АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон “Вашингтон удахгүй Израиль, Украинд үзүүлэх нэмэлт тусламжийг батална” гэж мэдэгдээд “Ойрын өдрүүдэд бүх зүйл шийдэгдэнэ. Бид үүнийг хийж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Бид энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх ёстой гэдгийг ойлгож байгаа бөгөөд одоо Конгрессын гишүүдийн дунд энэ сэдвээр нухацтай яриа, хэлцэл өрнөж байна. Украинд үзүүлэх тусламж нь нэн тэргүүний зорилтуудын жагсаалтад байгаа хэдий ч яг одоо АНУ-ын хувьд Израильд үзүүлэх тусламж нэгдүгээрт байна. Мэдээж бид Владимир Путиныг Европын гудамж, талбайгаар чөлөөтэй алхахыг зөвшөөрөхгүй. Иймээс бид Украин улсад туслах хэрэгтэй гэдгийг бүрэн ойлгож байна” гэж хэлжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын туслах Жеймс О’Брайен “Конгресс Израиль, Тайваньд цэргийн тусламж үзүүлэхийн зэрэгцээ Украйны батлан хамгаалахын санхүүжилтийг нэмэгдүүлэх хүсэлтийг хэлэлцэж байгаа бөгөөд энэ асуудал хоёр намын дэмжлэгтэй явагдаж байгаа” гээд Германы “Bild” сонинд “АНУ, Герман Киевийг Москватай хэлэлцээ хийхээр чимээгүйхэн шахаж байна” гэсэн мэдээний талаар асуусан сэтгүүлчид О’Брайен “Вашингтонд ийм бодлого байхгүй” гэж хариулсан байна.
Г.АМАРСАНАА