Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Улс оронд дээд эрэмбэ, доод эрэмбийн юм гэж байх ёстой DNN.mn

Аливаа юманд үнэ цэнэ, ач холбогдол, үйл ажиллагаа, үр нөлөөгөөрөө дээд доод эрэмбэ гэж байх ёстой. “Юм эрэмбэтэй нь дээр” гэж өвгөдийн хэлдэг зүгээр нэг зуугуул үг биш. Алт, чулуу хоёрыг адилхан гэж үзэх нь дээд зэргийн тэнэглэл болохыг хэн хүнгүй мэднэ. Чулууг яаж ч зүлгээд алтны өчүүхэн үнэ цэнэд хүрэхгүй. Тэгвэл үүнтэй адилхан улс орны үйл ажиллагаа, хөгжил дэвшилд дээд, доод эрэмбэ гэж байх учиртай.

Сүүлийн үеийн нийгмийн шуугианаас монголчууд бид юмны дээд, доод эрэмбэ гэдгийг мэдэхээ байсан, ялгаж салгаж чадахаа байсан тийм харанхуй бүдүүлэг харалган улс болжээ гэдэг нь анзаарагдах юм. Монгол Улс үндэсний хиймэл дагуултай болно гэсэн сургаар нийтээрээ эсэргүүцэж, 328 сая еврогоор хиймэл дагуул хөөргөнө гэнэ, үүн шиг хэрэггүй юм байхгүй гээд амтай бүхэн дайрцгааж байна.

Бүр сүүлдээ Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд эмэгтэйчүүдийн дэвсгэр хүрэлцдэггүй, хогны уут дэвсдэг, үзлэгийн бээлий байхгүй гэх асуудлыг хиймэл дагуултай холболоо. Үндсэндээ Монгол Улс үндэсний хиймэл дагуултай болохын оронд дүүргийн эмэгтэйчүүдийн эмнэлгийн ор дэвсгэрийг бэлдэх ёстой юм байх. Ийм шүүмжлэл нийгэмд битүү явж байна. Ямар харамсмаар, ямар харалган болчих нь энэ вэ. Амьдрал дээр дүүргийн эмнэлгийн ор дэвсгэрийг солих, сансрын технологи хиймэл дагуултай болох гэдэг бол үнэндээ зүйрлээд байхаар юм биш л дээ.

Ёстой тэнгэр, газар шиг хоёр өөр ойлголт. Дүүргийн Эрүүл мэндийн төвд ор дэвсгэр байхгүй байгаа, үзлэгээ хийж чадахгүй байгаа, лаборатори нь ажиллаагүй, эм тариа дутагдалтай байгаа зэрэг нь манайхны өнөөдрийн үндсэн төрх мөн. Дарга удирдлагуудад нь зохих ёсны шийтгэл, хариуцлагыг нь хүлээлгэдэг юм байгаа биз. Харин эмнэлгийнхээ үзлэгийн бүх орны дэвсгэрийг хангачихаад дараа нь хиймэл дагуулаа ярья гэж байгаа нь туйлын буруу. Хүн төрөлхтөн ардахаа хаяад урагшаа зүтгэдэг.

Ардахтайгаа зууралдаад, үндсэндээ тогоо шанага, ор дэртэйгээ зууралдаад байсан цагт улс орны хөгжил хэзээ ч урагшилдаггүй. Энэ бол хууль. Тиймээс энийгээ сайхан болгочихоод дараа нь тэр том зүйлээ хийж бүтээнэ хэмээн хойш нь тавих бол тэгээд л үлгэр болоод дуусч байна. Амьдралын үнэнийг, аж ахуйн байдлыг мэддэг хүний “Тэгж өөрийгөө хуураад яахав” гэж хэлдэг нь цаанаа учиртай. Цээж нь сайжирч байж, томорч байж, чадал сууж байж хойдохоо авч явдаг ийм л хуультай хүний нийгэмд бид амьдарч байгаа. Хойдохоо сайжруулчихаад урдахаа сайжруулна гэх ойлголт түүхэнд байхгүй.

Үндэсний хиймэл дагуултай болох тухай ярихад нийтээрээ шүүмжилсэн хэрнээ сүүлдээ ор дэвсгэрээ янзалчихаад хиймэл дагуулаа ярь гэж байгаа нь хэтэрхий мунхаг, хэтэрхий улны байна. Ийм байж болохгүй ээ, нөхөд өө. Хиймэл дагуул улс орны ирээдүйд хамгийн хэрэгтэй. Дэлхийн улс орнууд хиймэл дагуултай байдаг нь үндэсний аюулгүй байдалтай нь холбоотой. Манай улсын интернэт харилцаа холбоо Хятад, Орос хоёроос хамааралтай. Энэ нь геополитикийн нөхцөл байдал талаас интернэтгүй болох эрсдэлтэйг судлаачид хэлдэг. Бид бусдаас хамааралгүй бие даасан, тусгаар улсын статус, харилцаа холбооны тусгаар байдлаа хадгалах цаг нь болсон.

