Categories
мэдээ спорт

“Улаанбаатар-Марафон” гүйлтийн тэмцээнд бүртгүүлээрэй

Жил бүрийн зургадугаар сарын эхний долоо хоногийн бямба гаригийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих, “Автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. 

Энэ жил олон улсын хэмжээнд зохион байгуулагдах “Улаанбаатар-Марафон” гүйлтийн тэмцээн нь 06 дугаар сарын 07-нд болох бөгөөд тэмцээнд оролцогчдыг бүртгэх ажил үргэлжилж байна.

Гүйлтийн тэмцээний үеэр марафон, сонирхогчдын гүйлт гэсэн 2 төрлийн тэмцээн болно. Уг тэмцээний хамрах хүрээ болон оролцохыг хүссэн иргэд хэрхэн оролцох талаар танилцуулъя.

 Тэмцээн – 1. Марафон:

18-аас дээш настай марафон гүйлтээр тогтмол хичээллэгчдийн дунд хагас марафон /21975 м/, бүтэн марафон /42195м/ гүйлтийн тэмцээнийг зохион байгуулна.

Гүйгчдээс бүртгэлийн хураамж авна. Хураамжаа төлсөн гүйгчдийн бүртгэлийг баталгаажуулж энгэрийн дугаар, футболк, алчуур, танилцуулга, гүйлтийн маршрут зэргийг олгоно. Хураамж төлөөгүй гүйгчдэд энгэрийн дугаар олгохгүй бөгөөд дугаар аваагүй гүйгчдийг барианд барихгүй, амжилтыг тооцохгүй байх юм. Мөн эрүүл мэндийн үйлчилгээ тусламжийг авах боломжгүй болно гэдгийг анхаарна уу.

 Тэмцээн– 2. Сонирхогчдын гүйлт:

Сонирхогчдын гүйлтийг 4 насны ангиллаар 4 зайд зохион байгуулна.

–           17 нас хүртэл       4000 м  /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/

–           18-35  нас             8000 м, /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/

–           36- 49  нас            5000 м  /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/

–           50-иас дээш нас  4000 м  /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/

   Гүйлтэд оролцогчдод энгэрийн дугаар олгоно.

 Тэмцээнд оролцогчид дараахь байдлаар бүртгүүлнэ

• Бүртгэл  06 дугаар сарын 06-ны өдрийн 17:00 цаг хүртэл Нийслэлийн Биеийн тамир, спортын газар /Соёлын төв өргөөний 1 дүгээр давхарын 13 тоот/-ын өрөөнд яваглаж байна. Бүртгэлд биеэр ирж болон онлайнаар хамрагдаж болно.

• Бүртгэлд хамрагдах гүйгчид иргэний үнэмлэх болон өөрийнхөө төрсөн он, сар, өдрийг баталгаажуулах бичиг баримт, тухайн тамирчны оролцох зайд гүйж болохыг зөвшөөрсөн эмчийн бичиг, гадаадын тамирчид эрүүл мэндийн даатгал зэргийг авч ирнэ.

• Хагас, бүтэн марафон гүйлтэнд оролцогчид гараанд гарахаас өмнө эмчийн  хяналтад хамрагдан даралтаа хэмжсэн байна.  Бусад зайд гүйгчид гүйлт болохоос 3 хоногийн дотор эмчийн үзлэгт хамрагдан зүрхний цохилт, даралтаа хэмжүүлсэн байна.

•   Хөдөө, орон нутгаас оролцож байгаа тамирчдын байр, хоол, ирэх, буцах унааны зардлыг тэмцээнд оролцуулж байгаа тухайн байгууллага буюу тухайн тамирчин өөрөө хариуцна.

• Гүйлтийн  42195 м, 21975 м, 8000 м-ийн зайд уралдах гүйгчид 15000 төгрөг, 4000 м, 5000 м-ийн зайд уралдах монголын гүйгчид 2000 төгрөгийн хураамж төлнө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *