Улаанбурхан өвчнөөр 10-14 насныхан илүү өвчилж байгааг ХӨСҮТ-ээс мэдээллээ.
ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний нэгжийн дарга Б.Сувдмаа “Улаанбурхан өвчний тохиолдол 62 байсан бол шинээр 4 тохиолдол батлагдлаа. Үүнээс хоёр нь Улаанбаатар хотод, Дундговь аймагт хоёр тохиолдол бүртгэгдсэн. Улсын хэмжээнд улаанбурхан өвчний нийт 66 тохиолдол бүртгэгдсэнээс зөөвөрлөгдсөн 5, бусад нь дотоодын халдвар байна. Үүнээс 23 нь эдгэрч гарсан бол нууц үеийн хугацаа нь дуусаж бүрэн хяналтаас гарсан 5 тохиолдол байна.
2 дугаар сарын 18-нд улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэнээс хойш 3 дугаар сарын 14-нөөс хойш нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Улаанбурханы өвчлөлийг нас, хүйсээр авч үзвэл хүйсийн байдал ижил түвшинд, насны хувьд 10-14 насныхан илүү өвчилж байна. Иймд эцэг эх, асран хамгаалагч, хүүхдийн байгууллага онцгой анхаарах хэрэгтэй. Голомтолсон байдлыг нь авч үзвэл, нийслэлд 12 сургууль, Дундговь, Өмнөговь аймгийн ЕБС-д сурдаг хүүхдүүд өвчилсөн байна. Эдгээр хүүхдийн дийлэнх нь вакцинд огт хамрагдаагүй, эсвэл нэг тунд хамрагджээ.
Тиймээс вакцинжуулалтад хамруулахыг уриалж байна. Төв аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн ч үгүйсгэгдсэн. Амьсгалын замын халдвар учир сэжигтэй тохиолдол бүртгэгдэхэд хариу арга хэмжээг тэр дор нь авч байдаг” гэлээ.