Сансрын технологиор дэлхийн орнууд өрсөлддөг учир тусгаар улсын хувьд эдийн засгийн үр ашгаас илүү стратегийн ач холбогдолтой гэж үздэг. Мөн Монгол орны газар нутгийг бүрэн хамарсан харилцаа холбооны бие даасан сүлжээтэй болж интернэт суурьтай бүх төрлийн үйлчилгээг иргэд гар утаснаасаа авах боломжтой. Нийт газар нутгийн 23.8 хувьд газрын болон үүрэн холбооны сүлжээ нэвтэрсэн. Үлдсэн нутаг нь ямар ч сүлжээнд холбоогүй. Гамшгийн мэдээгээ гэхэд манайх гадны хиймэл дагуулаас авдаг.

Хэрвээ Үндэсний хиймэл дагуултай болсноор гамшгаас үүдэлтэй нас баралт 30 хувь, зудын болон ойн түймрийн гамшиг 10, алслагдсан бүс нутгийн эрүүл мэндийн зардал 10, тээвэр холбооны зардал 10, боловсролын ялгаа буюу тоон хуваагдал 50 хувиар буурна гэх тоон үзүүлэлт гарсан. Үндэсний хиймэл дагуулын ач холбогдлын талаар цухас дурдахад иймэрхүү байна. Улс орны амин чухал энэ асуудлыг эмнэлгийн ор дэвсгэртэй хольж хутган, үр нөлөөллийн хувьд бага хэмээн үзэж хойш тавьж байгаа нь монголчууд бид үнэхээр тэнэглэж гүйцсэний илэрхийлэл гэлтэй.

Одоогоос 20 жилийн өмнө 2004 онд аялагч Г.Ганхүү “Улаанбаатар хот нэг сая дахь иргэнээ өлгийдөн авлаа. Монголын нийслэл дэлхийн метрополис хот боллоо. Метрополис хот заавал метротой байх ёстой” гэж хэлээд метро байгуулах бүх үндэслэлийг нь нарийвчлан гаргасан. Тэгтэл машины замаа ч олигтхон засч янзлаагүй байж юуны чинь метро вэ гээд яг өнөөдрийн хиймэл дагуулыг нийтээрээ шүүмжилж байгаа шиг орилолдсон. Дараа нь нийслэлээс метро байгуулах тухай зөндөө яригдсан ч ялих шалихгүй тогоо шанаганы хэрүүлээс болоод хамгийн гол ажил хойшлогдсоор өнөөдөр 20 жилийн нүүртэйгээ золгож байна.

Саяхан Г.Ганхүү “Үүргэвчтэй аялал”-ынхаа дундуур халаглан ярьж байна лээ. Намайг метро ярьж байхад дэлхийн олон хот метроны төслөө ярьж байсан. Бүгд метротой болсон байна. Бид л бахь байдгаараа байж байна гэж харамсаж байсан. Гэтэл одоо метро ярьтал Яармагийн нүхэн гарцаа яриад, ийм юм хийж байж юуны чинь метротой болох гээд орилолдоод уналаа. Метро байгуулах, манайхны барьсан нүхэн гарц хоёр бас л тэнгэр, газар шиг ялгаатай.

Метро байгуулна гэдэг тусгай журамтай, хуультай, хянадаг шалгадаг газартай, бүх юм ном дүрмээрээ явна. Дэлхийн улс орнууд ийм л байдлаар метрогоо, үндэсний том бүтээн байгуулалтуудаа хийсэн. Тэгэхээр улс орны хөгжилд юун хэрэгтэй, юу нь чухал вэ гэдгээ ялгаж салгаж нийгмээрээ шуугьдаг болмоор байна. Цэр нь цээжинд, бөөр нь бөгсөнд гэж үг бий.

Юм болгон дээр ингэж харанхуй мунхаг, улны тэнэг жишээ ярьцгааж хамаа замбараагүй дайрцгаадгаа одоо больё оо. Улс орон чинь хөгжмөөр байна, урагшаа алхмаар байна. Бид энд хиймэл дагуулаа эсэргүүцэн тэнэглэцгээж байдаг. Тэгэхэд дэлхийн орнуудын зэр зэвсэг, техник технологи юу болж байна. Хойд хөрш дайнтай байна. Улс оронд ямар нэгэн аюул тулгарлаа гэж бодоход ингээд “хөмөрсөн тогоон” дотроо бахиралдаад сууж байх уу.

Манай “Монсат”, “DDSH” компаниуд Солонгосын хиймэл дагуулд жилд дунджаар 9.2 сая ам.доллар төлдөг. Энэ өртөг 2.5 дахин өсч 15 жилийн дараа гэхэд 150 сая ам.доллар, бусад зардалтайгаа бараг 300 сая ам.доллар төлж таарч байгааг Н.Учрал сайд хэлсэн. Ийм тооцооллоор ТЭЗҮ нь хийгдэж, 30 гаруй хиймэл дагуулыг бүтээсэн дэлхийд алдартай Францын “Таляс Аляна” групп монгол хиймэл дагуулыг бүтээхээр ажиллаж байгаа.

Эмнэлгийн ор дэвсгэрийн дэргэд үндэсний хиймэл дагуул гэдэг яаж ч бодсон дээд эрэмбийн юм байгаа биз дээ. Улс орны цаашдын хувь, үйл ажиллагаанд онцгой байр эзлэх дээд эрэмбийн ийм юмаа ингэж ялгаж салгаж ойлгож хөгжил дэвшилд зориг гарган, асуудалд зоригтойгоор хандаж, хариуцлагатай байх цаг болжээ. Эцэст нь давтаад хэлэхэд, улс оронд дээд эрэмбийн, доод эрэмбийн юм гэж байх ёстой.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *