Он гарсаар Монгол Улс дахь сошиал медиа хэрэглэгчдийн тоо 2.5 саяд хүрч, өмнөх оныхоос 200 мянгаар буюу 8.7 хувиар өссөн гэж Datareportal.com цахим хуудас мэдээлжээ. Товчхондоо хүн амын 84 орчим хувь нь интернэт, сошиал хэрэглээний хараат байдалд байна гэсэн тооцоолол байна. Энэ хэрээр манайд тогтож буй нэг хандлага бол сошиалаар ажлаа хийдэг, тэнд гарсан асуудлыг хөөдөг, шийдсэн бол ард түмнээс оноо авдаг улстөрчид, УИХ-ын гишүүд бий болсон. Бараг төр засаг нийтээрээ гэхэд ч болно доо. Олон нийтийн сүлжээнд нэг асуудал дэгдлээ, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаасаа эхлээд л хөдлөөд эхэлдэг болчихсон. Сонгодог жишээ гэмээр ч юм уу, ковидын үед дөнгөж нярайлсан ээж углааштай эмнэлгээс гарч буй бичлэг сошиалаар түгж, тухайн үеийн Ерөнхий сайд ажлаа өгч байв шүү дээ. Гэхдээ энэ зүгээр Ерөнхийлөгч болох гэсэн жүжиг байсан нь харамсалтай. Тэр үед бүгд л үнэмшээд түрхлэлдээд Ерөнхийлөгч болгож байсан нь үнэн.
Ингээд харахаар манай улстөрчид, УИХ-ын гишүүд ямар вэ гэдгийг монголчууд сайн мэднэ. Мэдээж дунд нь цөөн хэдэн чадварлаг улстөрч бий. Гэхдээ манай УИХ-ын гишүүд дунд өдөр тутмын сонин хэвлэл тогтмол захиалдаг, уншдаг, түүнээсээ сэдэл санаа болгож ярьдаг хүн байдаггүй. Бараг зарим нь сонин гэж юу байдаг тухай гадарладаг ч үгүй. Үүнийг сониныхон бид мэдэлгүй яах вэ. “Сошиал байхад сониноор яах вэ” гэж гэдийж суугаа улстөрч ч өнгөрсөн парламентад байсан.
Монголын улстөрчид ажлаа сошиалаар хийчихдэг болсон. Цахимаар юу шуугихыг анаж суудаг. Асуудал дэгдлээ, шүүрч аваад попордог. Гэвч нарийндаа хэзээ ч нийгмийн, ард түмний амьдралд хэрэгтэй зөв шийдэл байдаггүй.
Харин зөв шийдлийн жинхэнэ эх сурвалж бол өдөр тутмын сонин буюу тогтмол хэвлэл байдаг. Энд мэдээний хурд биш, сэдэв санаа, асуудал, нийгмийн ухамсрын эх сурвалж яригддаг. Үүнийг мэддэг нь маш цөөхөн. Нийгмийн амьдрал, салбарууд, тогтолцоо, системд юу болж, юу болохгүй байгааг шинжлэх ухаанчаар, мэргэжлийн түвшинд экспертүүд сонинд л шүгэл үлээж ярьж байдаг.
Тэр утгаараа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дундаас хамгийн хүчтэй, нөлөөтэй нь тогтмол хэвлэл тодорсоор ирсэн. Үүнийг дэлхий нийтээрээ, ардчилал хэдэн зуун жилийн өмнөөс хөгжчихсөн, төр засаг улстөрчид нь төлөвшчихсөн улсуудын сэтгүүл зүйн түүх харуулдаг юм.
Монгол Улс шатахууны үйлдвэртэй болъё, өөрсдөө тог цахилгаанаа үйлдвэрлэе гэдэг сэдэв санаачилгыг өдөр тутмын сонин л хөндөж, хөдөлшгүй баримт, тоо судалгаануудаар бөмбөгдөж ирсэн. Үүнийг олж уншсан хүмүүс бид ядуу буурай орон юм байна, ямар ч улс биднийг дээрэлхэх юм байна, юм бодох цаг болсон байна гэж санаа аван шуугьдаг юм. Ингээд арга зам, шийдэл эрэлхийлж ярьж эхэлдэг. Ингэж л тогтмол хэвлэл өдөр тутмын сонин нийгмийг аажимдаа залуурддаг. Сошиал шиг өдөртөө попорч, нэг дарга сэтэртэн нь зөв буруу нь үл мэдэх шийд гаргадаггүйгээрээ сонин ялгаатай. Харин хөндсөн сэдэв, асуудлын үр дүн аажимдаа ёс заншил мэт, хэзээнээсээ ийм байсан мэтээр гардаг юм. Эффект нь хурдан гардаггүй учраас олон нийт сонинг үл тоох нь ч бий. Ялангуяа манай поп улстөрчид үүнийг сайн мэднэ.
