томилдог боллоо. Нэр бүхий 62 гишүүний төсөл дэх заалтын хамгийн гол заалт дээр бид унагаасан. Уг нь намын бүлэг дээр 100 хувь дэмжих заалтыг унагаасан. Энэ бол аугаа том хуйвалдаан. Өнөөдрөөс эхлээд бид шинэ хонгилын түүхийг бичиж эхлэх гэж байна. Би хуйвалдаанд оролцсон УИХ-ын гишүүдэд тун харамсаж байна. Тэр дундаа манай намын гишүүд. Намынхаа нөхдийн нүүрийг эргэж харах нүүртэй байх хэрэгтэй. Өнгөрсөн жил Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой ил тод нөлөөлсөн асуудлыг оруулж ирэхэд хүчээр унагааж, улс орны хөгжлийг боомжилсон асуудлыг оруулж ирсэн. Нэг хүн тэр чигээрээ бяртай байдаггүй юм. Бяртай хүн болгоны үүдийг сахиж хүн амьдардаггүй юм. Энэ шүүх засаглалын заалтыг өөрчлөхгүй бол авлигыг таслах зогсоож чадахгүй боллоо. Цаашдаа үе үеийн Ерөнхийлөгч нарт хонгилын түлхүүр ирэх нь.
УИХ-ын гишүүн Х.Баделхан: Нам сонгууль бүр дээр бодлого, хөтөлбөрөө гаргаад өрсөлдөнө гэсэн агуулгатай өөрчлөлт оржээ. Үүнийг дэмжиж байна. Манай улсын хэмжээний бодлогыг намууд дэвшүүлж ажиллах нь зөв.
Ийнхүү гишүүд үг хэлсний дараагаар санал хураалт явууллаа. УИХ-ын дэгийн хуулиар гишүүдийн 3/2-ын буюу 51 гишүүний саналаар дэмжсэнээр хүчинтэй болох юм. Санал хураалтад 60 гишүүн оролцсоноос 55 нь дэмжиж, уг заалт дэмжигдэв.