Categories
мэдээ нийгэм

Улаанбурхны нэмэлт дархлаажуулалт сөрөг нөлөөгүй гэв

-Улаанбурхны товлолт вакцинаа хийлгээд 28 хоног өнгөрсөн бол нэмэлт дархлаажуулалтад орно-

Энэ сарын 15-наас арав хоногийн хугацаанд зургаан сартайгаас зургаан нас хүртэлх бүх хүүхдэд улаанбурхны нэмэлт дархлаажуулалт хийхээр бэлтгэл ажлыг хангаад байна.

Улаанбурхан нь амьсгалын дээд замаар дамжин халдварладаг, халуурах болон хордлогоор эхэлж, нүдний салст бүрхүүлийн улаймал үрэвсэл, бүх биеийн арьсан дээрх толбот гүвдрүүт тууралт гарах зэрэг шинжээр илэрч, ихэвчлэн хүүхэд насанд тохиолддог вирусийн гаралтай цочмог халдварт өвчин. Насанд хүрэгсдийн хувьд энэ өвчин амь наснаас холуур бол бага насны хүүхдүүдэд хүндрэл гарах магадлалтай байдаг аж.

Товлолт вакцин нь улаан бурхан-гахайн хавдар-улаануудын вакцин бол нэмэлт дархлаажуулалтаар зөвхөн улаан бурхны вакцин хийх юм байна.

Тавдугаар сарын 15-наас арав хоногийн хугацаанд зургаан сартайгаас зургаан нас хүртэлх бүх хүүхдэд улаанбурхны нэмэлт дархлаажуулалт хийнэ.

Нэмэлт дархлаажуулалтаас үүдэн сөрөг нөлөө гарч магадгүй гэсэн айдас эцэг эхчүүдийн дунд байна. Тодруулбал, товлолт вакцинаа бүрэн хийлгэсэн эсвэл хийлгээд сар өнгөрсөн бол нэмэлт дархлаажуулалтад орох эсэх талаар эргэлзээ байгаа юм.

Тэгвэл товлолт вакцинаа бүрэн хийлгэсэн ч нэмэлт дархлаажуулалтад орох шаардлагатай аж. Өөрөөр хэлбэл товлолт вакцинаа хийлгээд 28 хоног өнгөрсөн л бол нэмэлт дархлаажуулалтыг хийлгэнэ. Харин 28 хоног болоогүй бол энэ хугацааг гүйцээгээд нэмэлт дархлаажуулалтыг хийлгэх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *