Бүгд найрамдах намын хяналтад байдаг АНУ-ын Төлөөлөгчдийн танхим гадаадын холбоотнуудад, ялангуяа Украин, мөн Израиль, Тайваньд дэмжлэг үзүүлэхтэй холбоотой нийт 95 тэрбум ам.долларын тусламжийн багцыг дийлэнх олонхын саналаар дэмжин баталсан. Ийнхүү Украиныг шууд болон шууд бусаар дэмжих 61 тэрбум орчим ам.доллар хуваарилах, Израильд 14 тэрбум, мөн есөн тэрбумыг тус бүс нутагт хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд зарцуулах тухай хууль батлагджээ. Мөн АНУ-д олон хүн Хятадын нөлөөнд өртөж байна хэмээн “TikTok” программыг хориглох, Иран, Оросын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах, Оросын хураан авсан хөрөнгийг Украин руу шилжүүлэх зэрэг асуудлыг түргэвчилсэн журмаар баталсан.
Украины Ерөнхий сайд Денис Шмигал “АНУ-ын Конгрессын Сенат энэ арга хэмжээг баталсны дараа 61 тэрбум ам.долларын санхүүгийн тусламжийн 49,9 тэрбум ам.долларыг батлан хамгаалахын хэрэгцээнд, төсвийн хэрэгцээнд 7.8 тэрбум доллар, 1.57 тэрбум долларыг эдийн засгийг дэмжих, 400 сая долларыг хил хамгаалах, мина устгах ажилд зарцуулагдана.Ойрын хугацаанд уг хуулийн төслийг Сенат амжилттай батална гэдэгт найдаж байна” гэж фэйсбүүк хуудсандаа бичжээ. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын шийдвэрийг урьдчилан таамаглаж байсан зүйл” гээд “Энэ нь АНУ-ыг улам баяжуулж, Украиныг улам бүр сүйрүүлж, Киевийн дэглэмийн буруугаас олон украинчуудыг үхэлд хүргэнэ” гэсэн тайлбар хийжээ. Тэрээр мөн АНУ дахь Оросын засгийн газрын хөрөнгийг хураах өөр нэг хуулийн төслийн тухай “Хэрэв энэ үнэн бол Америк үүнийхээ төлөө хариуцлага хүлээх болно. Энд ямар нэг түр зуурын арга хэмжээ гэж байхгүй” гэсэн.
Хагас жил хүлээгдсэн эдгээр тусламжийг АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Сенатын танхимаас оруулж ирсэн хуулиар буюу нэг багцаар бус дөрвөн тусдаа хууль болгон хэлэлцэж баталсан учир эдгээрийг Сенат дахин шинээр хэлэлцэн баталж, дараа нь ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зурж, хууль түргэвчилсэн журмаар батлагдан хэрэгжиж эхэлсэн.Ингэснээр Сенатын танхимаас оруулж ирсэн нэг багцаас зарчмын хэд хэдэн ялгаатай дөрвөн тусдаа хууль хэрэгжиж эхлэв. Эдгээр хуульд АНУ-ын хил рүү цагаачид цутгасан явдал Оросын зохион байгуулсан үйлдэл байсан учир Мексикийн удирдлагатай тохиролцон цагаачдаас сэргийлж чадсан тул хил дээр хана босгох дөрвөн тэрбум ам.доллар уг хуулиас хасагдсан байна. Мөн палестинчуудад өгөх тусламжийн мөнгөөр ХАМАС зэвсэг худалдаж авна гэж үзсэн учир есөн тэр бумыг Израильд хуваарилж тэд палестинчуудад хүмүүнлэгийн тусламж олгохоор болсон байна. Хамгийн гол нь уг хуульд Пентагонд буюу АНУ-ын Батлан хамгаалах яаманд “Украиныг ялуулах төлөвлөгөөгөө Төлөөлөгчдийн танхимд танилцуулахыг үүрэг болгосон” заалт орсон. Энэ нь АНУ-ын “Украинд хэрэгтэй болгоноор нь тусална” гэж байсан бодлого “ОХУ-ыг ялагдуулна” хэмээсэн болж үндсээрээ өөрчлөгдсөн гэсэн үг юм.