Уг нь УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл. Тэд энэ улс үндэстнийг зөв залуурдаж, хөгжүүлэх үүрэг авсан томилолттой хүмүүс. Тиймээс тэд соргог, нийгмийнхээ амьдралыг мэддэг, асуудлыг нь хардаг байх нь наад захын шаардлага. Ийм байхын тулд тэд сэдэв, асуудлыг системээр нь харж хөнддөг тогтмол хэвлэлээ байнга уншиж байх ёстой. Тиймээс УИХ-ын гишүүдийг өдөр тутмын сонин уншуулдаг болгоё. Сонинд бодлогоо яриулж сургая. УИХ-ын гишүүдээр тогтохгүй туслах, ажлын албаных нь хүмүүст ч тогтмол хэвлэлийг уншуулж хэвшүүлье. Нийгмээ, улсаа томоор нь харж зөв дүгнэж, болохгүй асуудлыг шударгаар ярьж шүүмжилж байх нь улстөрч хүний нэг чухал ажил байх ёстой болов уу. Харин манай зарим улстөрчид нийгмээ битгий хэл өөрийнхөө тухай хоёр өгүүлбэр холбоод ярьчихаж чадахгүй ээрч муураад түмний шившиг болдог тохиолдол байдаг. Энэ нь ерөөсөө сонин гарчигладаггүй, хэвлэлүүд ямар асуудал хөндөж байгааг үл тоодог, саарал ордны гадна ямар амьдрал байдгийг мэддэггүй. Сошиал дээр тавигдсан найруулга муутай гурван өгүүлбэрээр ард түмний амьдралыг төсөөлдөг, туслах зөвлөхүүд нь ч тэгээд сургачихсантай холбоотой.
УИХ-ын гишүүд, төр засаг тогтмол хэвлэлийг уншдаг соёлтой байхын гол ач холбогдол бол асуудлын үндсийг ойлгох л байдаг. Нөгөө талаар уламжлалт хэвлэл, тэр дундаа тогтмол хэвлэл нийгмийн амьдралын толь болж, үргэлж сэдэв санаа асуудлыг хөндөж шийдлийг нь улстөрчдөд хэлж байдгаараа онцлог. Барууны хөгжсөн орнуудад яг ийм соёл бий болоод тогтчихсон. ХБНГУ-д гэхэд тогтмол хэвлэл хамгийн хүчтэй. Мэдээллийн технологийн энэ эрин зуунд уламжлалт хэвлэлийн зах зээл хумигдаж байгаа ч хөгжсөн улс орнууд чухал энэ салбараа унагаахгүй дэмжих бодлого барьдаг. Тиймээс Германд улстөрчид нь, бүр иргэд нь өдөр тутмын сониноо байнга захиалдаг. Уншихгүй байсан ч захиалдаг. Энэ нь ард иргэдийнхээ мэдэх эрхийн төлөө, ялангуяа дайны хүнд цаг үед ард түмнийг соён гэгээрүүлж, оюун санааг нь чиглүүлж, хүчин мөхөсдөхөөс сэргийлжбайсан тогтмол хэвлэлээ дэмжих нь нийгмийн хариуцлага гэж ухамсарладаг тухай ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Соёл хэвлэл мэдээллийн байнгын хорооны гишүүн Христиане Шендэрлэйн саяхан манай улсад айлчлахдаа онцлон тэмдэглэж байв. Тогтмол хэвлэл гэдэг ийм л хүчтэй эд.
Тийм ч учраас хөгжиж буй орны хувьд улстөрчид маань сонин уншдаг соёлтой болъё. Энэ нь тэдэнд өөрт нь ч, сэтгүүл зүйн хөгжилд ч, улс орны ирээдүйд ч хэрэгтэй. Сонин, сошиал хоёр тэнгэр газар шиг ялгаатай. Тиймээс Хэмнэлтийн хуулиа хүчингүй болгож, УИХ-ын гишүүдийн сонин хэвлэл захиалах эрхийг нээлттэй болгох хэрэгтэй болчихоод байна.