Украины Зэвсэгт хүчний “BRAVO Team” тусгай хүчний отряд Курск мужийн Суджа хотыг эзэлсэн гэдгээ мэдэгдэж, өөрийн Telegram суваг дээр “Суджа хот Украины Зэвсэгт хүчний хяналтад байна” гэсэн хоёр видео бичлэг нийтэлжээ. Уг бичлэгт Украины нэгэн цэргийн албан хаагч “Энэ хотод Оросын цэргийнхэн байхгүй болсон” хэмээн мэдэгдэж, амиа алдсан Оросын цэргийн цогцсыг харуулсан байна. “Meduza” болон “Important Stories”-ийн сэтгүүлчид уг бичлэгийг “Суджа хотын захиргааны байрнаас 500 метрийн зайд, Карл Маркс гудамжинд байрлах “Галерея окон” дэлгүүрийн ойролцоо авсан болохыг олж тогтоожээ. Хоёр дахь бичлэгт Украины хуягт тээврийн хэрэгслүүд хоосон хот дундуур явж буйг харуулжээ. Харин эдгээр бичлэгүүдийг хэзээ авсан нь тодорхойгүй байгаа аж. Энэ үеэр ОХУ-ын Белгород мужийн Краснояружскийн дүүргийн дарга Андрей Мисков “Манай бүс нутагт нөхцөл байдал хурцадмал хэвээр байна. Иймээс өнөөдрөөс эхлэн манай дүүрэгт орж ирэхийг бүрэн хориглосон шийдвэр гаргасан” гэж өөрийн цахим хуудсандаа бичсэн байна. Мөн Курск мужийн оршин суугчид хил дээрх суурин газруудад амьдардаг хамаатан садан, найз нөхөдтэйгөө холбоо тасарсан тухай мэдээлж байна. Сураггүй болсон хүмүүсийн дийлэнх нь өндөр настан байгаа ажээ. Хил дээр алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийнхэн ч тэдэнтэй холбоо тасраад байгаа гэнэ. Ийнхүү өнгөрсөн долоо хоногийн эхээр Оросын Курс мужаас эхэлсэн байлдааны ажиллагаа Кремлийн нэр хүндийг шороотой хутгаж, харин украинчуудын сэтгэлд ялалтын гэрэл, гэгээ бэлэглэн, оросууд Донбассаас зарим нэг цэргийн хүчээ өмнөд зүг рүү шилжүүлэхээс өөр аргагүй болох шинж тэмдэг илэрч эхлэв. Ямар ч байсан Украин байлдааны санаачилгыг гартаа авч чадав. Мөн дайны гамшиг Оросын өөрийнх нь нутагт шилжин орж, цөмийн зэвсэгтэй том гүрэн ийм зэвсэггүй жижиг улсын халдлагад цөмийн цохилт өгч чадахгүй гэдэг нь дэлхий нийтэд ойлгомжтой болов. Украины ерөнхийлөгч үүнийг баталж, анх удаа “Курск” гэсэн нэрийг дурдан “Бид Курск мужид довтолгооны ажиллагаа явуулсаар байна. Одоогийн байдлаар бид ОХУ-ын нутаг дэвсгэрийн 1040 хавтгай дөрвөлжин километр талбайг хянаж байна.
Хил орчмын бүс нутагт Оросын цэргийг хэр зэрэг устгана, тэр хэрээр манай улсын хувьд амар амгалан, аюулгүй байдал бодитоор ойртох болно. Оросын төр хийсэн зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой” гэж хэлжээ. Энэ нь Оросын армийн жилийн турш довтолж байж эзлэн авсан нутгаас 240 ам.км нутгаар их газар, нутгийг Украины арми эзлэн авсан гэсэн үг юм байна. Мөн Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Александр Сырский “Украины арми Оросын 74 сууринд хяналт тавьж байна” гэж мэдэгдэв. Харин Путин болж буй явдлыг “дайсан хэлэлцээрийн байр сууриа сайжруулахыг хичээж байна” гэж тайлбарлав. Тэгвэл нэр хүнд бүхий цэргийн зарим шинжээчид барууны хэвлэлүүдэд Украин Оростой хэлэлцээр хийх мэдээ тарж эхэлснийг “Оросын арми ялагдах нь тодорхой тул Путиныг амьд байгаа дээр нь ерөнхийлөгчийн тушаал гаргуулж, Оросын талаас хэлэлцээ хийх эрхтэй комиссын бүрэлдэхүүнийг батлуулж авах гэж буй явдал” хэмээн тайлбарлаж байсан билээ. Путин мөн Оросын армийн өмнө хилийн албатайгаа хамтарч өөрийн нутаг дэвсгэрээс дайсныг шахаж, улсын хилийн найдвартай хамгаалалтыг хангах зорилт тавьж “Киев манай улсын дотоод улс төрийн байдлыг доргиохын тулд хилийн бүсийн байдлыг цаашид тогтворгүй болгох бодолтой байна” гэж мэдэгджээ.
Кремль Украины фронтоос тодорхой хэмжээгээр цэрэг татахаас өөр аргагүй болж байгаа бөгөөд тэд замдаа Украины зэвсэглэлд байгаа Их Британи, Францын дундын зайн болон АНУ-ын “НIMARS” пуужин төдийгүй хамгийн гол нь “F-16” онгоцны цохилтод өртөх магадлал өндөр байна. Учир нь Америкийн сенатч Линдси Грэхэм, Ричард Блументал нар энэ үеэр Киевт айлчилж, Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахдаа “Украин улс өөрт нь шилжүүлсэн “F-16” онгоцонд барууны тэтгэвэртээ гарсан нисгэгчдийг урих гэж байна” гэж онцлон мэдэгдсэн байна. Ардчилсан намаас сонгогдсон сенатор Ричард Блументал өөрийн цахим хуудсанд “Ерөнхийлөгч Зеленский НАТО-гийн орнуудаас тэтгэвэрт гарсан “F-16” онгоцны нисгэгчдийг “ажилд авах” хөтөлбөрийг бий болгосноор агаарын хүчнээ нэмэлт нисгэгчдээр хангах гэж байгаагаа бидэнд хэлсэн. Бид энэ алхмыг дэмжиж байна” гэж бичжээ.
2 replies on “Украины арми Оросын 74 сууринг эзлэн авчээ DNN.mn”
Түрэмгий, бүдүүлэг, хөрш жижиг орнуудаа байнгын дарамтанд байлгаж, хөгжлийн нь чөдөр тушаа болсон Оросын цаг дуусч байна. Орос түм бум болон бутраг…
Оросууд ямагт жижиг оронг дарамталж, өөрсдийнхээ зэвсэг сайтаагаа онгирон ярьдаг цаг үе өнгөрчээ.Орос хоцрогдсон байнаа.