Categories
гадаад мэдээ

Украинд зориулсан тусламжийн шинэ багцууд DNN.mn

АНУ-ын Батлан хамгаалах яам Украинд тусламжийн хоёр багц илгээсэн тухай тус яамны цахим хуудсанд мэдээлэв. Эхний 200 сая ам.долларын багцад агаарын довтолгооноос хамгаалах систем, HIMARS-ын пуужин, миномётын сум, танк эсэргүүцэх “Жавелин” багтсан байна. Энэхүү багцын зэвсгийг Америкийн армийн агуулахаас шууд Украин руу илгээж эхэлжээ. Харин Украины аюулгүй байдалд туслах санаачилга (USAI)-ын хүрээнд хийгдэж буй 1.5 тэрбум долларын хоёр дахь том багцыг илгээхээр шийдвэрлэсэн байна. Энэхүү хөтөлбөр нь зэвсгийг шууд агуулахаас Украин руу илгээх бус, харин АНУ-ын аж ахуйн нэгжүүдтэй зэвсэг үйлдвэрлэх, худалдан авах гэрээ байгуулна гэсэн үг юм. Энэ хүрээнд Киев бусад шаардлагатай байгаа зэвсгээс гадна агаарын довтолгооноос хамгаалах хэрэгслүүд, HIMARS болон NASAMS системүүдийн пуужин, электрон байлдааны хэрэгсэл, өндөр нарийвчлалтай нисэх онгоцны пуужин, бөмбөг зэргийг авахаар болжээ. Энэ хоёр багц тусламж нь 2021 оны наймдугаар сараас хойш Жо Байдены засаг захиргаанаас Украинд нийлүүлж буй АНУ-ын цэргийн техник хэрэгслийн 62 дахь хэсэг буюу АНУ-ын 20 дахь тусламжийн багц болж байна. Пентагон эдгээр тусламжийн багцтай холбогдуулан “АНУ 50 холбоотон улсын хамтаар Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэхэд шаардлагатай тусламжийг Украинд үргэлжлүүлэн үзүүлсээр байх болно” гэж мэдэгджээ. Мөн Германы засгийн газар энэ сарын 29-ний даваа гаригт Киевт нийлүүлэх зэвсгийн жагсаалтаа шинэчилсэн байна. Тухайлбал, Дани улстай хамтарсан төслийн хүрээнд дахин найман “Leop­ard 1A5” танк, тэдгээрийн сэлбэг хэрэгслийг Украин руу шилжүүлсэн байна. Мөн Украины Зэвсэгт хүчин Германы Gepard өөрөө явагч зенитийн бууны 21 мянган сум, 10 усны дрон, “Бергепанзер-2” хуягласан засвар, үйлчилгээний машин 2 ш, 10 радарын станц, хээрийн эмнэлэг, цэргийн албан хаагчдад зориулсан хувцас хэрэгслийг Германаас хүлээн авсан байна. Өмнө нь Герман Украинд үзүүлэх цэргийн тусламжийн жагсаалтыг энэ сарын 8-нд шинэчилж Герман гурав дахь Патриот зенитийн пуужингийн систем, Gepard өөрөө явагч бууны 9 мянган сум, 155 мм калибрын 55 мянган их бууны сум Украинд өгсөн нь тодорхой болж байсан билээ.

Барууны орнуудад битүүмжилсэн Оросын хөрөнгөний ашгийг Киев ирэх наймдугаар сараас ашиглаж эхэлнэ гэж Берлин хүлээж байгаа аж. Энэ схемийн дагуу “G7” Украинд мөн адил хөрөнгөөр барьцаалан 50 тэрбум ам.долларын зээл олгох болсон бөгөөд эхний ээлжинд Украин 1.4 тэрбум евро авч байгаа юм байна. Ингэснээр Киев Герман төдийгүй барууны улсуудаас дуртай зэвсгээ худалдан авах боломжтой болж байгаа аж.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *