Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

УИХ-ын гишүүн С.Замира: Эмэгтэйчүүдэд мэдлэг, боловсрол, туршлага дутаагүй, биднийг бүх шатанд хүлээн зөвшөөрдөг хандлага л нийтэд тогтоогүй байна DNN.mn

Иргэний зориг, ногоон намын жагсаалтын дөрвөөр парламентад сонгогдсон, анхны казах эмэгтэй УИХ-ын гишүүн С.Замираатай ярилцлаа.


-Ардчиллаас хойш анх удаагаа казах эмэгтэй хүн төрийн эрх барих дээд байгууллагад орж ирлээ. Өмнө нь ер нь шийдвэр гаргах түвшинд үндэсний цөөнх болсон казах эмэгтэйчүүд орж ажиллаж байсан түүх байдаг болов уу. Таны хувьд энэ Их хуралд орж ирсэндээ сэтгэгдэл ямар байна вэ?

-Юуны өмнө Иргэний зориг, ногоон намыг дэмжиж, бидний төлөө саналаа өгсөн монголчууддаа чин сэтгэлээсээ талархаж байна. Мэдээж үндэсний цөөнх, тэр дундаа эмэгтэйчүүдийнхээ төлөөлөл болж орж ирсэндээ сэтгэгдэл маш өндөр байгаа. Манай казах түмнээс хуучин нийгмийн үед буюу Хорлоогийн Чойбалсан гуайн үед төрийн эрх барих байгууллагад ажиллаж байсан нэг эмэгтэй бий. Энэ хүн яаж яваад Улсын бага хурлын гишүүн болсон нь их сонин түүхтэй. Тэртээ 1950-иад оны үед Хорлоогийн Чойбалсан гуай манай аймагт албан ажлаар очсон юм билээ. Энэ үеэр Х.Чойбалсан гуай казах эмэгтэйчүүдийн нямбай, хөдөлмөрч, соёлтой байдлыг магтаж, цаашлаад казах түмний соёлыг орон даяар таниулахын тулд төрийн эрх барих байгууллагад төлөөлөл оруулах ёстой гэж үзсэн юм билээ. Энэ дагуу тэрбээр Баян-Өлгий аймагт ажиллаж байхдаа нутгийн зон олонтой уулзах үеэр “Та бүхэн Апселен Жамила хэмээх энэ эмэгтэйг сонгоод төрдөө гаргаарай” гэж захисан байдаг. Ингээд казах түмнээс анх Жамила хэмээх эмэгтэй Улсын бага хурлын гишүүн болж байсан түүхтэй. Тэр үеийн Х.Чойбалсан гуай Апселен Жамилатай авахуулсан зураг байдаг. Түүнээс хойш, энэ ардчилсан нийгэм байгуулагдсанаас ч хойш өдий болтол нэг ч эмэгтэй гарч ирж байгаагүй. Дандаа л эрчүүд сонгогдон гарч ирдэг байсан. Миний бие ардчиллаас хойших анхны эмэгтэй УИХ-ын гишүүн болж байна.

-Анхны их хурлын эмэгтэй гишүүн болсноороо мэдээж дараа дараагийн казах эмэгтэйчүүдийн төлөөлөл орж ирэх замыг та нээлээ гэж харж байгаа. Нөгөөтэйгүүр таны хувьд өмнө УИХ-ын сонгуульд хэд хэдэн удаа өрсөлдөж байсан түүхтэй юм билээ. Энэ талаараа ярихгүй юу?

-Миний хувьд 1996 болон 2004 онд Очирбатын Дашбалбар агсны Монголын уламжлалын нэгдсэн намын нэр дээр УИХ-ын сонгуульд дэвшиж байсан. Тухайн үед бол монголчууд Хувьсгалт нам, Ардчилсан нам гэж мэдэхээс бусад улс төрийн намуудыг төдийлөн сайн таньдаггүй байсан үе. УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа учраас намаа олон нийтэд танилцуулах гол зорилготой л сонгуульд оролцож явлаа. Таны хэлдгээр казах эмэгтэйчүүд маань улс төрийн манлайлал үзүүлж, шийдвэр гаргах түвшинд орж ажиллах боломж бүрэн байна. Юутай ч миний хувьд анхны замыг нь татлаа. Араас минь олон мундаг казах эмэгтэйчүүд улс төрийн манлайлал үзүүлэн орж ирнэ гэдэгт итгэлтэй байна. Анхны казах эмэгтэй УИХ-ын гишүүн гэдэг утгаараа өөрөө том үлгэр дуурайл болж, төр, түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх болно гэдгээ хэлмээр байна.

 

-Хамгийн сүүлд та 2004 онд нэр дэвшиж байсан гэхээр нэлээд хугацааны дараа дахин нэр дэвшсэн байна шүү дээ. Ер нь энэ сонгуулийн өмнө ямар байдлаар ИЗНН-ын жагсаалтад бичигдэх болсон юм бэ. Танд мэдээж санал тавьсан болов уу. Ер нь яагаад сонгуульд оролцох болов?

-Юуны өмнө ардчилсан тогтолцоонд шилжээд 34 жил өнгөрлөө. Энэ хугацаанд ер нь яагаад казах эмэгтэй УИХ-д ард түмний төлөөлөл болоод гарч ирэхгүй байгаа юм бэ гэдгийг улс төрийн намууд, тэр дундаа ИЗНН анхаарч харсан байгаа юм. Нөгөөтэйгүүр УИХ-ын сонгууль болгоноор манайхаас гурван эрэгтэй хүн гар гараасаа хөтлөлцөөд л парламентад очдог. Жендерийн хувьд ийм жишиг тогтчихсон байсан гэсэн үг. Тиймээс яагаад эмэгтэйчүүд УИХ-д орж ирэхгүй байна, орж ирэх замд нь яг юу саад болоод байна вэ, мэдлэг, боловсрол, улс төрийн оролцоо дутагдаад байна уу гэдэг судалгааг сонгуулийн өмнө казах түмний дунд явуулсан юм билээ. Ингэхэд ерөөсөө мэдлэг, боловсрол дутсан юм байхгүй. Гарч ирэх боломж бололцоо нь нээлттэй байсан. Тиймээс ИЗНН-ын хувьд анх надад санал тавьсан. Таныг бид манай намын жагсаалтад орж, сонгуульд нэр дэвшээсэй гэж хүсч байна гэсэн.

-Санал тавьсны үндсэн дээр сонгуульд оролцох шийдвэрээ та хувьдаа гаргасан байна, тийм үү…?

-Яг санал тавихад нь бас шууд хүлээж аваагүй л дээ. Учир нь манай том охин маань Ардчилсан намын гишүүн. Бүр АН-ын хэрэг эрхлэх газарт нь мөн адил анхны казах эмэгтэй болж ажиллаж байсан. Ингээд хүүхэд төрүүлээд улмаар аймгийн АН-ын даргын алба хашсан. УИХ дахь АН-ын бүлэгт ч ажилласан. Том охин маань улс төрийн идэвхтэй ингэж явж байсан болохоор манай нөхөр “Хоёулаа энэ сонгуулиар охиноо дэмжье. Охин маань сонгуульд оролцохоор болчихвол миний хань улс төр лүү ороод яах билээ” гэж бид хоорондоо ярилцсан л даа. Үнэхээр ч охин маань залуу хүн, мэдлэгтэй хүн. Иймэрхүү маягтай сонгуулийн өмнө байж байсан. Гэтэл охин маань намаасаа дэмжлэг авч чадаагүй. Мэдлэг, боловсрол дутсандаа биш л дээ. Эмэгтэй хүн гэдэг талаасаа бас бус зүйл явсан байх гэж боддог. Ингээд охин маань надад хэлсэн “Би нэгэнт намаасаа явах боломжгүй болсон учраас та ИЗНН-ын саналыг хүлээж аваад өөрийнхөө бодлого, үзэл санаагаа олон түмэндээ хүргээд явбал зүгээр биш үү” гэж. Ингээд л ИЗНН-ын квотод орсон.

-ИЗНН-ыг дэмжсэн иргэд энэ сонгуулиар их байсан. Тиймдээ ч парламентад дөрвөн суудал авлаа. Цаашдаа ч улс төрийн томоохон амжилтуудыг үзүүлж явах нам гэж судлаачид харж байгаа. Яг энэ сонгуулиар барьсан гол бодлого юу байв?

-ИЗНН-ын хувьд ард түмэнд нэг зүйлээрээ маш их таалагдсан гэж боддог. Тэр нь цэвэр нэр төр. Үнэхээр улс төрийн янз бүрийн хир толбо байхгүй, нэр төр нь сэвтээгүй ийм улс төрийн хүчин байсан учраас иргэдийн хувьд ИЗНН-ыг илүүтэй дэмжсэн болов уу гэж бодож байна. Цаашдаа ч илүү дэмжинэ. Сонгуулийн өмнө намын дарга Б.Батбаатар маань маш богино хугацаанд намаа бэхжүүлж, бодлого, мөрийн хөтөлбөрөө тодорхойлж явсан. Бидэнд бол маш богино хугацаа байлаа шүү дээ. Өнөөгийн улс төрд квот худалдаж авах битгий хэл намыг мөнгөөр авах тохиолдол цөөнгүй бий. Манай нам харин квотоо мөнгөөр худалдаагүй. Яг цэвэр мэдлэг боловсрол, судалгаа, иргэдийн санал хүсэлтийн дагуу л нэр дэвшигчдээ тодруулсан. Ямар нэгэн бохир улс төрөөс ИЗНН түүхэндээ хол явсан. Тиймээс л нэр төр нь цэвэр, улс төрийн хэр толбо тогтоогүй нам учраас иргэд таатай хүлээн авлаа.

-Таны хувьд УИХ-ын гишүүн боллоо. Цаашдаа ямар бодлого барьж ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?

-Хаана ч тэр иргэд маань амьжиргаагаа болгочих гээд нэг бизнес эхлүүлье гэхээр хаадаг, янз бүрийн зөвшөөрөл шаарддаг. Бөөн асуудал болж бизнес нь эхлээд хөл дээрээ босоогүй байтал татвараар дарамталдаг. Ийм нөхцөл байдалд яаж хувийн хэвшил хөгжих билээ дээ. Яаж иргэдийн амьдрал дээшлэх билээ. Монголд хүн хүссэнээрээ хөдөлмөр эрхлээд амьжиргаагаа сайжруулах боломж хаалттай байгаа учраас л нийгэмд хоёрхон давхарга бий болсон гэж боддог. Нэг талдаа баян, эсвэл ядуу. Дундаж давхарга гэдэг зүйл бараг байхгүй болж. Ерөөсөө л хүнийг сайхан амьдрах тэр боломж, бололцоо, орчныг нь л төр бүрдүүлэх үндсэн үүрэгтэй шүү дээ. Тэгэхээр сүүлийн гуч гаруй жил Монголын төр энэхүү үүргээ хангалттай сайн биелүүлж ирсэнгүй гэж үзэж байна. Үүний тод илрэл нь ард түмэн өнөөдөр ядуу амьдарч байна, тийм үү. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхийн төлөө л миний бодлого, үйл ажиллагаа, зарчим чиглэнэ. Ингэхдээ өнөөгийн эрх баригч нам эсвэл төр, засгийн үйл ажиллагаа, шийдвэрийг жадлан эсэргүүцээд, шүүмжлээд байхгүй. Болж байгааг нь дэмжээд, болохгүйд нь хэлэх үгээ хэнээс айхгүйгээр хэлээд явна. Миний хувьд асуудлыг шийдэхийн төлөө л аль болох эвсэж ажиллана. Бие биетэйгээ сөргөлдөх биш бодлогын мэтгэлцээн өрнүүлж төрийн ажлыг явуулах ёстой. Хууль ч тэр, төрийн бодлого ч тэр сөргөлдөх бус эвсэж л гарах учиртай.

-Улсын хүн амын 3.9 хувийг казах түмэн эзэлж байгаа. Үүн дотор эмэгтэйчүүдийн эзлэх хувь ямар байдаг вэ?

-Нийт казахчуудын 50 гаруй хувь нь эмэгтэйчүүд шүү. Ер нь эрчүүдээсээ арай ахиухан байдаг.

-Эмэгтэйчүүд нь их байдаг гэлээ. Тэгвэл энэ олон эмэгтэйчүүдээс өнөөг хүртэл яагаад шийдвэр гаргах түвшинд гарч ирж чадахгүй байв. Үүний шалтгааныг та юу гэж харж байна вэ?

-Нэг талдаа мөнгөний нам гэж байна, тийм үү. Намд хэн илүү мөнгө төлнө тэр нь дээшээ явдаг ийм сонин тогтолцоо руу улс төрийн намууд маань орчихсон байна. Харин тэрхүү мөнгийг хэн гаргаж ирээд байна гэхээр ихэнхдээ эрчүүд. Эмэгтэйчүүдийн хувьд мөнгө төлөөд улс төрд явах боломж тэр болгон байхгүй. Тэд хэчнээн бизнес хийгээд мөнгөтэй болсон ч гэсэн улс төр лүү гэхээс илүү гэр бүл рүүгээ чиглүүлдэг. Бүр шулуухан хэлэхэд, эмэгтэйчүүд маань хулгай ч хийхгүй. Нөгөө талдаа улс төрийн намд ч бай, хаана ч эрчүүд илүү давамгай эрх эдэлж ирсэн. Тухайлбал, орон нутагт эмэгтэй намын дарга байна гэж сонсож байсан уу. Саяхан л Ховд аймгийн Засаг даргаар анхны эмэгтэй томилогдлоо. Өөрөөр намын дарга, аймгийн Засаг дарга болсон эмэгтэй байгаа юу. Ганц нэг сумын Засаг дарга л эмэгтэй байгаа. Миний хувьд Ховдын Засаг дарга байсан Э.Болормааг аль ч нам нь хамаагүй эмэгтэй хүн гараад ирлээ гэдэг утгаараа тухайн үед маш их дэмжиж, сэтгэгдлээ бичиж байсан хүн. Тэгэхээр яагаад өнөөг хүртэл эмэгтэйчүүдийн улс төр дэх, тэр дундаа шийдвэр гаргах түвшин дэх оролцоо бага байж ирэв гэхээр монголчууд маань эмэгтэй хүнийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөх хандлага төдийлөн сайн тогтоогүйд байгаа юм болов уу гэж боддог. Энэ асуудал зөвхөн манай аймагт ч биш шүү дээ. Монгол Улс даяараа л ийм хандлагатай байгаа нь надад харагддаг. Тэгэхээр юуны өмнө эмэгтэйчүүдээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. Энэ хандлагад суралцах, дэлгэрүүлэх шаардлага байна гэж үзэж байгаа. Эмэгтэйчүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас нөгөө талдаа бид угаасаа дэвшээд эрчүүд маань гаргахгүй шүү дээ гэдэг буруу ойлголт төлөвшчихсөн өдийг хүрлээ л дээ. Тэгэхээр аль аль талдаа буруу зөрүү ойлголт, хандлага, төлөвшлөө өөрчлөх цаг үе ирсэн. Эхнээсээ өөрчлөгдөөд явж байна. Илүү сайн өөрчлөгдөх хэрэгтэй юм болов уу.

