Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.04.05) нэгдсэн хуралдаан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.
Тогтоолын төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг нэг дэх хэлэлцүүлэг буюу хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2023 оны тавдугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа, Улсын Их Хурал 2023 оны тавдугаар сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, төслийг хоёрдахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасны дагуу төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг дурдлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 77.6 хувь нь дэмжив.
Уг тогтоолын төсөлд Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд ахалж, Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Ж.Батсуурь Т.Доржханд, Х.Нямбаатар, Д.Сарангэрэл, Д.Тогтохсүрэн О.Цогтгэрэл, Б.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгажээ. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлгийн бэлтгэлийг холбогдох хуульд заасан хугацаанд багтаан хангаж ажиллахыг Ажлын хэсэгт, уг Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлж ажиллахыг УИХ-ын Тамгын газарт даалгаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн үе шат хооронд төслийг иргэдэд танилцуулах, санал бодлыг сонсох, ажилд зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх, холбогдох зардлыг гаргахыг Монгол Улсын Засгийн газарт үүрэг болгохоор заасан байна. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг харьяалах засаг захиргааны нутаг дэвсгэрийн хариуцан зохион байгуулж ажиллахыг холбогдох Засаг дарга нарт үүрэг болгохоор тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.