2022 оны долдугаар сарын 3-ны өдрийн 18:20 цагт Төв аймгийн Эрдэнэ сумын нутгаар их хэмжээний бороо орж, Хоолт-Цагаанхяр хоорондын замын 476-р километрийн 2 дугаар зуут усанд автан угаагдсаны улмаас Улаанбаатар-Замын-Үүдийн зорчигчийн 276-р галт тэргийг Хоолт зөрлөгт зогсоож галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ шуурхай аваад байна.
Үерийн усанд угаагдсан замыг яаралтай сэргээн засаж галт тэрэгний хөдөлгөөнийг нээхээр УБТЗ-ын удирдлага болон 60 гаруй замчид газар дээр нь ажиллаж байна.
Улаанбаатар, Багахангай, Олон-Овоо өртөөнөөс замыг сэргээн засахад шаардлагатай элс, хайрга, чулуу ачсан галт тэрэг хөдөлж эхнээсээ очиж, сэргээн засах ажил эрчимтэй хийгдэж байна.
Замыг өнөө шөнийн 01:00 цагийн орчимд сэргээн засаж, галт тэрэгний хөдөлгөөнийг нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна хэмээн УБТЗ ХНН-ээс мэдээллээ