Улаанбаатар хотын Цагдаагийн газар жилийн тайлангийн хурлаа өнөөдөр хийлээ. Тус цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн нь Монгол Улсын хүн амын 50 гаруй хувьд үйлчлэн ажилладаг. 2016 оны хувьд Улаанбаатар хотын хэмжээнд 323 141 өргөдөл, гомдол хүлээн авсан нь өмнөх оны мөн үеийнхээс 10.5 дахин өсч улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 72.2 хувийг эзэлж байгаа юм. Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 65.9 хувийг шалгаж шийдвэрлэн ажилласан, Хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн ажилласан байна. Нийслэлийн хэмжээнд 16 689 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урд оны мөн үеийнхээс 1.5 хувиар өссөн байна. Гэмт хэргийн илрүүлэлт 61.5 хувьтай байгаа нь урд оны мөн үеийнхээс 3 хувиар өссөн байгаа аж. 2016 онд болж өнгөрсөн УИХ-ын сонгууль, Ази Европийн дээд хэмжээний уулзалт АСЕМ зэрэг олон томоохон арга хэмжээнүүдэд хэв журмын арга хэмжээг амжилттай зохион байгуулсан байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тус тайлангийн хуралд оролцлоо. Өнгөрсөн онд ажил мэргэжлээрээ бусдыгаа хошуучилж амжилттай ажилласан Цагдаагийн тасаг, хэлтэс болон, шилдгээр шалгарсан алба хаагчдийг шагнаж урамшуулав. Тэрбээр тайлангийн хурал дээр хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотын Цагдаагийн газар нь ажил хөдөлмөрөөрөө тэргүүлж, төр түмнээрээ үнэлүүлэн хуулиар хүлээсэн чиг үүргээ нэр төртэйгөөр биелүүлж Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан арвин их амжилтаар шинэ оноо угтаж байгаад нийслэлийн иргэдийнхээ болон өөрийнхөө зүгээс баярын мэнд хүргэж байна. Өнгөрч буй онд нийслэлээс УБХЦГ-тай хамтран иргэд олон нийтийг татан оролцуулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Хэв журмын урамшилт эргүүл”, “Оюутан цагдаа” зэрэг олон ажлыг амжилттай хэрэгжүүлсэн байна. Ирэх онд УБХЦГ-ын хамт олонтой нягт хамтран ажиллаж, хийж хэрэгжүүлэх ажлуудын томоохон зорилтыг төлөвлөгөөндөө тусгаад байна” хэмээлээ.
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд “Манай хамт олон ирэх 2017 онд хууль ёсыг дээдлэн, нийслэлчүүдээ түшиж, иргэддээ улам ойртон үйлчилж, хүнлэг, энэрэнгүй, чин шудрагыг эрхэмлэн ажиллаж, хуулиар хүлээсэн чиг үүрэг, өргөсөн тангараг ёсоор төр түмнийхээ итгэлийг хүлээхийн төлөө бүхий л хүч бололцоогоо дайчлан улсынхаа нийслэлийн хөгжил цэцэглэлтэд бодитойгоор хувь нэмрээ оруулахын төлөө ажиллах болно” хэмээсэн юм гэжнийслэлийн ЗДТГ–ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.