-Таны хувьд эдийн засагч мэргэжилтэй хүн. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг юу гэж бодож явдаг вэ?

-Монгол Улсын гол хэрэглээ, гол эдийн засгийн суурь нөөц бол мал аж ахуй. Миний хувьд 1994 онд арьс, ширний үйлдвэртэй байлаа. Арьс ширээрээ гутал, савхи үйлдвэрлээд нэлээд сайн ажиллаж байсан. Тэр үед хонины нэхий долоон мянган төгрөгт хүрсэн гээд бод доо. Адуу, үхрийн шир 12-15 мянган төгрөгт хүрч байсан. Өнөөгийн мөнгөний ханшийг бодоход тухайн үед нэлээд үнэтэй байсан байгаа биз. Гэтэл өнөөдөр арьс, шир, малын гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүн үнэд хүрч байгаа билүү. Бараг бүгд хог дээр хаягдаж байна. Арьс, шир, малын гаралтай бүтээгдэхүүн гэдэг бол алтнаас үнэтэй зүйл байхгүй юу. Хамгийн чухал нь энэхүү түүхий эдээ мал өөрөө бий болгож байна. Бий болгохын тулд хүнээс ямар ч хүч, хөрөнгө зарцуулагдахгүй, зардал гарахгүй гэсэн үг. Тэгэхээр түүхий эдийн ийм баялаг нөөцтэй салбараасаа эцсийн бүтээгдэхүүн гаргаад экспортлох юм бол маш их мөнгө Монгол Улс руу ороод ирнэ. Энэ боломжоо бид ашиглах шаардлагатай байна.

-Анхны 126 гишүүнтэй парламент байгуулагдаж, даргаа томилчихсон. Одоо Засгийн газраа байгуулах гэж тал бүрийн улс төр явагдаж байна. УИХ-ын гишүүнийхээ хувьд Засгийн газар ямар байдлаар байгуулагдах ёстой гэж үзэж байгаа вэ?

-АН, МАН, ХҮН хамтраад Засаг байгуулах гэж байна гэсэн бусадтай адилхан мэдээлэлтэй байгаа. Миний хувьд юу гэж харж байна вэ гэхээр МАНАН яаж үүсч байлаа гэдгийг ард түмэн санаж байгаа. МАНАН бүлэглэл ерөөсөө хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас болж л үүссэн. Тиймээс энэ чиглэл рүү асуудлыг аваачиж огт болохгүй. Үнэхээр цэвэр Монгол Улсынхаа төлөө, ард түмний төлөө зүтгэе, ажиллая гэсэн сэтгэл байвал МАН-ын хувьд хамтарсан ч хамтраагүй ч хийнэ. Тэгэхээр хамтрах эсэхийг миний хувьд мэдэхгүй ч хамтарлаа гээд гарах үр дүн юу байхав гэдгийг цаг хугацаа харуулна биз. Хамтарсан Засгийн газар байгуулагдлаа гэхэд хоёр дахь МАНАН үүсэх үү, эсвэл үнэхээр том төслүүдээ хэрэгжүүлээд улс орныхоо төлөө ажиллаад явах уу гэдгээ л сайн бодох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр манай улсад тогтолцооны нэг том гажиг үүссэн байна гэж би харж байгаа. Миний хувьд тэртээ 1990 онд Монгол Улс ардчилсан тогтолцоотой, эрх зүйт төртэй, чөлөөт зах зээлийн нийгэм байгуулахаар хувьсгал хийсэн гэж боддог. Гэтэл өнөөдөр буюу гуч гаруй жилийн дараа энэхүү хувьсгалын маань үзэл санаа, чиг баримжаа нь алдагдаад учир нь олдохгүй тогтолцоо руу орчихсон байна. Өөрөөр хэлбэл, бид өнөөдөр ардчилсан нийгэм гэж ярьсан атлаа капиталжсан нийгэм рүү орчихсон явж байна. Ардчилсан нийгэм гэдэг бол хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хүнлэг, энэрэнгүй нийгэм биз дээ. Гэтэл нэг талдаа баяждаг нөгөө талдаа ядуурдаг, өвчин зовлонтой, амьдрах битгий хэл амьсгал авахад хүндхэн нийгэм болсон байна. Тэгэхээр энэ тогтолцооны гажигаа бид засах хэрэгтэй. Засахын тулд хүнлэг, энэрэнгүй ёс суртахууныг түгээн дэлгэрүүлэх шаардлагатай байна. Үүнийг дагаад шударга ёс, тэгш боломж нийгэмд бүрдээд ирнэ. Эхлээд бид хүнлэг, энэрэнгүй байх хэрэгтэй байна гэсэн үг. Ийм сэтгэл, ийм ёс суртахуунтай болчихвол улстөрчид ч тэр, ер нь хүн бүр нэгнээ хайрладаг болно. Нэгнээ хүндэтгэдэг болно. Нийгэм өөрөө хүнлэг, энэрэнгүй болчихвол шударга ёс тогтоно, боломж хүн бүрд тэгш олгогдоно. Авлига алга болно.

-Тэгэхээр хамгийн чухал нь хүнлэг, энэрэнгүй нийгмийг бүрдүүлэх болж байна, тийм үү?

-Яг тийм. Дараагийн нэг зүйл бол бид чөлөөт зах зээлтэй нийгэм байгуулчихсан гэж бодсон чинь одоо юу болсон байна вэ. Монгол Улсад амьдарч байгаа хүн бүр, өрх бүр чөлөөтэй бизнес хийгээд амь амьжиргаагаа дээшлүүлэх боломжтой байна уу. Харамсалтай нь тийм боломж нөхцөл буюу орчин нь одоогоор бүрэлдээгүй байна. Тэгэхээр энэ парламентын хийх ёстой гол ажил бол хүн бүр, өрх бүр бизнес хийх боломж, орчинг нь бүрдүүлж өгөхөд чиглэсэн эрх зүйн өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй гэсэн үг. Миний хувьд хууль тогтоогчийнхоо үүргийг энэ чиглэлд барьж ажиллана. Магадгүй миний дээрх хэлсэн бүхэн буруу байж мэднэ. Би өөрийгөө зуун хувь зөв ярьж байна гэж тулгахгүй. Энэ бол цэвэр миний хувь хүний бодол шүү. Засгийн газрын тухайд өнөөдөр Монгол Улсад ийм олон яам, сайд, дарга огт хэрэггүй байх гэж боддог. Нэг яам шинээр нэмж байгуулж байхаар түүгээрээ нэг том эмнэлэг барь л даа. Эрүүл мэндийн салбар үнэхээр доошоо орсон нь үнэн. Эмчилгээ нэхсэн өвчтэй хүмүүс боломжтой нь гадаад руу гарч эмчлүүлэхийг зорьж байна. Боломжгүй нь өвчинтэйгөө тэмцээд өнөө маргаашийг өнгөрүүлсээр байна. Гэтэл албан тушаал, эрх мэдлийн төлөө асар их хөрөнгөөр яам, сайд нэмж төрийг улам томруулах шаардлага байхгүй болов уу гэж боддог. Ядаж бид Монгол Улсдаа хэдэн мянган хүнд нэгэн зэрэг үйлчлэх орчин үеийн технологи, тоног төхөөрөмжтэй том эмнэлэг барьж болохгүй гэж. Өөрсдөө барьж чадахгүй бол чаддаг улсынх нь эмнэлгийг оруулаад ирж болно. Ядаж л гадагшаа чиглэх валютын урсгал дотооддоо эргэлдэнэ шүү дээ. Тэгэхээр иймэрхүү шийдвэр, зарчим дээрээ бид анхааралтай тогтох хэрэгтэй. Бодох хэрэгтэй. Сэтгэл гаргах хэрэгтэй байна.

Э.МӨНХТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *