Categories
мэдээ улс-төр

УИХ-ын даргын хүсэлтээр Тавантолгойн гэрээнд санал, дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгуулахаар боллоо

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тавантолгойн гэрээг хэлэлцэх, эсэхийг шийдэх хуралдаантай байсан боловч хуралдсангүй.

Яагаад хуралдаан болоогүй талаар тус байнгын хорооны дарга Ж.Батсууриас тодруулахад, УИХ-ын дарга З.Энхболд Тавантолгойн гэрээний талаар санал дүгнэлт гаргах, Ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэсэн учир байнгын хорооны хуралдаан санал дүгнэлт гарах хүртэл хойшилсон гэв.

-Ажлын хэсгийг УИХ-ын дарга ямар бүрэлдэхүүнтэйгээр, хэзээ байгуулах вэ?
-Сайн мэдэхгүй байна. УИХ-ын дарга Ажлын хэсэг байгуулна гэдгээ өнөөдөр мэдэгдлээ.

-Ардчилсан нам Тавантолгойн ордын 51 хувийг төр, 49 хувийг хөрөнгө оруулагчид эзэмших нөхцөлөөр гэрээ байгуулахыг дэмжинэ гэж мэдэгдлээ. Энэ талаар Та ямар байр суурьтай байна вэ?
-Гэрээг байгуулах чиглэлээр удаан хугацаагаар ажилласан Ажлын хэсгийнхэн санал дүгнэлтээ маш тодорхой хэлэх байх. Миний хувийн бодол бол гаднын хөрөнгө оруулагчтай хувийн компанид лиценз, ордоо шилжүүлж өгөхгүй зүгээр хөрөнгө оруулалтын гэрээ гэж ойлгож байгаа.

Тийм учраас 51 хувь нь төрийн эзэмшилд, 49 хувь нь хөрөнгө оруулагчдын мэдэлд байна гэсэн асуудал хэлэлцээрийн явцад яригдаагүй болов уу гэж бодож байна. Үүнийг судалж үзэх шаардлагатай.

-МАН-ын бүлгийн хувьд Тавантолгойн гэрээний асуудлаар ямар байр суурьтай байгаа вэ?
-УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан байгаа гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *