Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Үхэрт 13 тэрбум төгрөг өгөхөд тоодоггүй атлаа хүүхдэд мөнгө өгөх болсон чинь горойж үхлээ юү монголчууд аа DNN.mn

Ирэх оны улсын төсвийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж байна. Жил болгоны төсвийн хэлэлцүүлгээр Их хурлын гишүүд тал бүрийн санал, шүүмжлэлийг гаргадаг. Ингэхдээ улсын төсвийн зарцуулалттай холбоотой зарим заалтаас болж гишүүд, сайд нарын дунд ширүүн маргаан өрнөх нь ч бий.

Тэгвэл энэ удаа хүүхдэд мөнгө өгөх заалт төсөвт өргөн баригдсан цагаас өдийг болтол нийгмийн дунд “бүүм” болж байна. Тэр заалт нь Соёлын сайдын багцад багтсан хүүхдүүдэд үнэгүй үзвэр үзүүлэх асуудал юм. Үүнд зориулж ирэх оны төсвийн төсөл дээр 18.3 тэрбум төгрөг тавих саналыг Соёлын яамнаас оруулж ирсэнд зарим УИХ-ын гишүүд хатуу эсэргүүцэж байгаа. Гишүүд ч гэлтгүй бичдэг, лайвддаг хүн бүхэн Ч.Номин сайдын дээрх төслийг эсэргүүцэж, орилолдож байна. УИХ-ын гишүүд нь эсэргүүцлээ чуулганы хуралдаанд ил хэлж байгаа бол нөгөө талдаа Ч.Номинг сайдын суудлаас нь унагаах сонирхолтой улс төр явагдаж л байна. Яаж зүгээр байх вэ, тийм улс төр явалгүй яахав. Баян айлын охин дур зоргоороо төсөв оруулж ирж, хувьдаа идэж уух гэж байна . Хүүхдүүдэд 18 тэрбум төгрөг төсөвлөж байхаар утаагаа алга болгоход зарцуул ч гэх шиг. Хэрэв хүүхдэд 18 тэрбум төгрөг төсөвлөчихвөл Монгол Улсын эдийн засаг элгээрээ мөлхөнө ч гэх шиг. Ер нь бол Ч.Номин баян айлын охин байна уу, эсвэл сайдын суудлаас нь унагаах улс төр явагдаж байна уу, энэ бол тийм чухал асуудал биш. Ийм сайхан суудалд горилогсод байлгүй яав гэж. Гол асуудал нь яагаад хүүхдэд хэдэн төгрөг өгөх болсны төлөө хэл амаа билүүдэн, уг асуудлыг жадлан эсэргүүцэгчид анхны 126 гишүүнтэй парламентад ийм олон байна вэ.

Яагаад бид хүүхдүүддээ үнэгүй кино, жүжиг, үзвэр үйлчилгээ үзүүлж болдоггүй юм. Арван жилдээ анги хамт олноороо үнэгүй жүжиг, кино, музей үзээд явж байхдаа хараагүйгээ харж, мэдээгүйгээ мэдэж, нэг өдрийг ч гэсэн найзуудтайгаа өнгөрүүлдэг байсан сайхан дурсамж тод санагдлаа. Баян айлын хүүхдүүд ч яах вэ, сонирхсоноо үзээд, хүссэнээ аваад явчихдаг. Харин хоногийн хоолноосоо илүү гардаггүй айл, өрхүүд Монголд баячуудаасаа ямартаа ч олон л байгаа. Тэр олон айлуудын хэдэн мянган хүүхэд эцэг, эхээсээ мөнгө шалгаахгүйгээр найз нөхдөөрөө кино, жүжиг үзэх эрх байхгүй гэж үү. Амтай хэлтэй болгон яагаад энэ асуудлыг, энэ төсвийг онцлон эсэргүүцэж, шүүмжлээд байгаа юм бэ. Хүүхэд бол бидний ирээдүй гээд л хүн болгон хэлдэг биш бил үү.

Хамгийн хоржоонтой нь үүнээс илүү том мөнгөнд ус балгачихсан юм шиг чив чимээгүй байх нь зэвүүн. Хулчгар монголчууд хүүхэд ямар зодож чадах биш гээд ингээд байдаг юм уу хаашаа юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2025 оны төсөв дээр 18 тэрбум битгий хэл хэдэн зуун тэрбумын төсөл, арга хэмжээ байна. Бүр үр ашиг нь хэзээ эргэж мэдрэгдэх нь мэдэгдэхгүй өндөр өртөгтэй төсөл ч байгаа юм. Тухайлбал, малчдын зээлийн эргэн төлөлтөд 50 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэ нь бүр ажил хэрэг болчихсон яваа. Зээл гэдэг бол авсан нь төлдөг болохоос биш төлж чадахгүй бол төр төлнө гэсэн ойлголт огт байх ёсгүй. Тэгээд энэ хүүхдийн 18 тэрбум төгрөгөөс илүү аюулгүй, бага мөнгө зүгээр гэсэн үг үү, ганц амьтан ч ган гэхгүй байхыг бодоход. Мөн бусдаар гүйцэтгүүлсэн ажлын үйлчилгээний төлбөр хөлс 1.9 их наяд төгрөг болсон нь өмнөх оныхоос 2.5 дахин нэмэгдсэн. Хамгийн ноцтой нь энэний ард ямар ажил үйлчилгээ явах нь тодорхойгүй. Бараа ажил үйлчилгээний зардал 450 тэрбум байснаа 690 тэрбум болж нэмэгдсэн. 2023 оны төсөвт хийсэн аудитын шалгалтаар 74 тэрбум төгрөгийн илүүдэл бараа материал авсан. Энэ нь ашиглалтгүй, хугацаа нь дууссан бараа гэхэд 2023 онд 71 тэрбум байсан атал 960 тэрбум буюу бараг нэг их наяд төгрөг болсон байна.

Одоо хэлэлцэж байгаа төсөв дээр энэ мэт хэдэн тэрбум, хэдэн их наядаар орж ирсэн төсөвтэй төсөл, арга хэмжээнүүд олон байхад дуугарч чадахгүй мөртлөө очиж, очиж хүүхдэд өгөх 18 тэрбум төгрөг дээр эвэртэй туулай үзсэн юм шиг эсэргүүцээд байгаа нь зөөлөн хэлэхэд гайхмаар. Хатуухан хэлбэл, хэний зараалаар хэн рүү үсчээд байгаа юм, хэдэн бор хүүхдэд тавьсан мөнгө л чамд харагдаад байна уу, тэр дарга сайдууд хувааж идэх их мөнгө бол харагдахгүй байна уу гэж асуумаар. Энэ оны төсөв битгий хэл өнгөрсөн жилийн төсөв дээр үхэрийг ээмэгжүүлэх ажилд 13 тэрбум төгрөгийг төсөвлөж орж ирж байсан. Үүн дээр хэн ч юу ч дуугараагүй. Гэтэл улс орны ирээдүй болсон үр хүүхдэдээ бид арай л хатуурхаж байгаа юм биш үү, гишүүд ээ.

Монгол Улсыг нэг айл өрх гэж жишээ авч ярьдаг хүмүүс олон. Тэгвэл тэр айл үр хүүхдийнхээ соёлын боловсролд анхаарч жүжиг, кино, янз бүрийн үзвэр үйлчилгээг нэг удаа ч гэсэн үзүүлье л гэж байгаа юм биш үү. Ахмадууд нь тэтгэврийн зээлээ тэглүүлчихдэг. Малчид нь үнэгүй өвс авчихдаг. Гэтэл залуучууд, хүүхдүүд рүү чиглэсэн бодит хөрөнгө оруулалт яг юу байна вэ. Ирээдүй хойч үеийнхээ хүмүүжил, ёс суртахуунд нь ямар хөрөнгө оруулалт хийж байгаа билээ. Энд тэнд сонгуулиар боссон хөгжлийн нэртэй хоосон байшингууд л байгаа нь үнэн. Яг бодитой хийгдэж байгаа ажил, тэр дундаа оюун санаа, зөв хүн болж төлөвших, нийгэмшихтэй холбоотойгоор ямар ажил хийсэн юм бэ. Ямааны нэг кг ноолуур тутамд төрөөс 20 мянган төгрөгийн урамшуулал олгож байсан. Нийт дүнгээрээ хэдэн зуун тэрбум төгрөгийн бодит дэмжлэгийг малчдад өгсөн. Ямааны ноолууранд 20 мянга, үхрэнд 13 тэрбумыг зарцуулахад хэн ч юу ч дуугараагүй атлаа хүүхдүүдэд мөнгө өгөх гэсэн чинь юу вэ. Бүр үхэх нь ээ.

Эсэргүүцэж байгаа гишүүдийн, дарга нарын, зарим нэг мөнгөтэй лайвчдын хүүхдүүд хүссэнээрээ дуртайгаа үзээд явдаг байх. Гэтэл бусад нь та нарын хүүхдүүдтэй адилхан өмсөх битгий хэл идэх хоол, амьдрах орчин нь тэс өөр гэдгийг санах хэрэгтэй. Мөнгөн дүн хэд байх нь хамаагүй. Гагцхүү өөрт нь ашиггүй төсөл, арга хэмжээ ороод ирвэл дуугардаг, өөрт нь ашигтай байвал мөнгөн дүн нь хэдэн их наяд төгрөг байсан ч чимээгүй суудаг ийм бэртэгчин зангаасаа улстөрчид, тэднийг даган намирч заасан зүг рүү нь урдаг нохой шиг дайрдаг лайвчин сошиалчид одоо болимоор юм. Ядаж та нар ирээдүйгээ бодох хэрэгтэй. Хүн болох багаасаа гэдэг. Нийгмийг соёлжуулъя, зөв төлөвшсөн иргэдтэй болъё гэж бодож байгаа бол өнөөдөр бид хүүхдүүддээ илүү цаг гаргаж, илүү анхаарах хэрэгтэй. Юу үзүүлбэл, юугаар үлгэрлэвэл өнөөдрийн хүүхдүүд ирээдүйд зөв хүн болох вэ гэдгийг бодох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр сонгууль өнгөрөөд удаагүй байна. Сонгуулиар ялсан нам, улстөрчид ард түмэндээ амласан амлалтаа, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэж байна. Зөвхөн төсвөөр хүүхдүүдэд мөнгө өгнө гэж ярьсан асуудал биш шүү дээ.

Сонгуулиар ч үүнийгээ ярьж л явсан. Тэр үед нь дуугараад наадах чинь буруу, дэмжихгүй шүү гээд саналаа өгөхгүй байх нь яасан юм. Дэмжээд саналаа өгөөд гаргаж ирчихээд, ажлаа хийе гэхээр хийлгүүлэхгүй эсэргүүцээд байгаагаас ганц л зүйл тодорхой харагдаж байгаа юм. Энэ бол зүгээр л хоосон улстөржилт. Улстөржилт хийж байгаад төсөл, арга хэмжээнээс нь өөртөө ашиг хүртэх гэсэн увайгүй үйлдэл гэж ойлгогдож байна. Энэ улстөржилт нь гишүүд сошиалчдын горьдож байгаа шиг яваад засаг унагалаа ч гэсэн нэг ээлжийг нь л хоолонд оруулж байгаа болохоос нам хүчнийг нь солиод шинээр засаг бүрдүүлэх гэж буй хэлбэр огт биш. Ард түмэнд өнчин ишигний ч ашиггүй, харин ч гарзтай асуудал. Тиймээс юуг эсэргүүцэх вэ, юунд дуугарах вэ, алийг нь дэмжих вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй, гишүүд ээ. Та нарын дэмжиж байгаа, дэмжихгүй байгаа төсөл, заалт бүрийн чинь цаад санаа зорилго ард түмний нүдэн дээр ил байдаг юм шүү дээ…

Э.МӨНХТҮВШИН

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *