Categories
мэдээ нийгэм

Улс төрд явах гэж байгаа бол уул уурхайг зүхэхээ боль

Оюу толгой хөдөлж эхэллээ. Оюу толгойн далд уурхайд 4.4 тэрбум ам.долларын санхүүжилт орж ирэхээр болов. Хөрөнгө оруулагчид биднийг орхиод, эдийн засаг хямарчихсан байхад ийм гэрээ байгуулж чадсанд бүгд л баяртай байна. Үүнийг шинжээчид Монгол Улс дэлхийн эдийн засгийн хараанд дахин өртлөө. Түр орхисон орон зайдаа эргэж ирэх нь хэмээн дүгнэж байна.

онголын популистууд уул уурхайг баруун, солгойгүй муучилж, Оюу толгой шиг дэмий, монголчуудыг луйвардаж байгаа зүйл үгүй гэж орилж, ер нь уул уурхайн салбараас хол байх хэрэгтэй, учир нь тэнд зөвхөн хуйвалдаан л явдаг юм гэж итгүүлэхийг хүсдэг байлаа. Түмэн олны санаа бодлыг энэ мэтээр эргүүлж, өөрсдөдөө хожилтой нүүдэл хийж байсан удаа бий л байх. Популистууд энэ цаг мөчид Оюу толгой болоод уул уурхайг урьдын адил зүхвэл түүнд нь итгэх хүн байхгүй.

Хэрэв далд уурхайн санхүүжилтийг эсэргүүцэгчид байсан бол аль хэдийнэ Оюу толгойн төв байрны гадаа очоод машин тэргийг нь бөөрөөр нь хэвтүүлж, гал тавьж шатаачих байсан л даа. Гэтэл хэн ч тэгсэнгүй.

Хөх ногооны униар татаад эхэллээ гэдэг шиг уул уурхайн салбараас бидэнд сайхан мэдээ шинэ оны өмнөхөн бэлэг шиг ирлээ гэж хүлээж авах нь олон байна.

Хонгилын үзүүрт гэрэл аслаа гэсэн өнцгөөс нь харж, ирэх онд ам.доллар тогтвортой байх нь, жижиг компаниуд ажил төрөлтэй болж, зэвэрч эхэлсэн тоног төхөөрөмж, машин механизмаа дахин ашиглаж эхлэх нь гэцгээж байна. Ядахдаа л үндэсний бэлтгэн нийлүүлэгч гэгддэг аж ахуйнууд маань далд уурхайд бээлийг нь ч болтугай оёж өгч ажилтай суухыг бодож байна. Одоо урьдынх шиг Оюу толгойн үйл ажиллагааг зогсоох гэсэн хүн гарч ирвэл олон нийт “барьж идэх”-ийн наагуур юм болж, толгойг нь гаансаараа тоншино. “Та нар мэтийн популистуудын худлаа донгосолтоос болж ард түмэн яаж амьдарч, өдөр хоногоо хэрхэн аргацааж байгааг хар” гэж салам загнуулж мэдэхээр байна шүү.

Компани, аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж үйл ажиллагаагаа зогсоож, манаач, захирал хоёр нь хоосон байрандаа бие биенээ харан санааширч, айл болгонд ажлаасаа халагдсан нэгээс хоёр хүн цагийн ажил хайж, зарын сонин уншиж суухад арайчүү Оюу толгойн далд уурхай хөдөлж олон залуус ажилтай болох нь гэсэн мэдээлэлд баярлаж байхад нь “Оюу толгой муухай, уул уурхай шиг хэрэггүй юм үгүй” гэж улиглавал эвгүй юм болно.

Хямралын тойрогт эргэлдэж, өрийн гинжин холбоо бүх хүнийг ороочихсон энэ цаг мөчид уул уурхай ажиллахаас илүү сайн мэдээ, сайхан үйл явдал алга. Далд уурхай хэзээ ажиллаж эхлэх нь вэ, хүүгээ, дүүгээ тэнд нь оруулчих юмсан, уул уурхайгаа дагаад эдийн засаг жаахан өндийх нь үү гэж бүгд хүлээлтийн байдалтай байна. Популистууд энэ байдлыг сайн анзаарч уул уурхайг зүхдэг зангаа татвал таарна. Энэ салбарыг зүхэж хараагаад УИХ-ын гишүүнээр сонгогдож, уул уурхайн эсрэг зогсч эх орончоор дуудагддаг байсан цаг төгсгөл болсон. Үүнийг илтгэсэн тод жишээ бол Оюу толгойн далд уурхайг тойрсон уул уурхайн намжуухан үйл явдал юм. Олон нийт хүлээцтэй хандаж, өгөөжийг нь харж уужуу тайвуу байхад эрхэм популистууд минь том ярих гэж худлаа үг унагавал толгойгоо цоо цохиулна л гэж мэд.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *